Улаан асрын зүүд (73-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (73-р бүлэг)

Улаан асрын зүүд (73-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э


Далан гуравдугаар бүлэг

ХУРЬЦЛЫН ХАТГАМАЛТ ХАВТГЫГ ОЛООД ТЭНЭГ ШИВЭГЧИН ҮЛ ТАНЬЖ, ГӨРМӨЛ АЛТАН МАГНАЙВЧАА АЛДААД ЯДМАГ АВХАЙ ЭС НЭХЭМЖЛЭВ

Өгүүлэх нь: их дуун гарсанд хэн хүнгүй цочив. Жя Жөн бага эхнэртэйгээ ярьж суутал гадаа тар нярхийсэнд нэг шивэгчнээс асуувал цонхны чагт мултарч унасан байжээ. Бага эхнэр шивэгчнийг хараагаад өөрөө гарч цонхыг хаагаад Жя Жөнийг асран хэвтүүлэв.

И Хун Юаньд Бао Юй бас орондоо ороод, шивэгчин охид амрах гэж байтал гэнэт хаалга цохих чимээ гарав. Хаалга нээвэл, Жао бага эхнэрийнд зарагддаг охин Шяо Чюэ байв. Ямар хэргээр явааг сонирхвол, огт дуу гаралгүй яваад Бао Юйгийн дэргэд очив. Бао Юй дөнгөж сая хэвтээд, Чин Вэнь орны нь хөлд суугаад юм ярьж хөхрөлдөж байтал мөнөөх охиныг ороод ирмэгц гайхан “Ийм орой ямар хэргээр явна вэ” гэсэнд охин шууд Бао Юйд: “Чамд юм хэлэхээр ирсэн. Манай найнай Лаоед олон юм ярьсан боловч юу ярьсныг нь тэр бүгдийг мэдээгүй ээ. Харин Бао Юй гэдэг нэр сонсогдлоо. Тийм учраас маргааш Лаое дуудаж, магадгүй шүү хичээгтүн гэдгийг хэлэх гэж ирлээ” гээд гараад явчихав. Ши Рэнь: “Цай уу” гэсэн боловч охин: “Хаалга хаачихаж магадгүй ээ” гэж хэлэв.

Бага эхнэрийн сэтгэл тогтворгүй, өөрийг нь өшөөтөн дайсан мэт үздэгийг Бао Юй мэддэг болохоор, охиныг ч гарсны дараа, чухам юу ярьсан юм бол хэмээн зовниж яг л бичин багш “Алтан цагирагийн тарни” сонссон шиг болоод тэр дороо л хамаг бие нь манараад унтрах шиг болов. Бодоод бодоод ямар нэг арга олсонгүй. Тэгээд номоо сайн давтаж, шалгахад нь бэлтгэе гэж бодов. Ном бичигт л суучихгүй бол бусад зүйлийг аргалж болно гэсэн шиг бодогдоно. Унтахаа болиод босож, дээл нөмрөн ном үзэж давтахаар суухдаа, дотроо асууж шалгаах хүнгүй болсноос болж номоо харалгүй уджээ. Лаое ирнэ гэдгийг мэдсээр байж өдөр болгон давтаагүй л юм даа гэж бодов. Бодож эргэцүүлбэл, “Их суртахуй”, “Ер дунд”, “Шүүмжлэлт өгүүлэл” зэргээс л жаахан цээжилсэн байв. “Мөнз бичгийн” дээд дэвтрээс хагас хугас цээжилсэн боловч энд тэндээс асуувал, онож хариулахгүй нь лавтай. Харин “Мөнз бичгийн доод дэвтрээс бараг мэдэхгүй. Ойрд шүлэг бичиж үргэлж “Таван номоос” түүвэрлэсээр байсан юм чинь, боловсронгуй биш ч гэсэн эвлүүлж байгаад өнгөрөөж болно. Харин бусад номыг Жя Жөн унш гээгүй болохоор, мэдэхгүй байсан ч гайгүй байгаа. Энэ хэдэн жилийн хугацаанд уншсан эртний зохиол “Шюэ Чю Мингийн шаштир”, “Байлдаант улсын түүх”, “Гүн янгийн намтар”, “Гү Лянгийн цадиг”1 Жич Хань, Тан улсын үеийн нэрт зохиолд төдий л сэтгэл тавьсангүй. Ганц нэг удаа, сонирхон уншивч төдөлгүй мартаад огт оролдоогүй тул яахин цээжлэх билээ. Энэ нэн бэрхтэй болой. Бас одоо цагийн зохиол бол угаасаа богд мэргэдийн тогтоосон хууль биш тул яаж богд мэргэдийн гүн нарийныг ухаж чадах вэ. Гагцхүү хожмын хүн зэрэг дэвшиж, жинс зүүхийн төлөө тавьсан шат болой гэж их жигшдэг тул Жя Жөн, тийм маягийн зуун зохиол зууг сонгож унш хэмээн өгсөнд түүний доторх нэг хоёр бүлгийн урин танхай, хошин зугаа, уярал энсрэл мэтийг дүрсэлсэн хүний сэтгэлийг хөдөлгөм уран нарийн хэсгийг нь эрж уншаад, түр зуурын сонирхлыг хүссэнээс биш юуны нь нягтлан уншиж, нягтлан судлах вэ! Одоо түүнийг давтъя гэхэд маргааш нөгөөхийг нь асуухаас төвөгшөөж, бас үүнийг уншъя гэхээр бас түүнийг шалгах болуузай гэж, үнэхээр нэгэн шөнийн дотор гүйцээж чадахад хэцүү болжээ. Тэгэх тусмаа улам зовон шаналж, өөрөө ном бичиг унших байтугай гэр дүүрэн байгаа охид шивэгчдийг ч тайван унтаж чадахгүй болгожээ. Ши Рэнь дэн засаж, цай зэхэж байхад шивэгчид тэсэлгүй үүрэглэж, хажуулдан бие биенээ налж байхыг хараад Чин Вэнь хараал тавин:

-Энэ муусайн өлөгчингүүд өдөр шөнөгүй хэвтээд бас ханахгүй, жаахан оройтоход л ийм болно. Дахиад ингэвэл зүүгээр шивнэ шүү гээд сэрээнэ. Түүнийг ийн сүржигнэж байтал үүдний өрөөнд түсхийх чимээ гарав. Сандраад л тийш ухасхийвэл, нэг шивэгчин охин үүрэглэн тонголзож байгаад унаж хана мөргөсөн ажээ. Охин цочин сэрвэл Чин Вэнь загнаж байх сонсогдсонд түүнийг зодлоо гэж санаад: “Эгч минь ээ, би дахиад ингэхгүй” гэж уйлан гуйсанд бүгдээр хөхрөлдөн шоолов. Бао Юй:

-Түүнийг өршөө. Түүнийг унтуулах байсан юм. Та нар ч гэсэн унтацгаа гэсэнд Ши Рэнь,

-Жаахан өвөө минь ээ, чи хийх юмаа л хийж үз. Өнөө шөнөдөө анхаарлаа наад ном бичигтээ тавиад маргааш тэр боомтыг гэтэлсэн хойноо ойр юманд анхаарал тавихад хождохгүй гэв. Бао Юй түүний гуйлтыг ойлгоод нилээн уншив. Шө Юэ цай авчирч “Амаа зайлтугай” гэсэнд харвал тэрбээр оготор хүрэм хэдэрсэн байв. Бао Юй:

-Оройн жаварт даарна шүү. Гадуур хувцсаа өмсөөч гэв. Цаадах нь бичиг рүү нь заан инээж:

-Биднийг түр мартчихаа. Сэтгэл оюунаа наадахдаа хандуул гэтэл Шяо Янь Чю Вэнь хоёр хойт үүдээр гүйн орж ирээд: “Нэг хүн хэрэм даваад орж ирлээ” гэж бархирсанд сандран гүйн гарцгааж: “Хаана байна” гэж хашгиралдан эрцгээв.

Бао Юй ном бичиг уншин хичээж, энэ шөнө зовж зүдрээд маргааш юу болохыг мэдэхгүй байхыг хараад Чин Вэнь үүнийг яаж зовлонгоос хэлтрүүлье дээ гэж арга сүвэгчилж байтал дуу шуугиан гарсан тул Бао Юйд: “Цочоод бие хямарлаа” гэж хэл гэсэнд, санаанд нь нийцэв. Тийнхүү шөнийн жасааны хүмүүст дэнлүү бариулан эрүүлсэнд мөр сураг ч гарсангүй. Сүүлд нь хүмүүс “Жаахан охид нойрмоглон гараад өвс мод хөдлөхөд хүн гэж эндүүрсэн байх” гэцгээв. Чин Вэнь л омогтойгоороо:

-Битгий унгас алдаад бай та нар. Нарийн шалгахгүй залхуурч биеэ зөвтгөж байна. Түүнийг ганц хүн хараагүй, бид ч сая Бао Юйтэй цуг гараад харсан шүү. Түүнээс болж Бао Юй айгаад царай нь цайчихлаа. Бүх бие нь халуурч байгаа тул би эм авахаар явж байна. Тайтай асуувал үнэнээр нь мэдүүлнэ шүү гэв.

Цөм л айцгааж, дахиад эрье гээд цааш явцгаав. Чин Вэнь Чю Вэнь хоёр эм авахаар явахдаа зориуд үймүүлж Бао Юй айгаад өвдсөн мэтээр нийтэд ойлгуулав. Ван Фүрэнь үүнийг сонсоод яаран Бао Юйг эргүүлэхээр хүн явуулан эм өгөөд, шөнийн жасааны хүмүүст сайн шалга гэж захиад хоёрдугаар хаалганы жасааны боол зарц нарыг шалгав. Тийнхүү хүрээ дүүрэн дэн зул гялалзаж шөнө турш үймээн тасарсангүй. Тэнгэр гэгээрсэн хойно нарийвчлан шалгаж байцаа гэж гэрийн мэдээчдэд үүрэг өгөв. Бао Юй цочсоноос болж өвдсөнийг сонсоод Жя Мү лавлан асуусанд нууж чадсангүй, болсон явдлыг мэдүүлэв. Жя Мү:

-Би ийм хэрэг гарна гэж огт санасангүй. Шөнийн жасаанд сууж байгаа хүмүүс анхаарал сэрэмжгүйгээс гадна өөрсдөө хулгайч байж мэднэ гэж анхааруулав. Энэ үед Шин Фүрэнь, Ёу хатан мэнд мэдэхээр ирэв. Ли Вань, Фөн Же болон авхай охид бараа болон зарагдаж байсан тул Жя Мүгийн яриаг сонсоод нам гүм болов. Харин Тань Чүнь босон инээж:

-Ойрын хэдэн өдөр Фөн эгчийн бие таагүй байгаа болохоор хүрээлэнгийн доторх хүмүүс танхайрч байна. Уг нь шөнийн жасаанд суухдаа, чөлөө завандаа шоо хаяж, даалуу тоглож, хөөрөлдөж нойроо сэргээх төдий байсан. Сүүлдээ мөрийтэй тоглож, тоглоомын дэлгүүр гаргаж, бас дэлгүүрийн эзэн, тоглоомын толгойлогчтой болжээ. Хагас сарын өмнө нэг удаа хэрүүл хийж зодолдсон хэрэг ч гаргажээ гэсэнд Жя Мү:

-Чи мэдсэн байж тэр үед нь надад яагаад хэлээгүй юм бэ гэж асуув. Тань Чүнь:

-Тайтайгийн ажил ихээс гадна ойрноос баахан чилээрхүү байсан болохоор мэдүүлээгүй юмаа. Харин их бэргэн мэдээчин нарт хэлж байсан. Тэд ч ярьж хөөрсөн байх. Тэгээд гайгүй болох шиг болсондоо… гэсэнд Жя Мү:

-Чи яаж үүний сайн мууг мэдэх вэ. Хэрүүл тэмцэл гарвал айхаас биш, мөрийтэй тоглох бол ерийн юм гэж санаж байна уу. Шөнө мөрийтэй тоглодог улсыг архи уухгүй гэж хэлэх үү. Архи л уусан бол хаалга үүд хамаагүй нээгээд юм хум авах гээд гадагш гарна биз дээ. Бас шөнө хүн цөөнийг далимдуулж хулгайчийг оруулж байж ч мэднэ. Түүнээс гадна та нарын зарцалж байгаа боол зарц нарын олонх нь шивэгчин охин, зарц хүүхнүүд байгаа. Тэд цөм сайн улс уу. Хулгайн хэрэг бол жич хэрэг. Харин бусад хэргийг өдөөж, өө сэв гаргавал үр дагавар нь бага биш шүү. Ийм юмыг хөнгөн хуумгайгаар өнгөрөөж болохгүй гэв. Тань Чүнь юм хэлэлгүй суув. Фөн Же хэдийгээр биеийн тэнхээ муудсан ч билиг ухаан нь сийрэг байгаа тул Жя Мүгийн үгийг шүүрэн авч:

-Очиж, очиж би бас өвдөөд гэснээ, Линь Хишиюагийн эхнэр зэрэг дөрвөн мэдээчин эхнэрийг дуудан авчирч Жя Мүгийн өмнө зогсоогоод зэмлэв. Жя Мү:

-Та нар тэр тоглоом наадаан удирддаг улсыг олоотох илчилснийг нь шагнаж, нууж далдалсныг нь яллая гэсэнд Линь Жышяогийн эхнэр, тэд нар яаж нуун далдлахыг бодох вэ. Санд мэнд л хүрээлэн рүү гүйж, хүмүүсийг цуглуулан, нэгэд нэгэнгүй байцаан шалгасанд бүгдээрээ л мэлзэн булхайцсан боловч төдөлгүй үнэн цагаан ялгарав. Их толгойлогч гурав, дэд толгойлогч найм, байнгын мөрийцэн тоглогч хориод хүн илрэв. Бүгдийг цуглуулан Жя Мүгийн тэнд аваачсанд цөм газар сөгдөн өршөөл гуйн мөргөв. Жя Мү эхлээд толгойлогчдын нэр овгийг асууж, мөнгө зоосны их багын хэмжээг сонирхов. Толгойлогчдын нэг нь Линь Жышяогийн эхнэрийн бүл садан, нөгөө нэг нь хүрээлэнгийн тогооч Лю эхнэрийн дүү охин, бас нэг нь Ин Чүний хөхүүл эх байлаа. Энэ гурван толгойлогчийн цаана зөндөө хүн байв. Жя Мү ясан шоо, цаасан даалуу мэт тоглоомын хэрэгслийг нь шатаалгаж, хонжсон зоос мөнгийг нь хураалгаж, олонд түгээв. Түүнээс гадна тоглоомын толгойлогчдыг тус бүр дөчин удаа банздаж, дахин оруулахгүйгээр хөөн гаргаж, хамтран тоглогчдыг нь хорин банзаар занчиж гурван сарын хөлс мөнгөөр торгож, жорлон ухах ажилд явуул гэж тушаагаад Линь Жышяогийн эхнэрийг баахан загнав.

Ураг төрлийн нь хүн ийм юманд оролцсон мөнөөх эхнэрийн урам хугарч, тэнд сууж байсан Ин Чүнь ч эвгүй байдалд оров. Түүний хөхүүл эх ийм юманд холбогдсоныг үзээд Дай Юй, Бао Чай, Тань Чүнь нар ч “Амьтан аймагтаа учрах” гэгч юм болж Жя Мүд хандан инээмсэрч “Энэ найнай мөрийтэй тоглоомд ерөөсөө оролцдоггүй байсан. Сүүлийн үед юу болсныг сайн мэдэхгүй байна. Ганц хоёр удаа сониучирхаж наадсан юм болов уу. Хоёрдугаар эгчийн найнайг бодож, энэ удаад хэлтрүүлнэ үү” гэж гуйцгаасанд Жя Мү

-Та нар мэдэхгүй байна. Энэ хөхүүл эхчүүл цөмөөрөө аги, авхай нарыг хөхүүлж өсгөөд, бусдаас баахан илүү нэр нүүртэй болсон улс. Түүндээ эрдээд, хэрүүл өдөж, хэрэг тарьж явдаг болжээ. Энэ чинь бусдаас илүү жигшүүртэй юм шүү. Тэгтэл тэд эзнээ турхираад өөрийгөө өмгөөлүүлчихдэг. Бид бүгдийг мэднэ. Түүнийг гэж бодоогүй л дээ. Гэхдээ л болохгүй байгаа тэднийхэн нэгийг нь олонд цээрлэл болгомоор байсан юм. Одоо үнэхээр нэг нь өөрөө гараад ирсэн тул та нар битгий оролцогтун! Надад өөр арга байна… гэсэнд авхай нар яах ч аргагүй болов.

Тэгсгээд Жя Мү амрах болов. Хүмүүс тарсан боловч Жя Мү ундууцсаныг мэдэх учраас орхиод явчихаж чадахгүй шиг тэрүүхнээр байж байтал Ёу хатан Фөн Жетэй хэдэн үг солих гэж бодсонд цаадах нь аягүй байх тул хүрээлэнд зоог бария гэв. Шин Фүрэнь, Ван Фүрэний дэргэд жаахан суугаад хүрээлэнгийн үүдэнд очтол Жя Мүгийнд зарагддаг “Тэнэг хүүхэн” хочтой шивэгчин гартаа эрээн алаг юм барьсаар инээн явж байгаад халз тулгарав. Шин Фүрэнь:

-Тэнэг хүүхэн чи, ямар олдошгүй орхоодой олоод баярлачихсан явна вэ. Алив наашаа, наадахыг чинь үзье гэв.

Энэ охиныг Жя Мүгийн тэнд хар ажил хийлгэх гэж сонгож авсан юм. Өнөө жил арван дөрөв хүрч байгаа. Мяраалаг бүдүүн биетэй, ажил хийхэд эрэмгий боловч ухаан санааны хувьд мулгуу гэдэг ч ямагт инээдтэй юм ярьж явдаг хүүхэд. Харин Жя Мү түүнд “Тэнэг хүүхэн” өгсөн ч гэсэн хэр баргийн эндүү ташаа юм хийхэд нь зэмлэдэггүй юм. Өнөөдөр онцын ажилгүй сул сэлүүн байгаа учир хүрээлэнд очиж тоглох гэж ирээд хадны араар хүрэлзгэнэ эрж яваад, чармаа нүцгэн хоёр хүний тэврэлдсэн зураг хатгасан таван өнгийн заарын хавтага олжээ. Тэнд хэдэн үсэг хатгасан байсан ч энэ охин юунд хайр хурьцлын явдал гэж мэдэх вэ. Харин, энд хоёр шулам ноцолдож байгаа юм уу, эсвэл хоёр хүн зодолдож байгаа юм уу гэж баахан бодоод, учрыг олоогүй тул Жя Мүд үзүүлье хэмээн баярлан явж байгаа нь энэ ажээ. Тэрбээр Шин Фүрэнийг дуудахад инээн хүрч ирээд,

-Тайтай яг онож хэллээ, Нээрэн олдошгүй орхоодой шүү. Та үзээч гэсээр нөгөө юмаа өгөв. Шин Фүрэнь, түүнийг нь үзээд цочин тас базаад:

-Чи үүнийг хаанаас олов? гэж асуусанд охин:

-Хадны араар хүрэлзгэнэ эрж яваад оллоо гэв. Шин Фүрэнь:

-Энэ сайн юм биш. Өөр хүнд хэлж болохгүй. Хэрэв хэлбэл, чамайг үхтэл чинь зодно шүү. Цаашдаа ч хүнд битгий хэлээрэй гэсэнд охины царай цайж, хоолой нь чичрээд “Яалаа гэж хүнд хэлэх вэ” гэж хэдэнтээ давтаад цааш явав.

Шин Фүрэнь, нөгөө хавтагыг дагуул охиддоо ч үзүүлэлгүй нууж ханцуйлаад цааш явахдаа, энэ юмыг хэн нь хийсэн бол доо гэж бодосхийгээд Ин Чүний гэрт оров. Хөхүүл эх нь ялд унасан тул тэрбээр уйтгарлан байтал хэн нэг нь “Ээж чинь ирлээ” гэсэнд яаран босоод угтаж авав. Цай барьсны дараа Шин Фүрэнь:

-Чи одоо өдий том болчихоод тэр хөхүүл эхийгээ буруу юм хийж байхад нь хэлж хориглохгүй яасан юм. Бусад хөхүүл эх зүв зүгээр байхад мань хүн хэрэг тариад яаж байгаа нь энэ вэ гэсэнд Ин Чүнь, энгэр заамаараа оролдсон шиг дуугүй байснаа:

-Би хэдэн удаа хэлэхэд сонсохыг ч хүсэхгүй байсан юмаа. Ер нь тэр эх хүн намайг сургах ёстой болохоос би яалаа гэж түүнийг сургах вэ гэсэнд эх нь:

-Битгий дэмий чалчаад байгаарай. Чамайг эндүү ташаа явбал тэр сургах нь зүй. Тэгтэл одоо тэр чинь буруу юм хийгээд булай болж байхад. Чи авхай хүний хувиар түүнд хэлэх ёстой. Тэр үг авахгүй бол надад хэлэх байсан. Одоо гадна дотны бүх хүн мэдээд авлаа. Тэр ер нь уран үгээр чамайг хуурч, дээл хувцас, засал чимгээс чинь аваачиж мөнгө болгон бэл хийгээд мөрийтэй тоглосон ч байж магадгүй. Чи чих зөөлөн, уян хүн, түүнийг тэтгэсэн ч байж мэднэ. Тэгэхэд би сохор зоос ч үгүй, маргаашийн баярыг яаж өнгөрөөе дөө гэж бодож сууна… гэхэд нь Ин Чүнь дув дуугүй хамрынхаа үзүүрийг хараад л сууна. Түүний байгааг хараад Шин Фүрэнь, хүйтнээр инээж:

-Чамайг их Лаоегийн гэрт төрөхөд Тань Чүнь хоёрдугаар Лаоегийн гэрт төржээ. Уг үндэс нь адилхан. Эх чинь Жао бага эхнэрээс арван хувь дээр тул чи бас Тань Чүниэс илүү байвал зохино. Яагаад Тань Чүньд хүрдэггүй юм бэ. Би энэ насандаа үр хүүхэдгүй санаа амар боловч энэ мэт хүний элэг доог болж болохгүй бизээ… Гэтэл хүн ирж “Лянь эр найнай ирэв” гэв. Шин Фүрэнь хүйтнээр инээмсрээд “Түүнийг тэндээ биеэ сувил. Миний энд түүний асрамж хэрэггүй ээ гэж хэл” гэсэнд, сураг чимээ мэдэхээр явсан бяцхан шивэгчин: “Лао тайтай сэржээ” гэнгүүт Шин Фүрэнь босов. Ин Чүн, хүрээлэнгийн хаалга хүртэл үдээд буцтал Шю Жюй: “Ямар байна вэ. Хэдэн өдрийн өмнө би “Тэр гөрмөл алтан магнайвч хаа орсныг мэдэхээ байлаа” гэхэд та асуулгүй өнгөрөөсөн. Би тэгэхэд “Хөгшин найнай аваачиж мөнгө болгоод мөрийд өгчихсөн биш биз” гэхэд та итгэхгүй “Сы Чид байгаа биз” гэсэн. Тэр үед Сы Чи өвчтэй байсан. Би түүнээс асуухад “Би аваагүй ээ. Найман сарын арван таванд зүүхээр бэлтгэж бичгийн савны дээрх хайрцагт хийсэн юм болов уу” гэсэн. Авхай та, түүнийг хөгшин найнайгаас асуугаарай” гэсэнд Ин Чүнь:

-Асууж яах юм бэ. Тэр яриангүй түүнийг аваачаад түр зуурын гачигдлаа аргалсан биз. Би түүнийг сэмхэн аваачиж зараад, хэд хоногийн дараа буцааж авчраад байранд нь тавьчих гэж хэлсэн боловч түүнийг мартаж орхих юм гэж хэн, санах вэ. Одоо бол хэрэг заргад орсон тул асууж юугаа хийх вэ дээ гэж хэлэв. Цаадах нь:

-Юү гэж мартахав дээ. Тэр бол авхайн занг сайн мэдэх учраас тэгж байгаа юм. Тэгэхээр ингэе. Эр найнайгийн тэнд очоод энэ хэргийг мэдүүлбэл, тэр, хүн явуулаад нэхэж өгөх буюу өөрөө мөнгө гаргаад солиулаад ирж ч магадгүй. Энэ ямар вэ гэсэнд Ин Чүнь шууд дургүйцэн:

-Хэрэггүй, хэрэггүй. Хэл амны бага нь дээр. Үгүй бол үгүй болоо л биз. Хэл ам удаж яах юм гэв. Цаадах нь:

-Авхай яасан номой юм бэ. Бүгдээрээ ингээд л хэл амнаас айх юм, хожим авхайг ч мэхлээд зарчихна шүү. Би бол очъё гэж бодож байна гэсээр явахыг завдтал Ин Чүн аяыг нь дагасан янзтай дуугарсангүй.

Түүний хөхүүл эхийн бэр Жу Эр, хадам эхийнхээ ялын талаар Ин Чүньтэй ярьж гуйлгах гэж ирээд, түүний авсан гөрмөл алтан магнайвчийн тухай ярилцаж байхыг сонсоод орж чадалгүй зогсоно. Тэр бол Ин Чүнийг дорой номой гэж чамалж тоодоггүй боловч сая шивэгчин нь Фөн Жед хэлнэ гэж зөрүүдлэхийг сонсоод энэ хэрэг ихдэж магадгүй хэмээн ухаан сийлж дотогш ороод Шю Жюйн зүг инээн:

-Охин чи тийш битгий оч. Манай настай найнай зөнөсөн хүн болохоор хэдэн зоос алдаж шахагдахдаа авхайн магнайвчийг түр аваачиж эх бэл болгосон төдий бөгөөд өнөөдөр ийм хэрэг дэгдэхийг мэдсэнгүй ээ. Хэдий тийм боловч бид юү гэж эзэн дээдсийн эдийг аймшиггүйгээр удаах гэж байхгүй. Одоо төлөх нь лав гээд Ин Чүньд авхай та балчир нялхаасаа ангир уургийг нь шимж өссөнөө бодоод Лао тайтайгаас гуйж авран тэтгэмээр байна гэсэнд Ин Чүнь:

-Бэргэн минь ээ, чи энэ хоосон горьдлоо эртхэн тат. Миний гуйхыг хойтон болтол хүлээгээд ч нэмэргүй. Сая Бао эгч Линь охин дүү бүгдээр гуйгаад болоогүй юмыг би ганцаар гуйгаад юу болох вэ. Би одоо ичээд нүүрээ хийх газаргүй байхад дахин очиж бүр нэр нүүрээ барах гэж үү гэсэнд шивэгчин нь хажуугаас:

-Алтан магнайвчийг авчрах нэг хэрэг. Лао тайтайгаас гуйх бас нэг хэрэг. Энэ хоёрыг битгий хутга. Авхай очиж гуйхгүй бол чи магнайвчийг төлөхгүй юү? Бэргэн урьдаар магнайвчийг авчирчихаад дахиад ярь гэж хэлэв. Ин Чүнь ийнхүү татгалзахын хажуугаар шивэгчин нь эрүү амаа билүүдсэнд Юй Зу хэлэх үггүй болоод ихэд ичингүйрэв. Тэрбээр Ин Чүнийг номхон болохоор нь шууд дарлаж шивэгчинд:

-Охин чи хэтэрхий бүү эрэмшигтүн. Чи энэ бүх хүрээний байдлыг бодоод үз. Хэний ижий мөөмөө эзэн агь, эзэн авхайнхаа ач хишгийг хүртэхгүй байна вэ. Бидэнд болохоор “Лан лангаар, цэн цэнгээр” нарийн бодоод, та нар болохоор далдуур ханцуйлж болдог юм уу. Шин охин ирснээс хойш Тайтай “Сүр бүр нэг лан мөнгө хэмнэж, нагац Тайтайд өгтүгэй гэсэн бөгөөд энд Шин охины зардал нэмэгдсэн байтал бас нэг лан мөнгө хаагджээ. Үргэлж энэ тэр дутагдах үед алиныг нь бид өгсөнгүй вэ. Одоо бид үүнийг хэнээс нэхэх юм бэ. Бүгдээр эвлүүлж байвал барав. Өнөөдөр болтол нарийн бодвол татаж хэлэхэд лав л гучин лан хүрчээ. Энэ мөнгийг бид дэмий зарсан бишүү… гэтэл шивэгчин үгийг нь тасалж нулимаад:

-Чи юуны учир гучин лан мөнгө дэмий өгсөн юм бэ. Би харин чамтай нарийн бодсугай. Авхай чамаас юү авсан бэ гэж асуув.

Энэ эхнэр Шин Фүрэний эмзэг газрыг малтаж байгааг Ин Чүнь мэдээд:

-Больж үз чи. Алтан магнайвчийг авчирч чадахгүй бол дэмий юм бүү ярь. Би ч тэр магнайвчийг авахыг больё. Тайтайг асуувал, гээчихжээ гээд чамд ч холбогдолгүй болгоё. Чи одоо харьж амарсан дээр… гээд шивэгчиндээ “Цай авчир” гэв. Цаадах нь уурлаж бачимдан

-Авхай хэдий хэлэгдэхээс айхгүй боловч би юу хийж байна вэ. Одоо болохоор манай авхайн хулгайлж аваачиж сүйтгэчихээд, бидний зоосыг авхай үрчихсэн гэж гүжирдэж байна шүү дээ. Бүр тоо хэмжээ тогтоочихсон нэхэж байна. Тайтай “Тэр зоосыг хаана юунд зарсан бэ” гэж асуувал, бид завсраас нь авсан болох нь. Ингэж болдог юм уу гэсээр уйлав. Сы Чи сонсож төвдөхгүй болж “Хоёул тийш очиж тэр эхнэртэй яръя” гэснээ, “Адилтгашгүй үйлийн үр” хэмээх номыг шүүрэн авч уншина.

Энэ үед Бао Чай, Дай Юй, Бао Чинь, Тань Чүнь нар, өдийд Ин Чүнь яасан ч таагүй байгаа гэж бодоод сэтгэлийг нь засахаар хүрч ирцгээв. Тэднийг хүрээнд ормогц хэдэн хүн яргилдах сонсогдсонд цонхны гаднаас харвал, Ин Чүн орон дээрээ хажуулаад ямар нэгэн бичиг хараад орчныг огт анзаарахгүй байдалтай байсанд тэд хөхрөлдөж чимээ өгөв. Охид яаран орхиулыг сөхөж “Авхай нар ирлээ” гэсэнд Ин Чүнь уншиж байсан зүйлээ тавиад угтан босов. Юй Жу эхнэр хүмүүсийн чимээгээр харвал Тань Чүнь байхыг хараад шалавхан гарав. Тань Чүнь суумагцаа:

-Сая хэн энд яриад байв аа. Яг л хэрэлдэж байх шиг санагдсан шүү гэсэнд Ин Чүнь инээгээд:

-Гойд юм болоогүй. Тэд бага сага юманд л хэл ам таталж байхгүй юү. Түүгээр юү хийнэ гэв. Тань Чүнь инээж

-Юун алтан магнайвч гэсэн бэ. Боол зарцаас зоос авна ч гэх шиг. Хэн нь боолоосоо зоос авах гээд байгаа юм бэ. Эгч та боолоосоо зоос аваа юу гэсэнд Сы Чи, Шю Жюй хоёр:

-Үнэхээр тиймээ. Авхай түүнээс юү авах вэ дээ гэсэнд Тань Чүнь:

-Эгч аваагүй бол бид авсан байх нуу. Чи түүнийг дуудаад ир. Би юм асууя гэсэнд Ин Чүнь:

-Тэр яахав, чамд огт хамаагүй юм. Түүгээр яах гэсэн юм гэсэнд Тань Чүнь

-Тийм ч биш байхаа. Эгч бид хоёр нэг адил. Чиний хэрэг бол миний хэрэг гэсэн үг. Тэр эгчийг хэлж байгаа бол намайг хэлж байгаа гэсэн үг. Хүн намайг муулж байхыг сонсоход эгчийг өөрийн чинь муулж байгаатай адил биз дээ. Бид бол эзэн хүн тул мөнгө зоосны явдлыг ойшоохгүйгээр юунд дурлавал түүнийг авъя гэх явдал ч бас гардаг. Гэтэл яахин бас алтан магнайвчийг түүний дотор оруулан хэлэлцэж байхыг мэдсэнгүй гэв.

Өнөөх эхнэр, Шю Жюй нар үнэн учрыг хэлж заргалдахаас айгаад буцаж ирж өөр үгээр дүйвүүлэхийг Тань Чүнь л мэдэхгүй гэнэ дээ. Тань Чүнь инээж:

-Та нар үнэхээр мунхаг байна шүү. Хадам эх чинь нэгэнт буруудсан тул энэ далимаар эл найнайгаас гуйж хүнд өгөөгүй зоосноос нь гаргаад сольж авчирч болно шүү дээ. Хэрэг олонд тарахаас өмнө бүгдээр нууж далдлаад нэр нүүрээ хамгаалж болох байсан. Одоо нэгэнт нүүрээ барж гүйцсэн тул хичнээн их ял хийсэн нэг хүн үүрч гарахаас биш, хоёр толгой авах ёсгүй. Чи эл найнайд очоод хэлээч, энд дэмий аашилж байхын оронд… гэж хэлэв. Энэ эхнэр гэмээ мэдээд гүжирдэж чадахгүйгээс гадна Фөн Жегийн тэнд очих зориг яаж байхав. Тань Чүнь инээж:

-Би сонсоогүй нь яамай. Хэрэв сонссон бол ялган тодорхойлж өгнө гэв.

Энэ үед Пин Эр орж ирэв. Бао Чинь алга ташин “Гуравдугаар эгч, хувилгаан сахиусаар мэдээ хүргэх увидастай юм аа” гэсэнд Дай Юй инээж:

-Энэ бол дилавын үүдний тарнийн увдис биш. Харин “Ухарч сахиваас ургаа хад мэт, урагш давшвал өлөн барс адил” гэнэдүүлэн дайрах уран арга юмаа гэж хошигносонд Бао Чай нүд ирмэн яриаг өөр тийш эргүүлэв. Тань Чүнь, Пин Эрийн ирэхийг хараад: “Найнай чинь сайн уу. Өвдөөд тэнэг болчихоо юү. Цаадах чинь, юу ч хариуцахгүй болчихоод биднийг үнэхээр мунгинуулж байна” гэсэнд “Хэн тэгж аймшиггүйгээр авхайг зовоож чадах вэ. Авхай хэлэх юмаа надад хэлчихээ” гэв.

Энэ зуур Юй Жу эхнэр их л балмагдсан янзтай Пин Эрийн өмнө очиж: “Охин минь ээ, чи яриаг нь таслан урдуур нь орох ёс байна уу. Чи ном ёстой хүн юм бол гадаа хүлээж бай. Бэрүүд, авхай нарын өрөөнд дураар орж болдог юм уу” гэж хэлэв. Шю Жюй: “Энд чинь хэн хамаагүй л дураараа дайраад орж ирэх юм байна шүү дээ” гэсэнд Пин Эр:

-Энэ чинь та нарын буруу хөөе! Ёс ном байсаар байхад, авхайн зөөлөн сэтгэлтэйг далимдуулан дураар загнаж байхад та нар хөөж явуулаад Тайтайд хэлэх ёстой бишүү гэсэнд, Юй Жу эхнэр нүүрээ улайлган ухран гарав. Тань Чүнь үгээ залган:

-Би чамд тодорхой хэлье. Өөр хүн над руу халдах ч яахав. Одоо энэ Юй Жу эхнэр, мөн хадам эх нь хөхүүлэх байсандаа эрдэн хоёрдугаар эгчийг номгочлон толгойн заслыг нь хулгайлан авч мөрийд өгсөн байна. Бас эгчийг явуулж гуйлгах гэнэ. Өрөөнд нь давхиж ирж тулгаж загнаад л, шивэгчдийг нь тоохгүй хэдэрлээд байхад нь эгч харьж чадахгүй байна. Эд нар чинь учир мэдэхгүй ийм зэрлэг амьтад юм уу. Эсвэл хэн нэгний түлхээсээр эхлээд эгчийг дарж аваад дараа нь дүү бид хоёрыг дарлах гэж байна уу гэсэнд Пин Эр сандран, царайчилж:

-Авхай, яагаад ийм үг хэлж байгаа юм бэ. Энэ чинь манай найнайд хэтэрнээ гэв. Цаадах нь хүйтнээр инээн:

-Хуучны нэг үг бий. “Нэг үхрийн эврийг цохивол мянган үхрийн эвэр ширхийнэ” гэдэг. Энэчлэн миний зүрх баахан ширхийлээ… гэсэнд Пин Эр, Ин Чүнд:

-Энэ хэргийг таслахад хялбар боловч тэр чинь, авхайн хөхүүл эх шүү дээ. Авхайн санаа ямар байгаа юм бэ гэв. Энэ зуур Ин Чүнь, Бао Чай хоёр “Үйлийн үрийн бүлэг” хэмээх номыг үзэж байсан учир түрүүнд нь Тань Чүнь юү ярьсныг мэдээгүй байтал, гэнэт Пин Эр юм асуусанд гайхаж Ин Чүнь:

-Надаас асууж байгаа юм уу. Би бас арга тасраад байна. Тэд хийсэн буруугаа өөрсдөө эдэлнэ биз дээ. Би тэдний өмнөөс гуйхгүй. Харин тэдэнд ял нэмэхгүй л байвал боллоо. Дураараа авсан юмаа эргүүлж өгвөл тэр биз. Өгөхгүй бол би нэхэхгүй. Тайтай нарыг асуухад би аргалж чадвал тэдний зол. Хэрэв чадахгүй бол би яах юм. Харин тэдний төлөө Тайтай нарыг мэхэлж чадахгүй. Ер нь би шууд үнэнээ хэлнэ гэж бодож байгаа. Та нар намайг дорой номой л гэх байх. Хэрэв та нарт, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй, Тайтай нарыг уурлуулахгүй сайн арга байвал би та нарын дураар болно гэв.

Тэд хөхрөлдөв. Дай Юй инээн бусдаас түрүүнд ам нээв.

-Үнэхээр “Барс чоныг нэг дор хорьсон ч, үйлийн үрийг номлохоо л номлоно” гэгчээр, хоёрдугаар эгч хэрэв эр хүн болсон бол энэ айлын дээдтэй, доодтой энэ олон хүнийг яаж захирнаа гэсэнд Ин Чүнь инээж:

-Тиймээ тийм. Хичнээн олон эр хүн, татвар түрээсээр амьдарч байх мөртөө хэрэг явдал тулгарвал цөм надтай адил болно. “Дилавын” номд, хүнийг аюулаас аварвал буяны үйл даруй мөн болой гэсэн байна лээ. Би хэдий хүнийг аварч чадахгүй боловч юунд бас хүнтэй хэв хэрэггүй өшөө зангидаж байх юм бэ. Ашиг тусгүй мөртөө хартай хэргийг үйлдэж яах юм бэ… гэтэл нэгэн хүн ирж тэдний яриаг таслав.

Тэр хүн хэн болохыг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Гү Лянгийн цадиг-байлдаант улсын түүх бол тэр үеийн улс төр, цэргийн явдал аж ахуйг намтарчлан бичсэн түүхийн бичиг юм. Нөгөө “Цүо Чюмингийн шаштир”, “Гүн Янгийн намтар” зэрэг шашны номыг тайлбарласан бүтээл юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж