“Оскар” тойрсон хов жив, дуулиан шуугиан одоо хэр нь хуучраагүй байна. Кино урлагийн салбарын хамгийн том наадмын дараах сонин сайхан шар хэвлэлийн хуудаснаа гарсаар л байгаа.
Цаг үеийнхээ хамгийн шилдэг жүжигчин гэж зүй ёсоор үнэлэгдэж байсан ч кино урлагт зүтгэснээс хойш бүтэн 40 жилийн дараа “Алтан хүн” гардсан Английн жүжигчин Гари Олдманы баярт үдшийг харамсалтай нь, салсан эхнэр нь “үймүүлж” орхив. Гаригийн салсан эхнэр Доня Фиорентино нь түүнийг эхнэртээ гар хүрч байсан, хүчирхийлэгч хэмээн цоллож, ийм хүчирхийлэгчид “Оскар” өгсөнд нь зохион байгуулагчдыг буруутгажээ. Түүнчлэн “Бие махбодь, сэтгэл зүйн хүчирхийлэгч” гэж экс-нөхрөө цоллов. “Хамт амьдарч байхдаа хүүхдүүдийнхээ өмнө утасны харилцуураар цохисон, мансууруулах бодис, архи, бие үнэлэгчдэд мөнгөө харамгүй зардаг байсан, хамтдаа амьдарсан тэр дөрвөн жил хар дарсан зүүд байсан” гэж тэр өмнө нь шүүх танхимд мэдэгдэж байжээ. Гари мэдээж үгүйсгэж, маргаан болох үеэр санамсаргүй түүнийг цохисон гэж хариулж байв.
Харин тэдний хүү Гулливер эцгийгээ өмөөрч, нээлттэй захидал нийтэлсэн юм. Тэрбээр аавыгаа “баатар эр” гэж боддог, үлгэр дуурайлал авдаг тийм л хүн гэж тодорхойлжээ. Хүү нь мөн “Аавын минь эсрэг худал хуурмаг гүтгэлэг, гүжирдлэг, ялангуяа өчнөөн жилийн өмнө шийдэгдээд дууссан асуудлаар аав руу минь дайрч байгааг харахад сэтгэл өвдөж, зүрх зүсэгдэж байна” гэсэн байв.
Сүүлийн үед Холливудын ертөнцийг олонтаа доргиосон бэлгийн дарамт, хүчирхийллийн шуугиан дунд болсноороо энэ жилийн Оскар онцлогтой байсан. Ийм үед “Оскар”-ын ялагчийг ийм хэрэгт буруутгасан нь олон нийтийн дунд багагүй маргаан үүсгэсэн юм.
Гари Олдман өнгөрсөн ням гаригт /2018.03.04/ болсон 90 дэх удаагийн Академийн дээд шагнал гардуулах ёслолоос “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” гэх эрхэм шагналын эзэн болсон. “Darkest Hour” /Цөвүүн цаг/ кинонд бүтээсэн Уинстон Черчиллийн дүрээр тэр салбарынхаа оргил шагналыг хүртжээ. Яг энэ дүрээрээ тэрбээр “Алтан бөмбөрцөг”, BAFTA наадмаас ч шилдэг гэх шагналын эзэн болсон юм. Британийн түүхэн дэх агуу удирдагчийн дүрийг бүтээхийн тулд 59 настай жүжигчин эр өдөр бүр дөрвөн цагийг зөвхөн нүүр хувиргахын тулд толины өмнө сууж өнгөрүүлсэн гэдэг.
Гари Олдман зөвхөн дэлгэцийн бүтээл төдийгүй тайзны урлагт, бас телевизийн олон ангит бүтээлд цөөнгүй дүр бүтээсэн. Холливудын “акулууд”-тай харьцуулахад, нэр алдар нь хорвоо дэлхийгээр түгээгүй ч “Харри Поттер”-ын цувралд бүтээсэн Сириус Блэк, бас “Бэтмэн”-ий цувралд мөрдөгч Жеймс Гордоны дүрээрээ тэр илүү алдартай. Нийтдээ тэр өргөн дэлгэцийн 70 орчим кино, телевизийн 10 гаруй цувралд тогложээ.
Гари Леонард Олдман 1958 оны гуравдугаар сарын 21-нд Английн Лондон хотын Нью Кросст төрсөн, өдгөө 60 насны босго алхаж яваа. 1979 оноос жүжигчний замналаа эхлүүлж, 1983 онд анхны кино болох “Meantime” /Тэр хооронд/ кинонд дүр бүтээжээ.
Гари бас авьяаслаг хөгжимчин. Туйлын өндөр мэдрэмжтэй төгөлдөр хуурч. “Жүжигчин болохоос илүү хөгжимчин болох ёстой байсан юм” гэж Гари өөрөө ярьсан нь ч бий. Тэр өөрийнхөө тоглосон “Sid and Nancy” /Сид, Нэнси хоёр/ киноныхоо дууг өөрөө зохиож байсан удаатай. Бас Харри Поттерийн дүр бүтээсэн жүжигчин Дэниэл Рэдклиффт басс гитар хэрхэн тоглохыг зааж өгсөн гэдэг.
Британи болон АНУ-ын давхар иргэншилтэй тэрбээр таван удаа гэрлэж байсан. Анхны эхнэр Лесли Мэнвилл /1987-1990/, дараа нь Ума Турман /1990-1992/, Доня Фиорентино /1997-2001/, Александра Эденбороу /2008-2015/ гээд алдартай жүжигчин, гэрэл зурагчин, хөгжимчин гээд тухайн цаг үеийнхээ сайхан бүсгүйчүүдтэй холбогдож явсан нэгэн. Одоогийн эхнэр нь Жизель Шмит. Зохиолч, урлагийн куратор бүсгүйтэй Гари 2017 онд гэрлэжээ. Хамтдаа нэг бус удаа улаан хивсний ёслолд зочилж, олон нийтийн арга хэмжээнд очсон ч эхнэрийнх нь тухай мэдээлэл хомс байдаг.
Гари гурван хүүтэй. Анхны эхнэрээс нь төрсөн ууган хүү Альфи Олдман 30 настай. Харин Доня Фиорентиногоос төрсөн хоёр хүүг нь Гулливер Флинн /20 настай/, Чарли Жон /18 настай/ гэдэг. Бага хүү Чарли нь модель.
2014 онд “The Independent” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Гари амьдралдаа олж авсан хамгийн агуу зүйл нь юу болох тухай хэлж байв. Тэрбээр
“Би гэрлэж, дахин гэрлэж таван жил амьдарсан. Гэхдээ ганц бие аавын амьдралыг 10 жил туулсан. Ийм л юм болсон. Би хоёр хүүхдээ өсгөх хэрэгтэй байсан. Амьдрал намайг сорьсон хамгийн том, хамгийн хүнд зүйл гэвэл ганц бие аав байсан үе минь. Энэ л надад маш агуу мэдрэмжийг өгсөн. Маш их баяр баясгалан, амар амгаланг би тэндээс мэдэрсэн. Тэд маань эрүүл саруул, амар амгалан байгааг харчхаад орондоо орно гэдэг юу юунаас ч илүү сайхан зүйл”
хэмээн ярьж байжээ.
ГАРИ ОЛДМЭНИЙ БҮТЭЭСЭН ОНЦГОЙ ДҮРҮҮД:
С.ЦЭЛМЭГ