Индонезийн Бандунг амьтны хүрээлэнгийн орангутан сармагчин нэгэн үзэгчийн өгсөн янжуурыг амандаа зуун, татаж буй бичлэг цахим сүлжээнд тарсан даруйд амьтны эрхийн хамгаалагчдын хараанд өртөж, эсэргүүцэлтэй тулгарсан байна.
Амьтны эрхийг хамгаалагчид энэ хэрэгт хүрээлэнгийн ажилтнуудыг буруутгаж, тэднийг баахан баалжээ. Бандунг амьтны хүрээлэнгийн ажилтнууд үдийн цайндаа явсан хойгуур дээрх хэрэг болсон хэмээгээд ийм зүйл болсонд харамсч буйгаа илэрхийлсэн байна.
Индонез улс тамхи татдаг иргэдийн тоогоор дэлхийд дээгүүрт бичигддэг бас амьтны эрхийн хамгаалалт муу орон ажээ.
Индонезийн Амьтны эрхийн төлөөх байгууллага Бандунг амьтны хүрээлэнгийн дотоод хяналт болон стандарт маш муу байгааг шүүмжилсэн байна. Тэдний хэлж буйгаар Индонез дэх бараг бүх амьтны хүрээлэнгийн төмөр торноос авахуулаад зэрлэг амьтдын хооллолт тун тааруу байдаг гэнэ. Амьтны эрхийн төлөөх байгууллага 2017 оноос хойш тус амьтны хүрээлэнг хаахыг шаардаж байгаа ч хүчрэхгүй байгаа ажээ.
Тус амьтны хүрээлэнгийн турж, эцсэн баавгай үзэгчдээс идэх юм царайчилж буй зураг цахим сүлжээнд тавигдсаны дараа хүрээлэнг хаах шаардлага хүргүүлсэн байна. Амьтны хүрээлэнгийн сармагчин янжуур татсан тохиолдол анхны удаа биш гэнэ. Ява арлын Тару Журуг нэртэй амьтны хүрээлэнгийн Тори нэртэй орангутан үзэгчдийн хаясан янжуурыг авч татдаг зуршилтай байжээ. Сармагчны энэ зуршлыг арилгахын тулд ажилтнууд түүнийг тусгаарласан гэдэг.
Эх сурвалж: BBC