Гадаадын зээл тусламжаар 1.1 их наядын ажил хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Гадаадын зээл тусламжаар 1.1 их наядын ажил хийнэ

Гадаадын зээл тусламжаар 1.1 их наядын ажил хийнэ

Сангийн яамнаас гаргасан мэдээгээр энэ онд Засгийн газар гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр нийт 126 төсөл, арга хэмжээнд 1.1 их наяд төгрөгийн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд эрчим хүч, боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбарын төсөл хөтөлбөрүүд багтаж буй аж. Тухайлбал, БНХАУ-ын 1.0 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл”, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”, Япон Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барих төслийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах. Энэтхэг улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэрийг барих төсөл зэрэг томоохон төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлэхэд энэхүү зээлийн эх үүсвэрийг зарцуулах юм байна.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэл, нийслэл хотын дэд бүтцийг хөгжүүлэх, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дараах томоохон төсөл, хөтөлбөрүүдийг шинээр болон үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдийг байгуулах, энэ бүсэд амьдарч буй айл өрхийг инженерийн шугам, сүлжээнд холбох, дэд бүтцийн хангамж үйлчилгээг өргөтгөх, суурь үйлчилгээний хүртээмж болон чанарыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгөөр Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд нийт тээврийн хэрэгслээр зорчиж буй зорчигчдын 55 хувийг хамардаг Энхтайваны өргөн чөлөөний дагуу тусгай замын зорчих тээврийн хэрэгслийг шинээр нэвтрүүлэх замаар авто замын түгжрэлийг 2025 онд 20 хувь хүртэл, 2030 онд 30 хувь хүртэл бууруулах. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх нүхэн гарц төслийн хүрээнд Нарны зам дагуу 7 байршилд төмөр замын доогуур нүхэн гарцыг байгуулж, хотын уулзваруудын нэвтрэх хурдыг нэмэгдүүлж, авто замын ачааллыг бууруулах. Туул гол дээгүүр Баянзүрхийн 288 метр, Сонсголонгийн 289.4 метр төмөр бетон гүүр барих төсөл, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засварлах төслүүдийн хүрээнд авто замын дэд бүтцийг сайжруулж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана гэж тооцож байна. Мөн, Улаанбаатар хотоос–Хөшигтийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал хүртэлх нийт 32.2 км хатуу хучилттай, 32.5 метр зорчих хэсгийн өргөнтэй, 2 урсгал, 6 эгнээтэй хурдны авто замыг тавьснаар тээврийн хэрэгслийн түргэн зорчих боломжийг нэмэгдүүлнэ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн, шинэчилснээр зам, тээврийн ослыг бууруулахаас гадна нийслэл хотын авто замын дэд бүтцийг сайжруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж