Л.Ганзул “Гэргий гэгээ” шүлгээрээ Японд аялна

Хуучирсан мэдээ: 2018.03.09-нд нийтлэгдсэн

Л.Ганзул “Гэргий гэгээ” шүлгээрээ Японд аялна

Л.Ганзул “Гэргий гэгээ” шүлгээрээ Японд аялна

Шагналын сан өндөртэй хайрын шүлгийн уралдааныг УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаяр зарлаад байсан билээ. Тэрбээр гэргий гавьяат жүжигчин Т.Баясгаландаа зориулж энэхүү уралдааныг зарласан бөгөөд гуравдугаар сарын 7-ны өдөр ялагчийг тодруулжээ.

“Болор цом” наадамд олон удаа айрагдсан, яруу найрагч Л.Ганзул “Гэргий гэгээ” шүлгээрээ 1000 гаруй оролцогчдын бүтээлээс тэргүүлж, олон сар хүлээлтэнд байсан уралдааны ялагч болсон байна. Тэрбээр Япон улсад зорчиж, сүмо үзэх тасалбараар шагнуулжээ. Уралдааны дэд байранд Л.Түмэнжаргал “Бурхны цэцэг”, гуравдугаар байрт Э.Бум-Эрдэнэ “Таталбар” шүлгээр орсон бөгөөд нийт есөн оролцогчийн бүтээлийг шалгаруулсан байна. Эдгээр бүтээлийн эздийг IPhone X, Samsung Galaxy G7 гар утас болон Моnel 32 инчийн өнгөт зурагтаар шагнажээ.

Дунд нь яруу найрагч Л.Ганзул

1000 гаруй шүлгээс 400 шүлгийг түүвэрлэн “Ханьдаа” хэмээх ном болгон хэвлүүлэх болсноо Кёкүшюзан Д.Батбаяр хэлсэн байна. Тэрбээр миний санааг дэмжээд олон иргэд хандаж, шүлгээ явуулсанд талархсан шүү. Үнэндээ би 1000 гаруй шүлэг ирнэ гэж бодоогүй. Олон шүлэг ирсэн учраас ном болгон хэвлүүлэхээр болсон. Эхнэртээ 1000 сарнай биш 1000 шүлгээр бэлэг барьсандаа баяртай байна” гэжээ.

Энэхүү хайрын шүлгийн шүүгчээр “Болор цом”-ын эзэн, нэрт яруу найрагч Ц.Бавуудорж, Н.Гантулга, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин, Урлагийн гавьяат зүтгэлтэн З Г.Эрхэмбаяр нар ажиллажээ.

Тэргүүн байрын шагнал хүртсэн Яруу найрагч Л.Ганзулын шүлэг

Гэргийн гэгээ

Дэргээд өнгөрдөг өдөр хоногуудад
Дэргэд гийсэн энхрийхэн минь дээ
Дэлхийн саран үзэсгэлэн гоо ч
Гэргийн гэгээтэй яахан дүйх вэ
Хатираад оддог хоног саруудад
Хажууд мандсан танхилхан минь дээ
Хаан тэнгэрийн наран илчтэй ч
Хайрын дэргэд юухан ч билээ дээ
Галигуулж холддог улирал жилүүдийг
Хамтдаа элээсэн гэгээн тавилан минь дээ
Гараг одод нь тэнгэрийн тэртээд дээ
Харин чи минь миний л зүрхэнд дээ
Дахилт:
Сэтгэлийн тэнгэрээс зөөлсөн асгарсан
Энэрлийн цагаан бороо гэж боддог доо, чамайгаа
Итгэлийн энгэрийг түшиж нялхарсан
Ээлтэй цагийн цэцэг гэж хайрладаг даа, чамайгаа
2018.02.02 Улаанбаатар хот.

Хайрын шүлгийн уралдааны ялагчид шүүгчид болон УИХ-ын гишүүн асан, Монголын сүмо бөхийн холбооны ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаярын хамт.  2018.03.07 Улаанбаатар

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж