Шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд санал болгов

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд санал болгов

Шинэ хувьцааг бүртгэж, олон нийтэд санал болгов

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өчигдөр/2018.03.07/ болж 20 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдаж буй “Лэндмн ББСБ” ХХК-ийн нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 800 сая ширхэг хувьцааг бүртгэхээр боллоо. Үүнээс 12.5 хувийг нь буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон, мөн 12.5 хувь буюу 100 сая ширхгийг тодорхойлсон стратегийн хөрөнгө оруулагчдад тус бүрийг нь 25 төгрөгийн тогтоосон үнээр худалдахыг зөвшөөрөв. Тус компани “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-аар олон нийт болон тодорхойлсон хөрөнгө оруулагчдад хувьцаа арилжаалж нийт 5.0 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүнийг өөрийн үндсэн бүтээгдэхүүн болох хэрэглээний зээлийн санхүүжилтийн эх үүсвэрт зарцуулах юм. Энэхүү хувьцааны андеррайтингийн үйлчилгээг “Мирэ эссет секьюритис Монгол” ХХК, аудитын үйлчилгээг “Эрнст энд Янг Монголия Аудит” ХХК, хууль зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг “Эм Ди Эс энд Хаанлекс” ХХН, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг “Гэрэгэ эстимэйт” ХХК тус тус үзүүлж байна. Хороо худалдаалах хувьцааны 80-аас дээш хувийг арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд худалдах ажиллагаа амжилттай болсон тооцох, худалдагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүй болгохоор шийдвэрлэж, арилжааг амжилттай зохион байгуулахыг дээрх мэргэжлийн байгууллагууд, үнэт цаас гаргагч нарт үүрэг болголоо.

Мөн Хорооны хуралдаанаар, 2008 онд зогсоосон “Усжуулах” ХК-ийн хувьцааны арилжааг 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сэргээхээр шийдвэрлэж, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д тус тус үүрэг болголоо. Увс аймагт үйл ажиллагаа явуулж байгаа “Усжуулах” ХК-ийн нэр бүхий томоохон хувьцаа эзэмшигч нар нийт 394 833 ширхэг хувьцаагаа “Түмэн шувуут” ХХК-д бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэх хүсэлт ирүүлсэн бөгөөд арилжаа нь зогссон хувьцааг арилжааны бус хэлбэрээр бусдад шилжүүлэх боломжгүй юм. Тиймээс зохих шаардлагыг хангуулсны үндсэн дээр хувьцааны арилжааг сэргээлээ.

Хороонд ирүүлбэл зохих тайлан мэдээг дөрвөөс дээш улирлын турш ирүүлээгүй, тусгай зөвшөөрлийнх нь хүчинтэй хугацаа дуусаад 1-7 улирал өнгөрсөн, зохистой харьцаа, дагаж мөрдөх үзүүлэлтүүдийг хангаагүй, зөрчлүүдийг арилгуулахтай холбоотойгоор Хорооноос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангалтгүй гэсэн үндэслэлүүдээр “Гүүд лайф”, “Дөргөн хөгжил”, “Наран хас булаг”, “Мандах хөгжилт”, “Завхан нөхөрлөл”, “Өсөх өндөр” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг гурван сарын хугацаагаар түдгэлзүүллээ.

Мөн 2015 оноос хойш арилжаанд оролцоогүй, санхүүгийн тайлан мэдээгээ сүүлийн 2-3 улирал ирүүлээгүй ‘Саяанхаан ХААБ’, ‘Стандарт таваар ХААБ’, ‘Вүүдсоунд ХААБ’, ‘Эрхэм сүрэг ХААБ’ ХХК-уудын Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов. Түүнчлэн бүх гишүүдийнхээ хурлаар татан буулгахаар шийдвэрлэсэн “Есөн дэлбээ” ХЗХ-ны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх болон хувь нийлүүлсэн хөрөнгөө зохих хэмжээнд хүргэн нэмэгдүүлж ажиллаагүй “Эйсассошиэйтс ББСБ” ХХК-ийн банк бус санхүүгийн зээл, хөрөнгө оруулалт, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгай зөвшөөрлүүдийг тус тус хүчингүй болголоо.

Хуралдаанаар, хадгаламж, зээлийн хоршооны болон даатгалын зуучлагчийн, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус бүр нэг аж ахуйн нэгжид шинээр, гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нэг аж ахуйн нэгжид нэмж олголоо. Мөн таван ХЗХ, нэг ХААБ-ийн арилжааны зуучлагч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгав.

Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж