Гурван жагсаал давхацсан Мартын 8

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Гурван жагсаал давхацсан Мартын 8

Гурван жагсаал давхацсан Мартын 8

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбогдуулан Нийслэлийн төв Сүхбаатарын талбайд гурван жагсаал зэрэг зохион байгуулагдаж байна. Жагсаалууд бүгд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахыг уриалсан утга санаатай ч өөрсдийн онцлог шаардлага, уриатай үргэлжилж байна.

ЖАГСААЛ 1: Төр засаг Үндсэн хуулиа мөрдөх ёстой

“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын дэргэдэх “Ээжүүдийн холбоо” ТББ, Худалдаачдын холбоо хамтран “Бидэнд баярлах шалтгаан байхгүй” уриан дор цуглаж байна. 2017 онд гурван ээж нүцгэлэж үзэл бодлоо илэрхийлж байсан бол энэ удаа найман ээж нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлж байгаа юм байна.

“Ээжүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Алтанзагас

“Төр засагтаа маш их гомдож байна. Бидний хийж байгаа цуглааныг дэмжихгүйгээр хавчиж, тайз хүртэл засуулсангүй. Өнөөдөр эрхийнхээ төлөө бид өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж байна. Хамгийн гол нь Үндсэн хуулиа мөрдөж өгөөч ээ гэсэн шаардлага тавьж байна. Өмнөх жилээс бид тэмцлийн бүхий л арга хэлбэрээр явж байгаа. Маш их гомдолтой байна. Төр засаг Үндсэн хуулиа мөрдөж байсан бол энэ олон хүчирхийлэл гарахгүй  байсан байх. Даарлаа гээд яахав үнэхээр гутарч байна” 

ЖАГСААЛ 2: Төр засгаас гомдол нэхээгүй

Монголын залуучуудын холбооноос санаачлан “Хүчирхэг эмэгтэйчүүд амар тайвны гүүр болдог” тайван жагсаал дөрөв дахь жилдээ зохион байгуулж байна.

А.Цэгмид

“Ардын уран зохиолч Т.Галсан “Жилд 365 хоног байдаг бол Монголын баяр 990 хоног болж хавтгайрчээ” гэсэн утгатай шүлэг бичсэн байдаг. Өнөөдөр үнэхээр зохиолчийн маань хэлсэн шиг болсон байна. Жилийн 365 хоногт хүчирхэг эмэгтэйчүүдийнхээ төлөө, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө санал нэгтэй байгаарай Монголчуудаа гэж уриалж байгаа жагсаал юм. Тэрнээс биш төр засагтаа гомдол нэхэх нь манай жагсаалын зорилго биш. Энэ жагсаалд сайн дураараа ирсэн. “Мартын 8” гэдэг баярыг хавтгайруулахгүйгээр эрхийг хамгаалах ёстой гэдгийг сануулж байна” гэлээ.

ЖАГСААЛ 3: Эв санааны нэгдлээ илэрхийлэх өдөр

“Нэг тэрбумаараа тэмцье” олон улсын эсэргүүцлийн арга хэмжээг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ зургаа дахь жилдээ бусад хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. 
 

“Монфемнет” Үндэсний сүлжээ ТББ-ын хөтөлбөрийн ажилтан Д.Должинсүрэн

“Дэлхий дээр долоон тэрбум хүн байдаг. Тэрний нэг тэрбум хүн буюу гурван эмэгтэйн нэг нь амьдралынхаа аль нэг үед хүчирхийлэл, дарамт, ялгаварлан гадуурхалтад өртдөг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаа байдаг. Ийм учраас бид нэг тэрбумаараа тэмцье гэсэн зорилготой. Өнөөдөр бол эрхээ баталгаажуулах, эв санааны нэгдлээ илэрхийлэх өдөр ч гэсэн манай улсад илүү баярын шинж чанартай болдог. Гэхдээ өнөөдөр эмэгтэйчүүдийн эрх хаана зөрчигдөж байна, нийгэмд хувь нэмрээ оруулах боломж нь хаана хумигдаж байгааг гаргаж ирэх. Үүнийг шийдвэрлэхийн тулд бид яах ёстой вэ гэдэг шийдлээ эрэлхийлэх ёстой өдөр юм. Баяр гэхээсэ илүү утга учрыг нь олон нийтэд мэдүүлэх зорилгоор энэ үйл ажиллагааг хэрэгжүүлж байна” гэлээ.

Дээрх хүний эрхийн болон жагсаалд оролцож буй иргэд хамтран Сүхбаатарын талбайг тойрч алхан дуу хоолойгоо нэгтгэж байна.

Гэрэл зургийг Э.Энхбат

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж