Оюутолгой Ханбогд суманд сургалт эхлүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Оюутолгой Ханбогд суманд сургалт эхлүүллээ

Оюутолгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкел Бек болон Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ-ын дарга П.Өнөрбат нар өнөөдөр Ханбогд сумын иргэдэд зориулсан “Хөдөлмөр эрхлэлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн талаар мэдээллээ.

Уг хөтөлбөр нь өөрсдийн ажил хөдөлмөр эрхлэх  боломжоо нэмэгдүүлэх зорилго бүхий Ханбогд сумын ажилгүй, ажил идэвхтэй хайж буй иргэд болон англи хэлний мэдлэгээ сайжруулах эрмэлзлэл бүхий их дээд сургууль төгсөгчид, сумын ард иргэдэд зориулагдсан бөгөөд энэ наймдугаар сараас ирэх оны нэгдүгээр сар хүртэл хагас жил үргэлжлэх юм.

Хөтөлбөрийн нээлт дээр Ханбогд сумын ЗДТГ-ын дарга П.Өнөрбат үг хэлэн суралцагчдад амжилт хүссэн юм. Мөн энэ үеэр Оюу Толгой ХХК-ийн Хүний нөөц, сургалт хариуцсан дэд ерөнхийлөгч Майкел Бек “Өөрсдийн хэлний ур чадварыг дээшлүүлэн, илүү сайн, бүтээмж өндөр ажлын байртай болох хүсэл, эрмэлзлэл бүхий олон хүн байгааг харахад тун таатай байна. Эн завшааныг ашиглан  Ханбогд сумын Засаг дарга Б.Дэндэвсамба болон сумын удирдлагад Ханбогд сумын иргэдэд дэмжлэг үзүүлэх энэхүү санаачилгыг дэмжсэн явдалд талархалаа илэрхийлэхийг хүсэж байна” хэмээн цохон тэмдэглэлээ.

Уг хөтөлбөр нь англи хэлний эрчимжүүлсэн, уурхайн ерөнхий мэдлэгийн болон ажлын байранд бэлтгэх сургалт гэсэн чиглэлээр явагдах аж. Сургалтын шат бүрийн дараа сургалтад хамрагдагсдад үнэлгээ хийх ба энэхүү үнэлгээний үр дүн, англи хэний сургалтад гаргасан амжилтаас хамааран дараа дараагийн шатуудад үргэлжлүүлэн сургах гэнэ.

ДайнЕд Интернейшнл “DynEd International” компанийн Монгол дахь салбар ДайнЕд Монгол компани нь Ханбогд сумын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн англи хэлний сургалтыг зохион байгуулахаар сонгогдон, гэрээ байгуулжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж