Шашин хоорондын мөргөлдөөн олшров

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Шашин хоорондын мөргөлдөөн олшров

Шашин хоорондын мөргөлдөөн олшров

Азийн орнуудад шашин хоорондын мөргөлдөөн гарах нь нэмэгджээ. Тухайлбал, буддын шашинтан олонх Мьянмар улсад исламын шашин шүтлэгтэй рожинга үндэсний цөөнхийн эсрэг дайралт гарч олон улсын анхаарлыг татсан. Олон мянган рожинга үндэстэн Мьянмарын иргэдийн дайралт болон цэргийн ажиллагаанаас болж хөрш Бангладеш зэрэг исламын шашинтан олонх улс руу дүрвэсэн юм. Тэгвэл Шри-Ланка улсад буддын шашинт иргэд исламын шашинтнуудын бизнесийн байгууллага, сүм хийд рүү халдаж үймээн дэгдээх болов. Шри-Ланкын ерөнхийлөгч онц байдал тогтоосон боловч мөргөлдөөн зогсохгүй байгааг цагдаагийн газраас мэдээлсэн байна. Мөргөлдөөний улмаас нэг цагдаа гэмтэж бэртсэн аж. Энэхүү мөргөлдөөн ням гаригийн шөнө залуус хоорондоо мөргөлдөж, буддын шашинтан амь үрэгдсэнээс үүджээ. Шри-Ланкын цайны цэцэрлэгт хүрээлэнгээрээ алдартай, жуулчдын ихээр зорчдог бүсэд ийнхүү шашны мөргөлдөөн гарсан нь аялал жуулчлалд хохирол учруулжээ.

Шри-Ланкын исламын шашинтнуудыг иргэдийг хүчээр элсүүлж, буддын шашны археологийн дурсгалт газруудыг сүйтгэж байгаад буруутгаж байна. Түүнчлэн Мьянмараас дүрвэж ирсэн рожинга үндэстнийг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байв. Шри-Ланкын ерөнхийлөгч мөргөлдөөн гарсны дараа тус бүс нутагт долоо хоногийн онц байдал тогтоожээ. Шри-Ланкад Тамилийн салан тусгаарлагчдын эсрэг иргэний дайнаас бүрэн сэргэж амжаагүй байгаа нөхцөлд шашны мөргөлдөөн гарах болсон нь засгийн газрын санааг зовоож байгаа аж. Тус иргэний дайн 26 жилийн турш үргэлжилсний эцэст 2009 онд дуусчээ. Шри-Ланкын 21 сая хүн амын 9 хувь нь исламын шашинтан юм. Энэ нь үндэсний цөөнх Тамилчуудын дараа орох маш бага бүлэг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж