Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа

Нийслэлийн засаг даргын Тамгын газраас нийслэлийн шилдэг 8 эмэгтэйг тодрууллаа.

Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр Монгол Улсын гавьяат багш, Ардын багш Л.Гантөмөр, Монгол Улсын гавьяат хуульч, хууль зүйн ухааны доктор Р.Оюунбадам, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Оюунгэрэл, Онц тээвэрчин Г.Дунгаамаа, “Жүр үр” ХХК-ийн захиргаа эрхзүйн албаны дарга Б.Мөнхзул, “Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа, Яруу найрагч Б.Ичинхорлоо, Дуучин С.Нараннар шалгарсан юм.

Шилдэг эмэгтэйчүүдийн танилцуулга:

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ, АРДЫН БАГШ Л.ГАНТӨМӨР.

Бага ангийн багшаас ажлын гараагаа эхэлсэн Л.Гантөмөр багшийн удирсан анги монгол хэлний олимпиадад дүүрэг, хот, улсад тогтмол тэргүүн байр эзэлдэг, 5 жил тутамд явагддаг яамны шалгалтаар 100 хувийн дээд амжилт тогтоож байсан нь түүний багшлах ур чадвар, хичээл зүтгэлтэй шууд холбоотой. Бяцхан шавь нараа сурган хүмүүжүүлэхээс гадна хамтрагч багш нартаа өөрийн арга туршлага зааж сурган, мэдсэн сурснаа бусаддаа хуваалцан сурган хүмүүжүүлэх их үйлсийн аянд бяцхан шавь нарынхаа шуугианаас холдож чадалгүй зүтгэж явна.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Р.ОЮУНБАДАМ.

Улсад тэр дундаа хорих байгууллагын удирдлагаар олон жил ажилласан түүнийг Монголын анхны эмэгтэй хурандаа, Эмэгтэйчүүдийн хорихын дарга, гавьяат хуульч, доктор гэдгээр сайн танина. Шийдвэр гүйцэтгэх байгууллагад олон жил ажилласан гавьяат маань өдгөө Шихихутаг их сургуульд багшилж, ирээдүйн хуульч нарыг бэлтгэх их үйлсэд ханцуй шамлан зүтгэж байна.

ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН Б.ОЮУНГЭРЭЛ.

Нийслэлийн ууган төрөх Өргөө амаржих газрын эх баригчаар 38 жил ажилласан Банзрагчийн Оюунгэрэл. 19800 хүүхдийг эсэн мэнд эх барьж, хүйн ээж нь болсон тэрээр Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цол тэмдгээр шагнагдсан. Өргөө амаржих газрын хоёр, Монгол Улсын долоон Эрүүлийг хамгаалахын гавьяатны нэг юм. Тэрээр дэлхийн зургаан тэрбум дахь иргэний үе чацуутан Т.Бумбаярыг, Монгол Улсын хоёр сая, гурван сая дахь иргэн, нийслэлийн нэг сая дахь иргэнийг эх барьжээ. Түүний өвөө, аав нь олон хүүхдийг эх барьсан алтан гартнууд байжээ.

ОНЦ ТЭЭВЭРЧИН Г.ДУНГААМАА.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын троллейбусны жолооч, онц тээвэрчин Гомбодоржийн Дунгаамаа. “Цахилгаан тээвэр” компанид 1995 оны арваннэгдүгээр сард кондуктороор ажилд орсноосоо хойш үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн. Нийслэлийн өнгө төрх болсон нийтийн тээврийн салбарт зүтгэж, нийслэлчүүддээ түргэн шуурхай, цэвэрч нямбай, соёлтой үйлчилж байгаа эмэгтэйг онцолж байна. Тэрээр “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын хоёрдугаар баазын 20 эмэгтэй жолоочийн нэг юм.

“ЖҮР ҮР” ХХК-ИЙН ЗАХИРГАА ЭРХЗҮЙН АЛБАНЫ ДАРГА Б.МӨНХЗУЛ.

1998 онд 1 технологич, 2 туслах ажилтантай 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаа эхлүүлж байсан“Жүр үр” ХХК нь өдгөө 380 гаруй ажиллагсадтай, 40 гаруй нэрийн бялуу, 100 гаруй нэр төрлийн амтат бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотод 5 салбар, Дархан Эрдэнэт хотод 3 салбартай томоохон аж ахуйн нэгж болжээ.

АЛДАРТ ЭХ УНДАРМАА.

“Хатан заяа” салоны шивээсчин, алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээж Д.Ундармаа. Тэрээр хоёр хүү, дөрвөн охинтой бөгөөд өдгөө 33 настай. Гоо сайхны шивээсчний мэргэжлээрээ 10 гаруй жил ажилласан. Түүний хань Л.Отгонбаяр “Империал такси” компанид жолоочоор ажилладаг. Танилцаад 20 шахам жил болж байгаа энэ өрхийн хос баганын нэг Д.Ундармааг Нийслэлийн шилдэг эмэгтэйгээр шалгарууллаа. Д.Ундармаа “Хатан заяа” салоны хамт олонтойгоо ирэх тавдугаар сард БНСУ-д болох тэмцээнийг зорих гэж байна.

ЯРУУ НАЙРАГЧ Б.ИЧИНХОРЛОО.

Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу най­рагч Баярхүүгийн Ичинхорлоо нь 1990 онд “Тэнгэр”, 1991 онд “Эх нутаг” шүлгээрээ “Болор цом” яруу найргийн наадамд дараалан түрүүлсэн цорын ганц яруу найрагч юм. ‘Гэгээн зүг’ номоороо МЗЭ -ийн шагнал хүртсэн яруу найрагч маань өдгөө Монгол Улсын Үндэсний Номын Сангийн захирлаар ажиллаж байна.

ДУУЧИН С.НАРАН.

Монголын рок попын тайзыг өөрийн өвөрмөц дуу хоолойгоороо хөглөдөг дуучин бол поп дива С.Наран. СУИС-ийн кино драмын ангийг жүжигчин мэргэжлээр төгсч улмаар Бээжингийн Драмын улсын академийн урлагийн менежментийн ангийг төгссөн дуучин маань “Сайхан”, “My voice”, “Best of Naran” зэрэг бие даасан цомгуудаа гаргаж, 2009 онд “My Voice” анхны бие даасан тоглолтоо хийснээс хойш “My Voice-II”, “Happy Naadam”, “Welcome to my heart” зэрэг тоглолтоо ард түмэндээ толилуулсан төдийгүй Монгол, Англи, Орос, Хятад, Япон хэл дээр цомог гаргасан Монголын цор ганц дуучин юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж