Б.Оюун-Эрдэнэ хос алтан медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Б.Оюун-Эрдэнэ хос алтан медаль хүртэв

Б.Оюун-Эрдэнэ хос алтан медаль хүртэв

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон пара байт харвааны дэлхийн чансаа тогтоох тэмцээнд Монголын баг тамирчид өндөр амжилтыг үзүүллээ. Дөрөв дэх удаагийн “Fazza Para Archery World Ranking Tournament” тэмцээнд АНУ, Бразил, Япон, Их Британи, Ирак, Тайланд, Монгол зэрэг 10 гаруй орны баг тамирчид өрсөлдсөн бөгөөд тэмцээн гуравдуаар сарын 2-7-ны өдрүүдэд боллоо.

Эмэгтэйчүүдийн рекурв (70 метр) буюу олимпийн зайн төрөлд өрсөлдсөн Буянжаргалын Оюун-Эрдэнэ Бразил, Тайландын тамирчдыг онооны давуугаар буюу 6:0, 6:2-оор хожиж, финалд шалгарсан. Тэрбээр аваргын төлөөх шийдвэрлэх харваанд Иракын Заман Ал Саедиг 6:5 онооны харьцаагаар хожлоо. Б.Оюун-Эрдэнэд хожигдсон Тайландын Васана Хутависа Японы тамирчин Аяа Наканишиг 6:4-өөр хожин, хүрэл медалийн эзэн болсон байна.

Рекурв холимог багийн харваанд Монголын баг алтан медаль хүртэж, Япон, Тайландын баг мөнгө, хүрэл медалийг авчээ.

Б.Оюун-Эрдэнэ залуу харваач Н.Мөнхбаатартай холимог багт харваж, эхний тойрогт хийлэн Иракыг 6:0-оор хожиж, финалд Японы багийг 5:4 онооны харьцаагаар буулган авсан байна.

Олон улсын тэмцээнд анх оролцсон Н.Мөнхбаатар рекурв төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Ирак, Бразил, Энэтхэгийн тамирчдыг дараалан хожиж, хагас шигшээд үлдсэн юм. Финалд өрсөлдөх эрхийн төлөө Тайландын Нетсирид ялагдсан ч хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх харваанд мөн Тайландын тамирчин Сакон Инкаевыг 6:0-оор хожин медалийн тавцанд зогслоо.

Н.Мөнхбаатарын хувьд олон улсын томоохон тэмцээнд анх удаа оролцож, багийн төрлөөр алт, хувийн харваагаар хүрэл медаль авлаа.

Монголын багийн ахлагч, дасгалжуулагчаар ‘Бээжин 2008’ паралимпийн аварга, ‘Рио 2016’ паралимпийн наадмын холимог багийн төрлөөр шагналт IV байрын эзэн, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав ажиллав.

Эх сурвалж: https://worldarchery.org

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж