Улаан асрын зүүд (74-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (74-р бүлэг)

Улаан асрын зүүд (74-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Далан дөрөвдүгээр бүлэг

ХОВ ЖИВИЙГ ИТГЭН ДА ГУАНЬ ЮАНИЙГ НЭГЖИН ШАЛГАЖ, ХУЯЛЫН СЭЖГЭЭС ЗАЙЛЖ, НИН ГУОФҮГЭЭС УХРАН ГАРАВ

Хүн ирлээ гэх чимээ сонсоод, хэн юм бол гэж гайхахын хамт Пин Эр Ин Чүний үгийг элэглэн хөхрөн байтал Бао Юй орж ирэв. Гал тогооны гэрийн даамал Лю эхнэрийн дүү охин, мөрийтэй тоглосоноор далимдуулж түүнд дургүй зарим хүн дүүтэйгээ хоршиж ашиг олдог гэж заргалдсаныг Фөн Же шийдэх гэж байлаа. Үүнийг сонссон Лю эхнэр ихэд айж, И Хун Юаний хүмүүстэй найрсаг харилцаатайгаа бодоод сэмхэн Чин Вэнь, Фан Гуань нараас гуйж Бао Юйд хэлүүлжээ. Ин Чүний хөхүүл эх бас ийм ялд унасан тул түүнтэй хамт очиж гуйвал, ганцаар очиж Лю эхнэрийн тухай ярьсанаас дээр гэж бодоод Бао Юй энд ирж байгаа ажээ. Гэтэл энд олон хүн байхаас гадна тэд түүнийг харуут л: “Бие чинь зүгээр үү. Ямар хэргээр явж байна вэ” гэж асуусанд Бао Юй:

-Хоёрдугаар эгчийг эргэж ирлээ гээд, хамт явахыг гуйхаа хэлсэнгүй. Цаадуул нь ч иймээ тиймээ гэсэнгүй. Зүгээр л энэхэн тэрхнийг ярьцгааж баахан суув. Пин Эр, “Гөрмөл алтан магнайвчийн” хэргийг шийдэхээр түрүүлж гарав. Араас Юй Жу эхнэр дагаж янз бүрээр гуншиганан:

-Юу боловч та өршөөн нигүүлсэж өгвөл би дараа нь төлж өгнө гэсэнд Пин Эр инээж: 

-Хэдийд гэсэн төлж л таарна. “Гэм нь өмнөө, гэмшил нь хойноо” гэдэгчлэн чи бас аргалж өнгөрөөх санаатай бол би хүнд хэлэхэд эвгүй. Харин чи түүнийг нь авчраад л өгчихгүй юү. Би хүнд хэлэхгүй дээ гэв. Мөнөөх эхнэр сая санаа амарч талархан мөргөөд:

-Охин чи ажилдаа яв даа. Би орой болохоос өмнө авчирч охинд үзүүлээд эзэнд нь хүргэж өгч болно уу гэв. Пин Эр:

-Орой болтол ирэхгүй бол над битгий гомдоорой гээд гэр рүүгээ явав. Түүнийг гэртээ ормогц Фөн Же:

 -Гуравдугаар авхай чамайг юү гэж дуудаав гэсэнд Пин Эр инээж: 

-Гутгаар авхай, найнайг уурлуузай гэж зовоод, намайг ятгаж бай гэж байна. Бас найнай энэ хоёр өдөр юү идэх вэ гэж асуулгаж байна гэсэнд Фөн Же инээж

-Тэр харин намайг санаж байгаа бий. Энд сая бас нэг хэрэг гараад байна. Лю эхнэр дүү охинтойгоо хоршиж тоглоом зохион байгуулдаг гэнэ. Дүүгийн нь хийсэн хэрэг бол цөм түүний өдөөсөн явдал гэж хүн ирж хэллээ. Зарга үүсчээ. Чи над “Гахайн мөр гадуур өнгөрөх нь дээр. Биеэ л гамнаж байвал зохино” гэж зөндөө хэлснийг тоогоогүйгээс Тайтайгийн өмнө нэр нүүрээ бараад зогсолгүй хүнд өвчтэй болжээ. Сая л ухаарлаа. Одоо тэд дураараа аашилцгааг. Юу л болбол болог. Миний хичнээн чармайсан талаар болж харин өчнөөн хүний хэлэн дээр суух болов. Гэртээ суугаад биеэ сувилж байх минь, юунаас ч дээр юм байна. Ямар ч гэсэн өвчнөө эдгээчихээд, инээхдээ инээгээд, баярлахдаа баярлаад, тэдний аяыг дагаад явж байя. Ингэж бодоод тэр заргалдагчийн үгийг сонсуут “мэдлээ” гэж ганц үг хэллээ. Зөв үү гэж асуув. Пин Эр:

-Найнай үнэхээр энэ хэлснээрээ явбал, манай завшаан болно гэв.

Энэ үед Жя Лянь гомдолтой царайтай орж ирээд: “Зүв зүгээр байхад л хэрэг гарчих юмаа” гэснээ бодлогошроод:

-Тэндэхийн Тайтай яахаараа тэр өдөр намайг Юань Янтай хүүтэй зээл авах тухай ярьсныг мэдчихдэг юм бэ. Сая намайг дуудуулж аваачаад хоёр зуун лан мөнгө олоод өгөгтүн. Найман сарын арван таванд хэрэглэнэ гэж байна. Би олоход хэцүү гэж хэлсэнд, Тайтай “Чамд бэлэн байхгүй бол олох газартайдаа. Чи миний амыг таглах санаатай байна уу. Би чамаас дэмий гуйлаа гэж үү? Чамд үнэхээр олох арга байхгүй юү. Чи тэр өдөр мянган лангийн барьцаат зээлийг хэнээс авсан бэ. Лао тайтайгийн юмыг авч гаргах чадалтай мөртөө хоёрхон зуун лан олох хэцүү гэнээ. Яаж би хүнд хэлсэнгүй вэ” гэж байна. Бодоход, Тайтайд мөнгө дутагдаагүй л дээ. Ганцхүү өө эрж, хүнийг гацаахыг нь яанаа гэв. Фөн Же:

-Тэр үед гадны хүн энд байгаагүй. Хэн түүнийг хэлчих вэ гэсэнд Пин Эр “За байз тэр өдөр чинь хэн хэн байлаа” гээд баахан бодлогоширов. Тэгээд:

-Та нарыг тийм юм ярьж байхад Лао тайтайгийн гэрийн тэнэг охины эх угаасан хувцас лав авчирсан. Доор өрөөнд баахан суусан. Тэр том авдар хараад асуухгүй байж чадахгүй. Тэгтэл шивэгчингүүд мэдэмхийрээд юм хэлсэн юм болов уу гэснээ шивэгчдийг дуудав. Охидыг орж ирмэгц Пин Эр: “Тэр тэнэг шивэгчний эхтэй хэн юу ярьсан бэ” гэж асуусанд бүгд айж: “Бид угаас илүү дутуу үгэнд дурладаггүй. Юм асуувал, мэдэхгүйгээс өөр үг хэлдэггүй, юү гэж түүнд юм ярих юм” гэцгээв. Фөн Же учир явдлыг нарийн тунгааж бодоод: “Тэд нар илүү дутуу юм ярьдаггүй юмаа. Тэднийг битгий айлга. Одоо тэр яахав, Тайтайг л аргацааж өнгөрөөхийг бодъё. Дахиж нүүрээ барахгүйг бодъё” гээд Пин Эрийг дуудаж:

-Миний алтан чимгээс авчирч барьцаанд тавиад хоёр зуун лан мөнгө аваад аваачаад өг гэсэнд Жя Лянь:

-Бид бас мөнгөний хэрэгтэй тул нэгмөсөн дөрвөн зуун лан мөнгө авъя… гэв. Фөн Же:

-Хэрэггүй. Надад мөнгө зарах хэрэг байхгүй. Чи ямар зардалтай юм бэ гэж асуув. Пин Эр, тэр дор нь Ван Эрийн эхнэрийг явуулаад мөнгийг Жя Лянь хүргэж өгөхөөр гарсаныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Хэн бидний яриаг гадагш гаргачих вэ гэж Фөн Же, Пин Эр хоёр сэжиглэн бодож, үүнд Юань Ян холбоотой биш байгаа гэхчилэн ярилцаж байтал: “Тайтай ирлээ” гэж хэн нэг нь хэлэв. Фөн Же, ямар явдал болсон юм бол хэмээн гайхсанаа угтаж авахаар яаран гарав. Ван Фүрэний царай хувьсхийн итгэлт инжээ дагуулаад дотор өрөөнд оров. Түүнийг суумагц Фөн Же санд мэнд цай барин инээмсэглэж: “Өнөөдөр Тайтай манайд ирсэнд баяртай байна” гэсэнд Ван Фүрэнь: “Пин Эр гар” гэж чанга хэлэв. Пин Эр яаж байгааг нь мэдээгүй боловч арга буюу шивэгчин охидыг аваад гарав. Фөн Же бас юу болсныг мэдэхгүй мэгдэн сандарч байтал Ван Фүрэнь нүдэндээ нулимас мэлтэгнүүлэн, ханцуйнаасаа нэг заарын хавтага гарган: “Чи хардаа” гээд өөдөөс нь хаясанд Фөн Же шүүрэн авуутаа, эрээн хоргойгоор хийсэн хавтаганд хурьцлын явдлыг хатгамалдсаныг нь хараад ухаан алдталаа айж, “Тайтай үүнийг хаанаас олоов” гэж асуув. Хоолойгоо чичрүүлэн “Би хаанаас олох вэ дээ. Үргэлж худаг дотор сууж байдаг хүн. Чамайг болгоомжтой хашир хүн гэж итгээд, баргийн юмнаас хойш суудаг хүн. Тэгтэл чи бас надтайгаа адил байжээ. Гэгээн цагаан өдөр гэрэлт нарны доор ийм юмыг хүрээлэнгийн доторх чулуун дээр ил тавиад орхисныг нь Лао тайтайгийн шивэгчин олсон байна. Хадам эх чинь тааралдаагүй бол хэдийнэ Лао тайтайд хүрэх байжээ. Яаж байгаад энэ юмаа тэнд орхисныг би чамаас асуусугай” гэв. Ийм юм сонсоод Фөн Жегийн царай ч хувирч:

-Тайтай яаж минийх гэж мэдээв гэсэнд Ван Фүрэнь нулимас асгаруулан шүүрс алдаад:

-Чи надаас асууна уу. Бодоод үз. Энэ гэрт танай залуу эр эм хоёроос өөр ямар эмгэн энэ юмыг хэрэглэх вэ. Охид хаанаас энэ юмыг олно вэ. Энэ бол лавтай тэр бүтэлгүй Лянь Эрийн олж ирсэн зүйл байх. Та нар бас эетэй найртай тул нэг зүйлийн наадам болгон үзнэ. Залуу хүмүүст охид хөвгүүдийн найрсаг сэтгэл, нарийн нууц байхгүй гээгүй. Чи бас намайг гөрдөх нүү. Ямар золоор энэ хүрээлэнгийн их бага хүмүүс олоод үзчихсэнгүй вэ. Хэрэв охид шивэгчингүүд олж аваад, эгч дүү нар чинь үзсэн бол ямар хэрэг болох вэ. Учир мэдэхгүй хүүхэд олоод хүрээлэнгээс олсон гээд олны дунд тараачихвал би энэ нүүрээ чухам хаана хийх вэ гэж үглэнэ. Фөн Же ичих бачимдах хосолж хоромхон зуур нүүр царай нь мэнчийж газар сөгдөн, нулимас мэлтэгнүүлэн:

-Тайтайгийн хэлсэн цөм зүйтэй болохоор надад маргах юм юу байхав. Гэсэн ч надад ийм юм байхгүй болохоор Тайтай нарийвчлан бодохыг хүсье. Мунцаг цацаг зэрэг худалдаанд байдаг эдээр хийснийг нь үзвэл, дотоод ордныг дууриаж гадны хүн, хийсэн байж ч магадгүй. Би залуу томоогүй хүн боловч энэ мэтийн юмыг авахгүй л дээ. Хэрэв надад байлаа ч ил байлгахгүй, далд хийнэ. Энүүнийг чинь биедээ аваад энүүгээр тэнүүгээр явахын арга ч үгүй эд юм. Хэрэв ийм юмтай болоод хүрээлэнд орвол эгч дүү нар татаж чангаахаас эхлээд юу болох вэ. Тэдэнд үзүүлэх бүү хэл, боол зарц нарт харуулчихвал би юү болох вэ. Эздийн дотор би бол залуу бэр. Боолуудын дотор надаас залуу нь нэг биш. Тэд бас байнга хүрээлэнгийн дотуур явдаг тул тэдний хаясан юм ч байж мэднэ. Бас тэртээ хүрээний Тайтай бас хэд хэдэн бага эхнэрийг дагуулан ирдэг. Янь Хун, Цүй Юнь нар бүр залуу шүү. Тэдэнд ч ийм юм байсан байж болно. Бас тэртээх хүрээний Жэнь бэргэн ч дэмий өтөлсөний тоонд орохгүй. Тэрбээр Пэй, Фөн хоёрыг дагуулан үргэлж ирдэг тул хэн тэднийх биш гэж нотлох юм. Түүнээс гадна хүрээлэнгийн доторх тэр олон охид шивэгчинг цөм төв шулуун, цэвэр ариун гэхийн арга байхгүй. Арай томцуул нь ертөнцийн явдлыг мэдээд, гадагш гарсан үедээ юмуу, хоёрдугаар хаалганы зарц хөвгүүдтэй аальгүйтэн марсаганаж байгаад гаднаас олж ирсэн байж ч болно. Ийм юм надаас гадна Пин Эрд байхгүйг би баталж чадна. Энэ бүхнийг Тайтай нарийвчлан тунгаагаарай гэв. Түүний хэлж байгаа тун зөв юм шиг сангадмагц Ван Фүрэнь шүүрс алдаад:

-Бостугай! Чи бол их гэрийн гэрэл гэгээ мөн. Арай ч энэ зэрэгт хүрэхгүй гэдгийг би мэдэж байсаан, энэ бол чамайг шахамдуулан өдөөхийн тулд л хэлсэн үг төдий юм. Одоо нэгэнт энэ хэмжээнд хэрхэн шийтгэвэл зохих вэ. Хадам эх чинь үүнийг битүүмжлээд над ирүүлсэнд үзээд би бөглөртөлөө уурлалаа гэсэнд Фөн Же:

-Тайтай битгий уурла. Олон хүн мэдсэн биш, тэр дундаа Лао тайтай мэдээгүй. Харин аажим алгуур сурвалжлан эрвэл энэ явдлын учрыг олж болох юм. Үнэнийг олж чадахгүй бол гадны хүнд мэдэгдэхгүй өнгөрнө. Одоо мөрийтэй тоглоомоос болж олон хүнийг хөөсөн дашрамаар Жөү Рүйн эхнэр, Ван Эрийн эхнэр зэргийн үг задруулахгүй итгэлтэй хүмүүсээс дөрөв тавыг хүрээлэнд оруулан, мөрийтэй тоглосныг шалгах нэрээр нэг зэрэг шалгавал зохино. Одоо бас тэдний шивэгчин охид хэтэрхий олон болжээ. Өсөх тусам сэтгэл нь хувирч элдэв хэрэг хийхгүй гэж батлах аргагүй. Хожим хэрэг гарвал гэмшивч хождоно. Гэхдээ тэднийг юү гэж зүгээр байхад нь хөөж гаргах вэ дээ. Хэрэв тэгвэл тэд ч гомдоно. Тайтай бид хоёрын сэтгэл ч төвдөхгүй биз. Ер нь нэг далим хараад том болсон юм уу, хэл амтайг нь өө эрж байгаад гаргах нь зөв. Заавал нөхөрт гарахыг хүлээх хэрэггүй. Ингэвэл, хэрэг явдал гарахаас сэргийлнэ. Бас зардал мөнгө ч хэмнэнэ. Ийм арга хэрэглэвэл Тайтайд ямар вэ гэсэнд Ван Фүрэнь шүүрс алдаж:

-Тун зөв юм ярьж байна, чи. Нарийвчлан бодвол эгч дүү энэ хэдэн авхай нар чинь боломжийн шивэгчинтэй шүү. Бусдад нь чөтгөр мэт амьтас байна. Одоохондоо цөөлье гэхээр би төвдөхгүйгээс гадна Лао тайтай бас бараг зөвшөөрөхгүй байх. Яаж ядуурсан ч энэ хэрд тулахгүй биз. Би хэдий баян эрхмийн дайны их юм эдэлж байгаагүй ч та нараас арай дээрээ. Одоо бол миний зардлыг багасгана уу гэхээс тэр охидыг гомдоон зовоож болохгүй. Чи одоо Жөү Рүйн эхнэр зэрэг хүмүүсийг дуудаж авчир. Тэдэнд ойлгуулаад энэ хэргийг далдуур шалгуулах хэрэгтэй гэсэнд Фөн Же Пин Эрийг дуудаад, тэдэнд хүн явуулав. Төдөлгүй, Жөү Рүйн эхнэр, Ү Шингийн эхнэр, Жөн Хуагийн эхнэр, Лай Вангийн эхнэр, Лай Шигийн эхнэр, тэдний дагалт инж нар орж ирэв. Ван Фүрэнь, хүн цөөн байна хэмээн чамалж байтал, түрүүнд заарын хавтагыг хүргэж ирсэн, Шин Фүрэний инж Ван Шаньбаогийн эхнэр хүрч ирэв. Ван Фүрэнь хэдийнээс Шин Фүрэний итгэлт хүнийг мадаггүй үнэнч хэмээн үздэг тул түүний ирэхийг хараад: “Чи Тайтайдаа хэлээд хүрээлэнд ирж харж хандаж байгаарай. Бусдаас ойр санагдаад байна” гэв. Хүрээлэнгийн доторх шивэгчид түүнийг хүндлэхгүй гэж Ван Шаньбаогийн эхнэр илэрхий жөтөөрхөж байдаг байжээ. Тэгээд тэр зургийн хэрэг гарсаныг дуулаад түүгээр далимдуулан өө сэв хайх гэж байтал Ван Фүрэнь түүнд найдсан нь эхнэрийн санаанд нийцэж: “Энүүнийг олоход юу байхав. Боол би олон юм хэлээд яахав. Эртнээс л чангахан байх байсан юм. Тайтай хүрээлэнгээр нэг их очоод байдаггүй болохоор сайн мэдэхгүй байх. Тэндэхийн охидууд дор бүрнээ л өргөмжлөл хүлээсэн хатан мэт аашилж, мянган лангийн авхай мэт хүндлүүлэх гээд байх болчихжээ. Тэднийг тэнгэр нуртал авчирлаж байхад хэн аймшиггүйгээр дуугарч чадах вэ. Аягүй бол охидыг дарлалаа гээд бусдыг өдөөн турхирч магадгүй. Тэгвэл хэн тэдэнд халдах вэ гэсэнд Ван Фүрэнь толгой дохиж:

-Авхай нарыг дагасан инж нар эрхтэй болох ч яахав. Энэ чинь ерийн явдал шүү дээ гэхэд мөнөөх эхнэр:

-Тайтай та мэдэхгүй байна. Бусдыг нь яая гэхэв. Хамгийн түрүүнд тэр Бао Юйгийн Чин Вэнийг л хэлье. Тэр охин өнгө зүстэй нь үнэн. Тэрний хэл амуу, түүндээ эрдээд л, өдөр болгон Ши Шы мэт өнгө зүсээ засаад, хүн хүний өмнө хэл амаа билүүдэн авирлаж байна. Жаахан л тавгүй юм болбол нүдээ бүлтийлгээд л харааж эхэлнэ. Яаж байгаа юм бэ. Сарталзаж, зэртэлзээд л… гэсэнд Ван Фүрэнь, гэнэт хуучныг санав бололтой Фөн Жегээс,

-Дээр үедээ, Лао тайтайг дагаад биднийг хүрээлэнд очиход нэг гудилзсан нуруутай, шувтан мөртэй, нүд хөмсөг нь Линь хүүхэн дүүтэй чинь адилавтар нэг охин, бяцхан шивэгчдийг харааж байсан. Тэр мэт эзэн даруулгагүй аашлахыг би үнэхээр жигших боловч Лао тайтайтай цуг байсан болоод юм хэлээгүй. Дараа нь асууна гэж байгаад мартчихаж. Өнөөдөр энүүнийг юм ярихаар санаанд орлоо. Адилхан санагдахаар нь, тэр арай биш байгаа гэж бодлоо. Мөн үү гэж асуув. Фөн Же: 

-Тэдгээр охид шивэгчдийн дотор зүс царайгаар Чин Вэнийг гүйцэх хүн нэг ч үгүй боловч түүний хэл ам, ааш зан үнэхээр этгээд, хөнгөн хуудам. Тайтайгийн харсан мөн байж магадгүй. Тэр үед би ажаагүй юм байна. Хэлэх юм алга гэв. Ван Шаньбаогийн эхнэр:

-Ингэж яриад яахав. Тайтайгийн харсан охин мөн үү биш үү гэдгийг, одоо түүнийг дуудаж авчраад л мэдчихэе гэв. Ван Фүрэнь:

-Надтай дандаа уулзаж байдаг, Бао Юйгийн гэрийн Ши Рэнь Шө Юэ хоёр бол номой томоотой улс. Харин тийм нэг хүн байдаг бол надтай уулзахаасаа айдаг байхаа. Би энэ насандаа ийм хүнийг жигшдэг юм шүү. Одоо бас энэ нэг хэрэг гарлаа. Зүв зүгээр байсан Бао Юйг энэ мэтийн өлөгчин өдөөж байгаад бүтэлгүй амьтан болгочихвол яах юм бэ гээд шивэгчнээ дуудаад, чи очоод, Ши Рэнь, Шө Юэ хоёрыг Бао Юйтэй үлдээгээд Чин Вэнь гэгч хамгаас авхаалж сайтай түүнийг “Асуух юм байна. Иртүгэй” гэж хэл. Чи өөр үг хэлж болохгүй шүү гэж захив. Мөнөөх шивэгчин хэлсэн ёсоор нь И Хун Юань хүрээлэнд очвол Чин Вэнь үдийн нойрноос дөнгөн сэрээд найрмоглон сууж байлаа. Тэрбээр шивэгчний хэлснийг сонсуут дагаж гарав. Чин Вэнь бол ерийн цагт хүн хартай төдий л уулзахгүй байхаас гадна ойрд бие нь тийм сайнгүй учир засаж чимсэнгүй. Тэд яваад Фөн Жегийнд очиход түүний хатгуур нь хазайж, гэзэг нь сэгсийсэн хормогч нь ороолдоод, элгээ даран эмзэглэж, нойрмоглосон шинжтэй байсанд Ван Фүрэнь хараад, царай зүс нь түрүү сард хүрээлэнд учирсан хүн болохыг таниад хилэн нь хөдөлж, хүйтнээр инээгээд:

-Яасан сайхан хүн бэ. Үнэхээр ч “Өвчит Ши Шы” болжээ. Чи хэнд үзүүлэх гэж өдөр бүр ингэж дүр эсгэнэ вэ. Хийсэн хэргээ намайг мэдэхгүй гэж санаж байна уу. Өнөөдөр түр чамайг тавьсугай. Маргааш эрхэтгүй арьсыг чинь хуулнаа. Бао Юй өнөөдөр ямар байна вэ гэж асуув.

Чин Вэнь цочин тэвдсэн боловч хүн түүнийг хоролсоныг мэдээд дотроо хорсовч дуугарсангүй. Хүнээс хэтрүү цэцэн сэргэлэн хүн болохоор Бао Юйн тухай үнэнийг хэлэлгүй газар сөгдөж,

-Би Бао Юйгийн гэрт төдий л ордоггүй. Би түүний дэргэд ч суудаггүй болохоор ямрыг мэдэхгүй. Түүнийг Ши Рэнь, Шө Юэ хоёр л мэднэ. Тайтай тэднээс асуух болов уу гэсэнд, Ван Фүрэнь:

-Энэ учирт хацрыг чинь алгадалтай байна. Чи ямар үхсэн хүн үү. Та нарыг авчирч юү хийнэ вэ гэсэнд Чин Вэнь:

-Анхандаа би, Лао тайтайгийн дэргэд байсаан. Лао тайтай хүрээлэн дотор хүн цөөн, хүрээ уужим тул Бао Юй айх болуузай хэмээн намайг түүний гэрт илгээж, манаанд сууж гэр хартугай гэсэн юм. Би ядмаг дорой хүн тул сайхан асарч чадахгүй болов уу гэж Лао тайтайд хэлсэнд, “Чамаар түүний гэрийн явдлыг мэдүүлэх юм бишээ. Цовоо сэргэлэнгээр юү хийнэ” гэж зэмлэсэн тул би арга буюу очсон юмаа. Арав хорь хоногт Бао Юй хаа нэг дуудвал хэдэн үг өчих төдий байдаг. Бао Юйгийн унтах хэвтэх, идэж уухад дээгүүр бол хөгшин найнай, мөөмөө нар байна. доогуур бол Ши Рэнь, Шэ Юэ, Чиү Вэнь тэд мэднэ. Би зав чөлөөндөө, Лао тайтайгийн гэрийн үйл утасны ажилд хавсралцдаг. Тийм болохоор Бао Юйгийн тухай огт анхаарсангүй. Тайтай үүнийг буруу гэж байгаа бол цаашид сайтар хичээе гэв.

Ван Фүрэнь түүний ярианд үнэмшээд, бурхан минь гэж уулга алдан:

-Миний заяа золоор чи, Бао Юйтэй хавьтаагүй юм байжээ. Чамайг нэг их зовоож зүдрээхгүй ээ. Чамайг үнэхээр Лао тайтайгаас Бао Юйд өгсөн үнэн бол маргааш би Лао тайтайд хэлээд чамайг хөөж явуулнаа гэснээ, Ван Шаньбаогийн эхнэрт хандан: “та нар очоод түүнийг хэдэн өдөр сайн анхаарч бай. Түүнийг Бао Юйгийн гэрт унтуулж болохгүй. Би урьдаар Лао тайтайд хэлээд, мэднээ чамайг… гээд Чин Вэнь рүү эргэж: “Би чиний ийм самуун дүрийг харж чадахгүй байна. Хэн чамайг ингэж улаан, ногооныг өмс гэсэн юм бэ. Гар чи!”гэж зандрав.

Чин Вэнь тэндээс гарахдаа цээжээ дэлбэртэл уурлан, цааш явах замдаа алчуураар нүүрээ бүтээж уйлсаар хүрээлэнд хүрч очив. Түүнийг хаалгаар гарах үед Ван Фүрэнь ихэд гэмшсэн янзтай Фөн Же нарыг хараад:

-Сүүлийн үед би ер нь мунхарч байна. Юу юундаа ч амжихгүй болжээ. Ийм буг чөтгөр шиг юмыг ч олж хардаггүй байна. Цаана нь ийм амьтас бас бий байхаа. Сайн шалгахгүй бол горьгүй нээ… гэх нь түүний уур цухал буцалж байгаа гэсэн үг. Ядахдаа Шин Фүрэнийг ямагт хатгаж хэрэг дэгдээдэг нүд чих болсон итгэлт хүн Ван Шаньбаогийн эхнэр дэргэд нь байгаа болохоор Фөн Жегийн аман дээр хичнээн олон үг гарч ирсэн боловч амаа тас жимийв. Зүгээр л за за гэсгээд толгой дохиж суув. Ван Шаньбаогийн эхнэр:

-Тайтай тайвшир, тайвшир. Энэ мэтийн өчүүхэн юманд бүү цухалд. Зүгээр л бидэнд тушаачих. Одоо ийм юмыг шалгах их хэцүү биш шүү дээ. Орой хүрээлэнгийн үүд хаах үеэр гарах орохыг зогсоогоод, хүн дагуулж ороод л шивэгчдийн суудаг гэрийг нэгжчихнэ. Бодвол, ийм юмтай хүн ганц энүүгээр зогсохгүй. Өөр юм ч байж мэднэ гэсэнд Вэн Фүрэнь:

-Сайн байна. ингэхгүй бол энэ хэргийг яаж илчилж чадах вэ гээд Фөн Жегээс: “Ингэж болох уу” гэсэнд цаадах нь: “Тайтай хэлж байхад, ёсоор гүйцэтгэж л таарна” гэв. Ван Фүрэнь:

-Энэ аргаар л явъя. Ингэхгүй бол бүтэн жил болсон ч олохгүй шүү гэж анхааруулав.
Тэд ингэж тогтов. Оройн хоолны дараа Бао Чай нар Жя Мүг унтуулаад хүрээлэндээ ирэх үед Ван овогтын эхнэр Фөн Жег залж хүрээлэнд хамт ороод үүд хаалгыг дангинатал түгжив. Эхлээд шөнийн жасаанд суугаа эмгэдийг нэгжиж үзвэл, дутуу шатсан лав, зулын тос төдийхөн л байв. Ван Шаньбаогийн эхнэр:

-Энэ ч бас хулгайн эд байгаа. Хөдөлгөж болохгүй. Маргааш Тайтайд мэдүүлж байж шийднэ гээд урьдаар И Хун Юаньд орж “Хаалгаа нээгтүн” гэж чанга дуугарав.

Яг энэ үед Бао Юй, Чин Вэний төлөө шаналж байтал, юу болсныг бүү мэд, хэсэг хүн орж ирээд шууд шивэгчдийн гэр рүү явахад, Фөн Жег хоргоож учрыг лавлав. Цаадах нь: “Нэг чухал юм гээсэнд бүгд булхайцаж байгаа юм. Эднийг авсан болов уу гэсэн сэжиг таамаг байгаа учраас нийтэд нь нэгжиж олны харыг дарах гэсэн юм” гээд сууж цай ууж эхлэв.

Энэ үед Ван овогт эхнэр, хэдүүл баахан нэгжээд “Энэ хэдэн авдар хэнийх вэ” гэж асуугаад, нээж үзүүл гэж байв. Чин Вэний байдлаас үзвэл их хэрэг гарч гэж бодоод Ши Рэнь эхлээд өөрийнхөө авдар хайрцагийг нээж үзүүлэв. Тэд бүх юмыг нэгжиж үзвэл, хүний ердийн хэрэглэдэг зүйлс байсан тул эднийг орхиод цааш өөр хүмүүсийн юмыг нэгжиж үзэв. Тэгж явсаар Чин Вэний юманд хүрч: “Энэ хэний юм бэ, юунд нээж үзүүлэхгүй байна вэ” гэж зандрав. Ши Рэнь, Чин Вэний өмнөөс авдрыг нь нээх гэтэл цаадах нь үсээ сэгсийлгэн гүйж ирээд авдрынхаа тагийг татаж, цүйг нь мулт татаад ёроолоос нь өргөн хөмөрч орхив. Ван Шанбаогийн эхнэр дургүйцэн, гүрээнийхээ судсыг гүрэлзүүлэн:

-Охион чи битгий уурла. Бид ямар дураараа яваа биш, Тайтайгийн тушаалаар та нарыг юмыг нэгжиж үзэхээр ирсэн шүү. Чи юмаа шалгуулбал шалгуул, шалгуулахгүй гэвэл бид Тайтайд очиж хэлнэ. Чи уурлаад яах юм бэ гэсэнд гал дээр тос хийх мэт болж, Чин Вэнь нүүр өөд нь чичиж:

-Чамайг Тайтай ирүүлсэн бол, намайг Лао тайтай ирүүлсэн юм. Би Тайтайгийн тэндэх хүмүүсийг цөмийг нь мэднэ. Харин ийм нэр нүүртэй, эрх төгөлдөр мэдээчин найнай байсныг л үзсэнгүй гэв. Түүний энэ хурц ширүүн үгийг сонсоод Фөн Же дотроо их л баярласан боловч Шин Фүрэний нэр нүүрийг бодохгүй байж бас болохгүй тул яаран Чин Вэнийг зандран зогсоов. Өнөөх Ван овогтын эхнэр ичихийн ихээр ичиж, хорсоын туйлаар хорсож, яг хариу хэлэх гэтэл Фөн Же: 

-Мөөмөө та битгий тэдэнтэй адил аашлагтүн. Чи зүгээр нэгжихээрээ нэгжвэл боллоо. Бид бас өөр газраар очно. Баахан удаад, амьтан хүн мэдчихвэл миний толгой даахгүй шүү гэсэнд Ван Шаньбаогийн эхнэр, арга буюу уураа дарж, хөмхийгээ зуусаар Чин Вэний юмыг сайтар эргүүлж тойруулж үзсэн боловч сэжиглэж сэвэлмээр юм олсонгүй. Тэгээд өөр газраар очъё гэж Фөн Жед хэлэв. Фөн Же: 

-Чи сайн нэгжээ. Энэ удаа шалгаад юм олохгүй бол цааш мэдүүлэх аргагүй болно шүү гэсэнд шалгалтынхан юу ч үлдээлгүй урвуулж хөрвүүлж үзсэн боловч сэвтэй юм олсонгүй. Хэдийгээр эр хүний хувцас хэд хэд байх боловч цөм хүүхдийн юм, бодвол Бао Юйгийн багын хуучин юм бололтой. Энэ хамаагүй ээ гэцгээв. Тэдний өөр хоорондоо ийн ярихыг сонсоод, Фөн Же инээж: 

-За тийм бол өөр газрыг үзэхээр очихуу гээд түрүүлэн гарч ирээд, над нэг хэлэх юм байна. Зөв бурууг мэдэхгүй. Нэгжвэл бид өөрийн гэрийхнээ ч нэгжие. Харин Шюэ охины гэрийг нэгжиж болохгүй байхаа гэсэнд Ван Шаньбаогийн эхнэр,

-Тийм шүү. Яаж төрөл ургийнхнаа шалгаж болох вэ гэв. Тэгээд тэд Шяо Шян Гуаньд очив. Тэдгээр хүмүүсийг ирлээ гэж мэдүүлсэнд нэгэнт хэвтсэн Дай Юй яаран босох гэтэл Фөн Же даран хэвтүүлж “Битгий бос. Унт. Бид мөд явна” гээд энэ тэрхэнийг ярьж хэсэг суув.
Ван Шаньбаогийн эхнэрийн дагуулсан олон хүн, шивэгчдийн гэрт ороод авдар хорго цөмийг нэгэд нэгэнгүй нээж, баглаа боодлыг задалж урвуулж хөрвүүлсээр Зы Жюаний гэрээс Бао Юйгийн хэрэглэж байсан хоёр хувь нэрийн хуудас, нэг цээжмэгийн оосор, хоёр хавтага мэтийг олоод сайтар шалган үзвэл яах аргагүй түүний багын юм мөн байв. Ван овогт эхнэр баясан Фөн Жег дуудаж: “Чи үүнийг үзээч” гэж гуйгаад “Энэ юмнууд хаанаас ирсэн юм бэ” гэж асуув. Фөн Же инээж: 

-Энэ Дай Юй, Бао Юй энэтэр чинь бүр багаасаа нэг дор байсан юм шүү дээ. Энэ бодвол Бао Юйгийн хуучин хувцас байна. Энэ тэмдэг энэ тэрийг чинь Лао тайтай, Тайтай нар дандаа л үзэж байдаг эд. Мөөмөө та итгэхгүй байгаа бол аваад явъя гэсэнд эхнэр инээж

-Эл найнай мэдэж байгаа бол болоо… гэв. Фөн Же

-Энэ мэт хачирхах зүйл биш. Харин өөр газар түргэн очих юм бишүү гэтэл Зы Жюань инээж: 

-Одоо бол манай хоёрын эд хогшлын дансыг тодорхойлоход хэцүү болжээ. Би бол энэ юмсыг аль жилийн хэдэнд авсанаа мартсан байна лээ гэж хэлэв.

Шалгалтынхан, Тань Чүний гэрт хүрч очив. Хэдийн хүн очоод түүнд хэлчихсэн байлаа. Үүний дотор лав нэг шалтгаантай тул ийнхүү жигшүүртэй аашилж байхыг Тань Чүнь мэдээд шивэгчин охидоор дэр зулыг асаалган үүд хаалгаа цэлийтэл нээлгэн хүлээж байлаа. Удалгүй шалгалтынхан хүрч ирсэнд Тань Чүнь: “За ямар юм болоов” гэж асуув. Фөн Же инээж:

-Нэг юмаа алдаад цөхөртлөө эрээд олсонгүй. Тэгээд хүмүүс энэ бяцхан охин хүүхдийг гүжирдүүзэй гэж бодоод нэг удаа нэгжиж олны сэжгийг тайлая. Энэ ч бас тэднийг ариутгах сайн арга гэж бодсоон… гэтэл Тань Чүнь:

-Миний шивэгчин цөм хулгайч бөгөөс би даруй хулгайч нарын толгойлогч болох нээ. Тиймээс эхлээд миний авдар хоргыг нэгжигтүн. Тэд хулгайлж авчирсан эд юмсаа надад л хадгалуулсан байж таарна гээд шивэгчдээр авдар хайрцаг саваа цөмийг нээлгэж чимэг засал, хувцас хунарын боодол мэтийг тайлж цөмийг дэлгээд “Фөн Же ирж үзэгтүн” гэж урив. Цаадах нь царайчлангуй инээмсэглэж:

-Би Тайтайгийн тушаалаар ирсээн. Дүү охин чи над бүү гомдогтүн гээд шивэгчдэд, хурдан хааж тавь гэж хэлэв. Тэд цөмөөр элбэж гаргасан, тараасан юмсыг нь эмхэлж хурааж өгөв. Тань Чүнь:

-Миний юмыг та нар шалгаж болно. Харин шивэгчдийн юмыг нэгжиж болохгүй. Би хэнээс ч илүү хартай хүн болохоор шивэгчдийнхээ юмыг цөмий нь мэднэ. Цөм миний энд байна. Тэдний биед сэтэрхий зүү, сиймхий хадаг ч байхгүй. Юмтай хүний л юмыг нэгжих гэж байгаа юм бол минийхийг үзэцгээ. Та нар зөвшөөрөхгүй бол Тайтайгийн зарлигийг тэрсэллээ гээд очиж мэдүүл. Яаж шийтгэхийг нь би энэ биеэрээ хүлээе. Битгий яар. Та нарыг нэгжих өдөр бас бий шүү. Энэ өглөө та нар Жэнь овогтынхныг нэг сайн нэгжие гэж арга хайж байсан нь аргагүй өнөөдөр боллоо гэж ярьж байсан гэсэн. Тэгээд л эхэлж байгаа юм биз дээ. Ийм их айлыг гадны хүч арай бас нэгмөсөн гүйцээж чадахгүй гэдэг нь мэдээжийн хэрэг. Энэ тухайд бол эртний үгэнд “Могой гурав тасравч гүрвэлийн хэр хоёр байна” гэж бий. Урьдаар дотор зуураа авалцаж эхэлбэл одоо сая хоггүй гүйцэж чадна гээд нулимас бөмбөрүүлэв. Фөн Же шалгалтын эхнэрүүдийг дэмий л харж зогсвол Жөү Рүйн эхнэр:

-Эдний охидын юм цөм энд байгаа юм бол, цөмөөрөө өөр газар очъё. Авхай ч унтаж амраг гэсэнд Фөн Же босоод, явцгаая гэв. Тань Чүнь:

-Тэгээд болж байгаа юм уу, нэгэнт нэгжсэнийх сайн нэгжсэн дээр шүү. Харин маргааш дахиж ирвэл би хүлээхгүй шүү гэсэнд Фөн Же: 

-Нэгэнт шивэгчдийн юм энд цуг байгаа болохоор цааш үзэх хэрэггүй гэлээ шүү дээ гэсэнд цаадах нь зэвүүтэйгээр инээн

-Чи үнэхээр амаргүй. Миний боодлыг хүртэл задлаад бас нэгжсэнгүй гэнэ. Маргааш лав шивэгчингүүдээ өмгөөлөөд нэгжүүлсэнгүй гэх хүн гарах юм биш биз. Нэгжмээр байвал нэгжихээ эртхэн хэлээрэй. Бид дахиад л үзүүлье гэхэд, Фөн Же түүнийг хэн хүнтэй адилгүйг нь мэдэх тул арга буюу царайчлан инээмсэглэж

-Чиний юмыг үзчихлээ шүү дээ гэхэд Тань Чүнь:

-Та нар үзсэн болов уу гэж цаадуулаас лавлан асуув. Бүгд л: “Үзсээн, үзсэн” гэцгээв.

Энэ Ван Шаньбаогийн эхнэр гэгч бодлогогүй хүн бөгөөд урьд нь Тань Чүний нэрийг сонссоноос үзээгүй бөгөөд, тэр охин юуны хэцүү байгааж. Тэгээд бас татвар эмээс төрсөн хүүхэд юу чадна вэ. Энэ улс зориг сөсгүй, хүн таних нүдгүйдээ л тэр хэмээн бодож ирсэн ажээ. Бас өөрийн биеийг Шин Фүрэний дагуул инж хэмээн огсойж, Ван Фүрэньд бас өөр янзаар ханддаг тул бусад хүнийг нэн юун өгүүлнэ вэ. Одоо тэр Тань Чүнийг ганцхан Фөн Жед уурлаж байна гэж санаад, энэ дашрамд нүүр олж авъя гэж бодоод олны дундуур шурган орж Тань Чүний хувцаснаас татаж, зориуд нэг сөхөөд, марсалзан инээж: 

-Авхайн биеийг хүртэл нэгжчихлээ. Үнэхээр бидний эрсэн юм алга гэсэнд, түүний энэ мэт аашлахыг харуут “Мөөмөө явсугай. Битгий эрийг хурайгүй загнаад… гэтэл пасхийх чимээ гарав. Юу болов гээд эргэж харвал Тан Чүнь Ван эхнэрийг алгадчихсан юмсанжээ. Тэгээд Тань Чүнь, эхнэрийг хуруугаар чичин:

-Чи хэн болчихоод, миний хувцсанд хүрч татаж чангаав. Тайтайгийн нэр нүүрийг бодоод бас хэд насалсаны чинь хувьд хүндэтгээд “Мөөмөө” гэж дуудаж байхад эзэндээ эрдсэн нохой шиг өдөр бүр элдэв юм сэдэж, дэмий гайхуулнаа бидэнд. Одоо улам ч сүрхий болж, шууд над руу гар хөдөлгөж байна гэнээ. Чи намайг охинтойгоо адил бодоод дураараа номгочлон ноолъё” гэх бодлоо эртхэн болих хэрэгтэй. Миний юмыг нэгжихэд чинь би уурлаагүй. Тэглээ гэж намайг элэг барих хэрэггүй гээд товч шилбээ тайлж Фөн Жег татаад: “Боолоор нэгжүүлснээс чамаар нэгжүүлье” гэв. Фөн Же, Пин Эр хоёр Тань Чүний хувцсыг засаж өгөөд, Ван Шанбаогийн эхнэрт:

-Мөөмөө та архи хэд балгачихаараа эрий хурайгүй аашилдаг хүн байна. Тэр өдөр Тайтайг бас уурлуулж байсан. Нүүрээ барлаа, хурдан гаръя гээд Тань Чүнийг аргадаж, авхай минь, битгий уурла. Ийм юманд уур гаргах ч хайран шүү… гэсэнд цаадах нь хүйтнээр инээж: 

-Би үнэхээр ууртай болсон бол хэдийн хэрэм мөргөөд үхэх байсан. Яахаараа боолоор намайг нэгжүүлж байгаа юм бэ? Маргааш өглөө би Лао тайтай, их Тайтай нарт мэдүлээд дараа нь Да Нянд очиж хэлээд ялаа хүлээе гэв.

Ван Шаньбаогийн эхнэр ичихдээ гадаа гарч: “Би анх удаа хүнээр зодууллаа. Маргааш Тайтайд мэдүүлээд төрхөмдөө буцъя. Энэ муу хөгшин толгойгоор би юү хийнэ” гэсэнд Тань Чүнь шивэгчиддээ: “Та нар түүний үгийг сонсож байгаад намайг очиж цохихыг хүлээж байна уу” гэж зандрангуй хэлэв. Дай Шу яаран гарч: “Мөөмөө чи, ёс мэдэж юм яриарай. Чи үнэхээр төрхөмдөө харьвал манай тэнгэр ивээх нь тэр болой. Харин чамайг явж чадахгүйд бид зовно. Чи явахад хүрвэл одоо хэн очиж эздийг өдөөн турхирч, авхай, охидыг байцаан манийг зовоох бол доо…” гэтэл Фөн Же инээж: 

-За за охин минь, боол нь эзнээ дууриана гэгч үнэхээр зөв болой… гэтэл Тань Чүнь хүйтнээр инээмсэрч:

-Хулгайчид сэрдэгдсэн бидний хэн нь ч хэдэн үг хэлэх эрхтэй байх шүү. Харин эчнээ далдуур эзнээ турхирч чадахгүй байхаа гэв. Пин Эр сандран тайтгаруулж, Дай Шуг оруулав. Жөү Рүйн эхнэр бас аргадаж, Тань Чүнийг оронд нь оруулав. Тэгээд явцгаав. Тэд Тань Чүний хажууханд байдаг Ли Ванийд орох байсан боловч өвчтэй эм уугаад хэвтсэн учир тэднийд оролгүй, шивэгчдээр орж нэгжсэн боловч сэжигтэй юм олсонгүй. Дараа нь Ши Чүний гэрт оров. Энэ охин нас бага, ухаан санаа нь бүрдээгүй тул айгаад ямар учраа мэдэхгүй болсон тул Фөн Же аргадан тайтгаруулав. Тэгтэл Рү Хуагий авдраас нэг боодол бараг гуч дөчин хэсэг мөнгөн тойг гарч ирэв. Хуялын хэргийг шалгаж яваад хулгайг илрүүлжээ. Бас нэг хос бүсний хаш, нэг боодол эр хүний оймс гутал байв. Фөн Жегийн царай хохийж “Энэ юм хаанаас ирсэн юм бэ” гэсэнд Рү Хуа сөгдөн уйлж:

-Эдгээр юмыг Жэнь даяа манай ахад шагнасан юм. Миний аав ээж цөм өмнө газар байдаг болохоор бид авгаа түшиж амьдардаг юм. Авга, авга бэргэн цөм тоглоом наадаанд дуртай болохоор энэ юмсыг тэдэнд хадгалуулбал сүйтгэчихээс айгаад, олсон жаал юмаа хөгшин мөөмөө нараар над руу ирүүлж хадгалуулдаг юмаа гэж үнэнээ өчив. Ши Чүнь аймхай тул энэ байдлыг хараад:

-Би юү ч мэдэхгүй байна. Ингэж болдог юм уу мэдэхгүй. Хоёрдугаар бэргэн үүнийг занчих гэж байгаа бол гадаа гаргаж занчаарай. Би харж чадахгүй гэсэнд Фөн Же инээж: 

-Үнэхээр тийм бол хэлтрүүлж болноо. Харин хувиараа дамжуулж авчирсан нь зохихгүй. Ийм юмыг дамжуулж чадаж байгаа хүн юуг ч дамжуулж чадна гэсэн үг. Энэ бол дамжуулсан хүний буруу. Хэрэв тийм биш, хулгайлж авчирсан юм болбол чи бас амьд явна гэж битгий санаарай гэв. Рү Хуа сөгдөн уйлж: 

-Би худал хэлэхгүй. Маргааш найнай та, манай найнай болон даяагаас асуугаад шагналын юм биш бол намайг ахтай минь хамт занчиж алахад гомдолгүй гэсэнд Фөн Же,

-Үүнийг асууна, асууна. Үнэхээр шагнасан байлаа ч өөр бас буруутай юм байна. Хэн та нарыг дураар юм дамжуул гэв. Хэн чамд дажуулж өгснийг хэлбэл үүнийг нэг удаад хүлтрүүлнэ. Дахиад ингэж хэрхэвч өршөөхгүй… гэтэл Ши Чүнь,

-Бэргэн та, үүнийг хэлтрүүлж болохгүй. Энэ олон хүний дунд урьдаар үүнийг дарахгүй бол нэг их нь сонсоод яахыг мэдэхгүй байна. Бэргэн та хүлээвч би зөвшөөрч чадахгүй гэв. Фөн Же,

-Энэ бас давуу талтай байна. Эндүү буруугүй хэн байх вэ. Дахиж буруу юм хийвэл хоёр удаагийн ял тулгана шүү. Ганцхүү хэн дамжуулсаныг л мэдмээр байна гэсэнд Ши Чүнь,

-Хэнсэх юу байхав даа. Тэр хойт үүдэн дээр байдаг Лао Жан л байхгүй юү. Тэрбээр эдгээр шивэгчидтэй хойгуур урдуур явдаг юм. Энэ охид ч түүнтэй сүрхий гэв. Фөн Же түүний юмсыг тэмдэглүүлж Жөү Рүйн эхнэрт өгч хадгалуулаад маргааш тулгаж асууна. Тэгээд мэдтүгэй гэв.

Тэр Тан мөөмөө бол чухамдаа Ван Шаньбаогийн эхнэртэй садан юм. Энэ эхнэр ойрноос Шин Фүрэний итгэлт хүн болоод ураг төрөл хамаатан саднаа харахгүй болсон тул Жан мөөмөө уурлаж хэдэн удаа ам муруйснаас хойш хэн хэн нь дуугаа хураажээ. Лао Жан тэр юмсыг дамжуулж байгааг сонсоод Ван Шаньбаогийн эхнэр баярлав. Тун сая Тань Чүньд алгадуулаад Дай Шуд загнуулсан уураа гаргах газаргүй байсан тул ийм юм сансоод шууд Фөн Жег өдөөж:

-Энэ юм дамжуулж оруулах чинь явдалтай шүү. Тэр юмс бас дамжигдаж ирсэн байна. Найнай хэрхэвч зүгээр өнгөрөөж болохгүй гэсэнд цаадах нь:

-Чамаар хэлүүлэлтгүй, би мэднээ гэв. Тэгээд Ин Чүнийд орцгоов. Ин Чүнь хэдийн унтаад, шивэгчид нь үүдээ түгжсэн тул удаж удаж сая онгойлгов. Фөн Же, “Авхайг үймүүлэх хэрэггүй” гээд шууд охидын гэрт оров. Сы Чи гоёч ба голчийг мэдье гэж бодоод ажиглаж байлаа. Эхлээд бусад охидын авдрыг нэгжсээр яваад сүүлд нь Сы Чигийн юманд хүрсэнээ хайш яйш эргүүлж харсанаа “Ямар ч юм алга” гээд авдрыг хаах гэтэл Жөү Рүйн эхнэр,

-Яаж байгаа юм бэ? Бүгдийг адилхан л үзэх ёстой гэсээр гараа явуулж, эр хүний нэг хос хөвөн оймс, торгон шаахай авч гаргаад, бас нэг жаахан боодолтой юм авав. Задалж үзвэл, нэг хос чандмань, нэг бичигтэй цаас байв. Түүнийг Фөн Жед өгсөнд, удтал гэрийн хэрэг эрхэлж, өрийн данс, урилгын бичиг зэргийг дахин дахин үзсээр байгаад нилээн үсэг таних болсон тул уг бичгийг гадарлав. Уг бичгийг бэлгэт улаан цаасан дээр ийнхүү бичсэн ажээ.

Чамайг дээр сард гэртээ хариад ирснээс хойш эцэг эх их төлөвийг мэджээ. Тийм боловч охин бас харьд яваагүй тул яахин бид хоёрын сэтгэлийг гүйцээж чадна вэ. Хүрээлэнгийн дотор учрах завшаан байвал Зан мөөмөөгөөр захиа өгөгтүн. Хүрээлэнгийн дотор учирвал, гэртээ очсоноос нэн хялбар болой. Үл умартму, үл мартму! Хайрлан хүртээсэн зандан эрхийг чинь хүлээн авлаа. Онцгойлон заарын хавтага нэгийг илгээж сэтгэл юүгээ илтгэв. Сайтар хадгалах болов уу! Бүл дүү Пань Юань барив гэжээ.

Фөн Же уншаад тэсгэлгүй инээд алдсанд, Ван Шаньбаогийн эхнэр, тэдний бүл эгч дүү хоорондоо ийм янагийн учиртай байсныг ер мэдээгүй байсан боловч энэ шаахай оймсыг үзээд сэжиг төрсөний дээр одоо бас энэ улаан цаасыг үзээд тэрбээр инээсэнд “Тэдний тэмдэглэсэн дансны үсэг олиггүй болоод л найнай шоолж байгаа байх” гэж бодов. Тэгтэл Фөн Же инээж: 

-Яг энд нэг юмны учрыг олохгүй байна. Сы Чи чиний зээ охин байтал түүний бүл дүү нь яагаад Пань овогтой болсон юм бэ гэж асуув. Түүний энэ хачин асуултыг сонсоод, Ван Шаньбаогийн эхнэр Сы Чигийн авга эгчийг Пань овогтод өгсөн тул түүний бүл дүү даруй Пань овогтой болжээ. Дээр оргоод алга болсон тэр Пань Юй гэгч мөн шүү гэж батлан хэлэв. Фөн Же инээж: 

-Тийм байхаа тэр гэснээ, би чамд уншиж өгье гээд уншсанд бүгд айн мэлрэв.

Хүний сэвийг малтаж, сүүлийг мушгих гээд санаандгүй, зээ охиныхоо шившгийг дэлгээд Ван овогт эхнэр ичих уурлах хослов. Жөү Рүйн эхнэр тэднүүс сонсоод цөм хэлээ бултайлгаж толгойгоо сэгсрэв. Тийн байтал Жөү Рүйн эхнэр:

-Ван мөөмөө сонсож бай. Энэ чинь тов тодорхой хэрэг юм. Өөр бас хэлэх газаргүй болой. Одоо чухам яавал зохих вэ гэсэнд мөнөөх эхнэр орох газар олохгүй, сандарсанд Фөн Же жуумалзаад Жөү Рүйн эхнэрт:

-Энэ чинь бузгай юм болжээ. Хөгшин эхээ зовоолгүйгээр нэг сайхан хүргэн олоод авчээ гэсэнд, Ван эхнэр бачимдахдаа хацраа лагадаж:

-Үхдэггүй муу зөнөг өлөгчин. Аль төрөлдөө ийм нүгэл үйлдсэнийг нь хэн мэдэх вэ. Энэ муу нүгэлт хоншоор, үйлийн үрээ ингэж эдэлтүгэй гэсэнд бүгдийн инээд хүрсэн боловч хөхөрч чадахгүй байвч заримын бах нь ханаж, зарим нь үйл үр ийм амархан боловсордогийг биширнэ. Харин Сы Чи ер айж эмээсэн, ичиж зовсон байдалгүй, дув дуугүй тонгойн зогссонд Фөн Же их л гайхаж, шөнө орой хойно үгээр ээрээд яахав гэж бодоод, шөнө амиа хорлочих вэ гэж хаширлаж хоёр эмгэнд захиад юмаа аваад явахдаа “Маргааш шийднээ” гэв. Фөн Же хариад амарсан боловч шөнөжин хөлс нь чийхарч, яваандаа бие нь муудан тэсвэрлэх аргагүй болоод эмч залж үзүүлэв. Эмч эм бичиж өгөөд биеэ сайн сувилтугай гэв.

Маргааш нь, хөгшин мөөмөө нарыг аваачиж Ван Фүрэньд мэдүүлсэнд бас нэг давхар зовлон нэмэгдээд Сы Чигийн хэргийг түр хойшлуулав. Тэгтэл Ёу хатан Фөн Жег эргэж ирээд энэ тэрийг ярьж баахан суугаад Ли Ванийд очихоор явав. Энэ үед Ши Чүнь түүнийг залсан тул тийш очив. Өчигдөр шөнө болсон явдлыг түүнд нэгэд нэгэнгүй яриад Рү Хуагий юмыг үзүүлэв. Ёу хатан:

-Ах чинь, түүний ахыг шагнасан юм шүү дээ. Өөрийн дураар дамжуулсаар байтал сүүлдээ ял болоход хүрчээ гээд Рү Хуаг эргүү амьтан гэж хараав. Ши Чүнь:

-Та нар өөрсдөө чандлан сайн сургахгүй байж, тэднийг харааж яанаа. Энэ олон эгч дүү нарын дотор ганцхан миний шивэгчин л өөдгүй байхад би яаж хүний нүүр харах юм бэ. Өчигдөр Фөн эгчийг аваад яв гэтэл аваачсангүй. Өнөөдөр бэргэн биеэр ирсэн тул хурдан аваачтугай. Занчих, худалдах, алах алиугаар нь шийтгэсэн ч надад хамаагүй ээ гэсэнд Рү Хуа сөгдөн унаж, зүйл зүйлээр энэлэн шаналан гуйна. Ёу хатан, хөхүүл эх нь хориглож

-Нэг үеийн гэнэдэл л юм. Дахиж ингэхгүй нь лав. Хараахан багаас чинь харгалзан ирсэн сэтгэлийг нь бодох ёстой гэцгээв. Ши Чүний нас бага боловч төрөлхийн зан нь этгээд хэнэггүй тул хүн юү гэж ч хэлсэн хөмхий зуугаад зөрүүдэлнэ. Тэрбээр Рү Хуаг дэргэдээ байлгахгүйгээр барахгүй, би том болсон тул танай тэнд ч очихгүй, энэ хүмүүсийн байдал, яриа хэлийг сонсвол намайг бас доромжилно гэв. Ёу хатан

-Хэн ийм тийм гээд байгаа юм бэ. Яриад байх юм байгаа юм уу. Авхай ямар хүн бэ, бид ямар хүн бэ. Харин бидний тухай юмыг авхай тодруулж асуувал зохино гэсэнд цаадах хүйтнээр инээж: 

-Энэ үгийг чи, надаас нэхсэн нь харин болж байна. Би бол нэг охин боловч хэргээс зайлж явахгүй. Харин хэрэг эрж явбал би ямар хүн болох вэ. Тэр ч байтугай эртний үгэнд “Зовлон, жаргалан, үхэх төрөхийг эцэг хөвгүүн гэвч хуваалцаж чадахгүй” гэж байдаг. Тэгэхээр чи бид хоёр юу болох вэ. Би ганц биеэ хамгаалж чадвал барашгүй болой. Хойшид та нар намайг битгий чирэгдүүлээд бай гэв.
Энэ үгийг сонсоод Ёу хатны уур инээд хоёр зэрэг хүрэв. Тэгээд бараа бологчдод нь:

-Хүмүүс, дөрөвдүгээр авхайг ухаан суугаагүй балчир юм гэж ярихыг сонсоод би, итгэхгүй байсан. Энэ охины эш мухаргүй, уналт тусалтыг мэдэхгүй үгийг та нар сонслоо. Үнэхээр хүний сэтгэл хөргөхөөр байгаа биз гэсэнд цаадуул нь:

-Авхайн нас бага болохоор найнай хэлэлгүй яахав гэв. Ши Чүнь хүйтнээр инээж: 

-Миний насыг бага гэхэд энэ охин чинь надаас эгч шүү. Та нар үсэг танихгүй, бичиг мэдэхгүй мангарууд мөртөө намайг ухаангүй гэнээ… гэсэнд Ёу хатан:

-Чи бол эрхэм шилдэг, тэргүүн зэргийн эрдэмтэн! Бид бол цөмөөрөө мунхаг. Чамтай адил мэргэн хүн алга гэсэнд Ши Чүнь:

-Энэ хэлж байгаа чинь мунхаг үг байна. Эрхэм шилдэг бүхэн цөм мэргэн буюу. Таны зэргийн хүмүүс цөм энэ ертөнцийн эгэл болхичууд тул яаж үнэн худлыг мэдэж, сайн мууг ялгаж чадах вэ. Та хэрэв хүний үнэнийг мэдье гэвэл эрхбиш сэтгэлээс нь эхлэн шинжих хэрэгтэй. Тэгвэл сая мэргэн болно… гэсэнд Ёу хатан инээж: 

-Түрүүхэн эрдэмтэн хөвүүн байснаа одоо хувраг болоод ном номлож эхлэв үү гэж асуув. Ши Чүнь:

-Би ямар ч ном номлоогүй. Одоогийн хүмүүс цөм Рү Хуатай адил болбол харин дэмий хэлэлцэх газаргүй болой… гэтэл Ёу хатан,

-Чи үнэхээр хүйтэн сэтгэлтэй, хүйтэн хоншоортой хүн юмаа… гэсэнд цаадах нь:

-Би яагаад хүйтэнгүй байх юм бэ. Надтай адилхан хиргүй ариун хүнийг та нар яахин холбогдуулан гутааж чадна вэ гэв. Ёу хатны сэтгэлд гэмтэй тул ийм үгийг хэлэхээс зүрхшээх бөлгөө.
Зарим хүн ийм тийм хэмээн ярилцаж байна гэхийг сонсоод дотроо ичгүүр төрсөн боловч ганц Ши Чүний өмнө гаргаж чадахгүй удтал тэсвэрлэж байжээ. Харин Ши Чүнь сая ингэж хэлсэнд тэсвэрлэж чадахгүй болоод:

-Чамайг яаж холбогдуулсан бэ? Шивэгчнийхээ бурууд зүв зүгээр намайг хэлэх юм бол би их тэслээ. Чи харин улам омогшоод ийм үг гаргаж байна. Чи бол алт сувд мэт авхай тул үүнээс хойш бид чамаас хол байж, чиний сайхан алдрыг гутаахгүйг хичээе. Рү Хуаг мөн даруй явуулбал барав гэсээр ууртайхан босоод үүд рүү явсанд Ши Чүнь:

-Чи одоо яваад эргэж ирэхгүй бол бид хэл амгүй амар жимэр сууцгаана шүү гэснийг хатан сонсоод уур нь улам хүрсэн боловч, нэг охинтой ингэж удаан толхилцож болохгүй тул биеэ барьж юм хэлэлгүй гарч одов.

Цаашид юу болсныг дараах бүлэгт үзтүгэй!
 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж