Хэвлэлийнхэн хар тамхины эсрэг нэгдэв

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэн хар тамхины эсрэг нэгдэв

Хэвлэлийнхэн хар тамхины эсрэг нэгдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Цагаан тахал-Улаан гэрэл” зорилтот төслийг МҮОНТ, “News’ агентлаг, “Зууны мэдээ сонин”, “Eagle’ телевиз, “Монголын медиа корпораци”-ийн эмэгтэй удирдлагууд санаачлан эхлүүлж байна.

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулж энэхүү санамж бичигт гарын үсэг зурсан юм.  Хар тамхи, түүний хор хөнөөлийн цаана эмэгтэйчүүд сэтгэл санаа, бие махбодийн зүгээс хохирдог. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын эмэгтэй удирдлагууд хар тамхины асуудлыг сонгон авч санамж бичгийн хүрээнд тууштай ажиллах гэж байна. Энэхүү санамж бичгийн нээлтийн үеэр МҮОНТ-ийн захирал Л. Нинжжамц “Хар тамхи өдөр ирэх тусам бидний сэтгэлийг зовоосон асуудлын нэг боллоо. Тиймээс хар тамхи мансууруулах бодисын эсрэг бүх нийтийн байгууллагуудын дуу хоолой болж, иргэдэд хар тамхины хор уршгийг мэдлэг мэдээллээр дамжуулж иргэн хүнд хор хөнөөлийг таниулах болно” гэв. Уг санамж бичиг зурах арга хэмжээнд төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирсэн байв.


Санамж бичгийн гол зорилго: 

Хар тамхи, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хуулийн хэрэгжилтийг хангах, энэхүү бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах явдал юм. Мөн хар тамхины хууль бус наймаа,  үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх зорилготой.

Хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавихтай холбоотой хууль, дүрэм, журам хөтөлбөр Олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг нэгтгэж идэвхжүүлэхэд чиглэгдэж буй.


Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн

Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга О.Цэенрэгзэн ‘Хэвлэл мэдээллийн байгууллагууд  энэхүү арга хэмжээг эхлүүлж буйд талархаж байна. Хар тамхи бол үндэсний хэмжээний гамшиг болсон байгааг бид бүхэн мэднэ. Хууль шүүхийн байгууллага гэхээс илүүтэй хэвлэл мэдээллийн байгууллага хар тамхины хор уршгийг танин мэдүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол Улсын гаалийн байгууллага үндсэн чиг үүргийнхээ дагуу улсын төсвийг бүрдүүлэх, хууль ёсны худалдааг хөнгөвчлөх чиг үүргийнхээ дагуу ажиллаж байна. Өнгөрсөн онд Монгол Улсын гаалийн байгууллага есөн удаагийн үйлдлээр 12 давтамжаар нийт 300 грамм хар тамхи мансууруулах бодисыг илрүүлсэн. Энэ тал дээр бусад хууль хүчний байгууллагатай хамтран  таслах зогсоох арга хэмжээ авч байгаа.

Хятад улсад  2008 онд манай улсын иргэн хамгийн анх хар тамхи зөөсөн хэргээр  баривчлагдаж байсан. БНХАУ-ын Эрүүгийн хуульд 50 граммаас дээш хар тамхи зөөвөрлөвөл ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оногдуулдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд хар тамхи борлуулсан хэрэгт өртөж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар хилийн чанадад Монгол Улсын 38 иргэн хар тамхитай холбоотой асуудлаар ял эдэлж байна. Үүний 37 нь БНХАУ-д, нэг нь Словак улсад ял эдэлж байна‘ гэв. 

“Нюьс” агентлагийн захирал Р.Мөнхзул

“News” агентлагийн захирал Р.Мөнхзул ‘Сүүлийн жилүүдэд хар тамхитай холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн. Статистикаас харахад 70 гаруй хувь нь 35 хүртэлх насныхан эзэлж байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн асуудал юм. Өсвөр үеийхнийг хар тамхинаас урьдчилан сэргийлж, хор хөнөөлийг  нь тэдэнд тайлбарлан таниулахад хэвлэл мэдээллийн байгууллага онцгой үүрэгтэй ажиллах ёстой. Тиймээс бид өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй ‘Цагаан тахал-Улаан шугам’ арга хэмжээг санаачлан эхлүүлж байна’ гэлээ. 

 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж