С.Батболд: Хүн төрөлхтний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

С.Батболд: Хүн төрөлхтний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд

С.Батболд: Хүн төрөлхтний эх булаг, хөгжлийн гол зүтгэх хүч бол эмэгтэйчүүд

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн баярын мэндийг эмэгтэйчүүд, эхчүүд, бүсгүйчүүд та бүхэндээ хүргэе.

Тэртээ 100 гаруй жилийн өмнөөс эмэгтэйчүүд өөрсдийн эрх ашгаа хамгаалж, сонгуульд санал өгөх, ажлын нөхцөлөө сайжруулах, хүчирхийллээс ангид байх гээд олон шаардлага тавин жагсч, үзэл бодлоо нээлттэй илэрхийлснээр энэхүү өдрийг дэлхий нийт “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай улс ч энэхүү жишгийг даган эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг хуульчлан тэмдэглэхийн зэрэгцээ охид бүсгүйчүүд, халамжит хань, элбэрэлт ээж нараа баярлуулдаг уламжлал тогтоод байна. Түүнчлэн төр засаг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж байгаа дорвитой ажлууд,тодорхой шийдвэрээ олон түмэнд танилцуулдаг билээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс эмэгтэйчүүдийнхээ оролцоо, жендерийн тэгш байдалд онцгойлон анхаардаг төдийгүй нийгмийн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр жилээс жилд ахиц гарган ажиллаж байна.

Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байгаагийн 51.7 хувь, нийт ажиллагсдын 46.6 хувь, боловсрол эрүүл мэндийн салбарын 83 хувийг, бизнес эрхлэгчдийн 40 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ тоо их хотын бүхий л салбарт манай эмэгтэйчүүд манлайлагч гэдгийг харуулж, үүрэг оролцоо ихийг илтгэж байгаа юм. Тиймээс ч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Нийгмийн хөгжлийн салбар”- ыг онцгойлон тусгаж, хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн ажиллаж, үр дүнд хүрч байна.

Улаанбаатар хотын түүх өөрөө их өвөрмөц. Энэ хотын төв талбайн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулсан хүн бол Их жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа гуай байдаг. Тэрээр тоосго өрж, шавар зуурч энэ талбайг барилцаж байжээ. Мөн 1931 онд Монгол улс нийслэл хотдоо анхны эмэгтэйчүүдийн их хурлыг зохион байгуулж байсан түүх нь Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд эмэгтэйчүүдийн оролцоо их байсныг өгүүлдэг юм.

Өнөө цагт ч эмэгтэйчүүд маань их хотынхоо бүхий л салбарт ажиллаж, манлайлсаар байна. Эмэгтэйчүүдийнхээ нөр их хөдөлмөрийг нийслэлийн удирдлагын баг урамшуулан, дэмжих зорилгоор “Их хотын бүсгүйчүүд-2018” арга хэмжээг анх удаа нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгууллаа. Цаашид ч уламжлал болгон хийхээр төлөвлөж байна.

“Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд хийгдэх ажилд манай эмэгтэйчүүд манлайлан оролцоно гэдэгт хотын даргын хувьд итгэлтэй байна. Та бүхнийхээ дэмжлэг, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд айл гэр бүл, албан байгууллага, их хот маань ч өнгөлөг, жавхаалаг болж өнгөө засч, тав тухтай, амгалан тайван амьдрах орчныг бүрдүүлж чадна.

Хүн төрөлхтний эх булаг болсон, хөгжлийн гол зүтгэх хүч нь болдог эмэгтэйчүүддээ “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэндийг дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж