Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурлын золиос нь эмэгтэйчүүд болсныг зогсоох ёстой

Хуучирсан мэдээ: 2018.03.08-нд нийтлэгдсэн

Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурлын золиос нь эмэгтэйчүүд болсныг зогсоох ёстой

Х.Баттулга: Ажилгүйдэл, ядуурлын золиос нь эмэгтэйчүүд болсныг зогсоох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 11 дэх жилдээ алдарт эхийн одонтой 1000 ээжийн чуулган өнөөдөр /2018.03.08/ Төрийн ордны Их танхимд боллоо.

Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд тохиодог Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж тус чуулганыг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа асуудалд шийдэл гарц хайдаг.  Энэ удаад орон сууцны хөтөлбөрт олон хүүхэдтэй ээж нарыг тэргүүн ээлжинд хамруулах асуудлыг хөндөж ярьж байна. Ингэхдээ жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээлд олон хүүхэдтэй ээж нарыг хамруулах. Урьдчилгаа төлөх боломжгүйг нь түрээсийн орон сууцанд хамруулах зэрэг шаардлага байгааг Одонтой ээжүүдийн холбооны ерөнхийлөгч онцоллоо. 

Чуулганд Монголын өнцөг булан бүрт амьдран суугаа ээж нарын төлөөлөл болсон эрхмүүд оролцдог.  Өнөөдрийн чуулганд оролцож байгаа одонтой ээжүүдийн төлөөлөл дотор хамгийн ахмад нь 92 настай буурал байна.  

Тус чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлснийг ээж нарт уншиж танилцууллаа. Илгээлтэд ‘Өнөөгийн эмэгтэйчүүд айл гэрийн жинхэнэ тэргүүн, гол нөлөөлөл, шийдвэрийн цөм болдог. Гэвч төрийн алба, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байна. Уг нь статистикт итгэх юм бол дээд боловсролтой иргэдийн дийлэнх олонх нь эмэгтэйчүүд байгаа юм. Тийм болохоор Монголын түм түмэн ээжүүдийн төлөөлөл мянган ээж цугласан энэ баярын илгээлтдээ би эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг улс төрд болон төрийн удирдах дээд албанд бий болгох, өргөжүүлэхийн төлөө бодитой ажлууд хийх, санаачлахыг эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд болон улс төрийн намуудад уриалах байна.

Өнөөгийн Монголын эмгэнэлт дүр төрх болчихоод байгаа ядуурал, ажилгүйдэл, ёс зүйгүй, шударга бус байдлын золиос нь юуны түрүүнд эмэгтэйчүүд болж, хуульгүй, ёс зүйгүй байдалд тэд хамгийн түрүүнд өртөж байгааг бид эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах энэ өдөр сануулах, засаж залруулахыг шаардах ёстой.

Ерөнхийлөгчийн хувиар Улаанбаатар хот, аймгуудаар тойрч, иргэдийн дуу хоолойг сонсоход эмэгтэйчүүд илүү идэвхтэй, шаардлага өндөртэй байдаг нь ажиглагдаж байна. Тэд төр засгаасаа халамж, бэлэн мөнгө шаардахгүй байна. Монголчууд, Монголын эмэгтэйчүүд төрөөсөө юуны өмнө шударга ёсыг л нэхэж байна. Хуультай, ёс зүйтэй төр шиг төрийг хүсэж байна.

Эмэгтэйчүүд төрөөсөө ажлын байр шаардаж байна. Тэд эзэмшсэн мэргэжил, ажил хийж олсон мөнгөөрөө гэр бүлээ, үр хүүхдээ өсгөж бойжуулах, сурган хүмүүжүүлэх, эрүүл саруул өсгөх тийм хэвийн нөхцөл, зүй ёсны тогтолцоог л шаардаж байна.

Олон хүүхэд гаргасан болон бага насны хүүхдээ асарч байгаа, мөн өрх толгойлсон эхчүүдэд төрөөс дэмжлэг үзүүлсэн хууль эрхзүйн орчин бий болсон нь сайшаалтай байгаа ч улам сайжруулах, цаашлаад орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулдаг болох боломжийг бүрдүүлэхэд санаачилгатай ажиллах болно.

Эмэгтэйчүүдээ нүүр бардам, эрх тэгш, жаргалтай сайхан амьдрах нөхцөлийг хангаж чадахгүй юм бол Улсын Их Хурал, Засгийн газар, төр гэж байгаад яах вэ. Эмэгтэйчүүд нь гуниг зовлонд нэрвэгдэж байхад сонгогдсон түшмэд нь үнэтэй машинаар уралдаж, увайгүй луйварчдад төрийн өмчөөр баталгаа гаргаж суух нь төрийн үүрэг мөн билүү? Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахгүй, тэдний хэвийн амьдралын нөхцөлийг бүрдүүлэхгүй юм бол сонгууль хийх, түшмэдийг сонгохын утга учир нь юунд байх билээ.

Мянган ээжийн баярыг би бүх ээжийн эрхийг хамгаалах, тэдний төлөө дуугарах өдөр л гэж ойлгож байгаа. Тийм болохоор хэлэх гэснээ тэсэлгүй хэллээ. Уучлал хүсье.

Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг дахин ерөөе” гэжээ.

Чуулганы үеэр мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан одонтой ээж нарт өргөмжлөл гардуулсан юм. 

Гэрэл зургийг Э.ЭНХБАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж