Трампт уламжилсан Ким Жон Уны “нууц санал”

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Трампт уламжилсан Ким Жон Уны “нууц санал”

Трампт уламжилсан Ким Жон Уны “нууц санал”

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Пхеньян, Вашингтоны хооронд яриа хэлэлцээ эхэлвэл өөрийн дүү Ким Ё Жоныг илгээж магадгүй хэмээн Өмнөд Солонгосын нэгэн дипломатч хэлжээ.

БНСУ-ын тусгай төлөөлөгч Чун Е-Ён энэ долоо хоногт Вашингтонд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх МакМастертай уулзахдаа Ким Жон Уны энэ саналыг дамжуулах бололтой.

Нэрээ нууцалсан дипломат эх сурвалж хэлэхдээ “Ким Жон Унд Трампын Засаг захиргаанд уламжилсан мессеж бий. Гэхдээ тэр үүнийгээ олон нийтэд дэлгэж, шүүмжлэлийн бай болохыг хүсэхгүй. Трампын Засаг захиргаанд уламжилсан тэрхүү санал дипломат харилцаанд өмнө нь огт байгаагүй зүйл. Гэхдээ АНУ-ын засаг захиргаа үүнийг олон нийтэд дэлгэх эсэхийг би хэлж мэдэхгүй” хэмээжээ.

Вашингтонтой яриа хэлэлцээ хийх тэрхүү нөхцөлийг БНСУ-ын тусгай төлөөлөгч Чун АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх МакМастертай уулзахдаа танилцуулах ажээ.

Пхеньянд хоёр өдрийн айлчлал хийж, Ким Жон Унтай уулзсан БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний тусгай төлөөлөгчид өчигдөр (2018.03.08) Коммунист улсын удирдагчтай уулзсан уулзалтаа тайлагнаж, хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалт зохион байгуулах төлөвлөгөөний талаар хэлэлцэхээр АНУ-ыг зорьсон. БНСУ-ын тусгай төлөөлөгч Чун Е-Ёны хамтаар тус улсын Үндэсний тагнуулын газрын дарга Су Хун дагалдан яваа бөгөөд АНУ-ын Тагнуулын төв агентлагийн дарга Майк Помпеотой уулзах ажээ.

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон өнгөрсөн сард БНСУ-ын Пёнчан хотод зохион явуулсан өвлийн олимпийн наадмын үеэр Хойд Солонгосын төлөөлөгчдийн хамт айлчилж, Ерөнхийлөгч Мүн Жэ Инийг Пхеньянд урьсан билээ. Коммунист дэглэмтэй Хойд Солонгосын удирдагчийн гэр бүлийн гишүүдээс Өмнөдөд айлчилсан анхны хүн болсон Ким Ё Жоныг одоо Ким Жон Уны дипломат харилцааны “гол зэвсэг” хэмээн олон улсын ажиглагчид бичиж байна.

Хойд Солонгос цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн гэв үү?

Пхеньянд айлчилсан БНСУ-ын тусгай төлөөлөгчид Сөүлд эргэж очсоныхоо дараа хийсэн албан ёсны мэдэгдэлдээ “АНУ хэрэв аюулгүй байдлыг нь хангах баталгаа өгч чадвал Пхеньян Вашингтонтой яриа хэлэлцээ эхлүүлж, цөмийн хөтөлбөрөөс татгалзахад бэлэн” хэмээн мэдэгдсэнийг уламжилсан юм. Мөн түүнчлэн Вашингтонтой яриа хэлэлцээ хийхээр тохиролцож чадвал өмнө нь хоёр Солонгосын хилийг заагласан цэрэггүй бүсэд гуравдахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар ярилцжээ.

Түүгээр зогсохгүй болзошгүй дайны байдалд шилжихээс өмнө хоорондоо зөвшилцөхийн тулд Өмнөд, Хойд Солонгосын удирдагчид шууд утсаар харилцаж байхаар тогтжээ. БНСУ-ын тусгай төлөөлөгчдийн Пхеньянтай байгуулсан зургаан талт хэлэлцээнд тусгагдсан бас нэг зүйл нь хэлэлцээ үргэлжилж байгаа үед Хойд Солонгосын засгийн газар стратегийн зэвсэг, тэр дундаа цөмийн пуужин туршихгүй гэдэг амлалт ажээ.

БНСУ тусгай төлөөлөгчдөө Вашингтон руу илгээсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын талаар анх удаа эерэг зүйл ярьж, “Яриа хэлэлцээ амжилттай болж магадгүй гэж бодож байна. Гэвч юу болохыг та бүхэн удахгүй харна” гэжээ.  Тэрбээр мөн “Зүүн хойд Ази дахь цөмийн зэвсгийн аюул заналыг арилгах асуудал удахгүй шийдэгдэнэ” гэсэн юм.

Пёнчаны өвлийн олимпийн наадамтай холбоотойгоор БНСУ болон АНУ тус бүс нутагт эхлүүлсэн хамтарсан цэргийн хээрийн сургуулилтаа түр зогсоох шийдвэр гаргасан нь бүс нутгийн хурцадмал байдлыг түр намжаасан.  Олон улсын ажиглагчид тус бүс нутгийн намжмал байдлыг энхтайван тогтоох эхний алхам гэж хэлж байгаа юм. Гэвч Пентагон хоёрдугаар сараас дөрөвдүгээр сарын хооронд “Foal Eagle” нэртэй цэргийн хээрийн сургуулилтыг уламжлал болгон зохион явуулдаг. Хэрэв Пентагон цэргийн хээрийн сургуулилтыг эхлүүлвэл бүс нутагт хурцадмал байдал дахин дэгдэх нь гарцаагүй.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж