“Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын төсөл хэрэгжих гэж байна. Энэ талаар МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч П.Дэлгэржаргалаас тодрууллаа.
-“Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын төслийн талаар тодруулахгүй юү?
-“Монголын эзэнт гүрний түүх” таван боть номын төсөл өнөөдөр /2018.3.7/албан ёсоор нээлтээ хийж байна. Төслийн хүрээнд Их Монгол Улс, Юань гүрэн, Алтан ордны Улс, Цагаадайн Улс, Ил хаант Улс гэсэн таван боть бүтээл гарах юм. “Степпе паблишинг” компани төслийн санхүүжилтийг хариуцан, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
-“Монголын эзэнт гүрний түүх”-үүд хэзээ уншигчдын гар дээр очих вэ?
– 2019 оны хавар номын нээлтээ хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Өнгөрсөн жил хэвлэгдсэн түүхийн таван боть ном шилдэг бүтээлээр шалгарч байсан. Энэ удаагийн таван боть ном өгүүлэх он цагийн хувьд өөр байхаас гадна өөр юугаараа ялгаатай байх вэ?
-МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн, Түүхийн тэнхим хамтран 2016 онд “Монголын эртний түүх” төслийг хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд 2017 оны хоёрдугаар сард таван боть ном нээлтээ хийж байсан. Тус номд Монголын эзэнт гүрнээс өмнөх, XIII зуунаас өмнөх түүхийг өгүүлдэг. Бидний энэ удаагийн таван боть бүтээл нь түүнээс хойших түүхийг өгүүлнэ.
-Монголын талаар өгүүлэх ном олон байдаг. Тэднээс юугаараа ялгарах вэ?
-Ер нь Монголын эзэнд гүрний түүхийн судалгаа дэлхийд өндөр төвшинд хөгжсөн. Монголчууд дэлхийн ихэнх газар нутгийг эзэлсэн. Тиймээс тэр олон орны сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайлбал, перс, араб, армин, латин, орос, хятад зэрэг бүх л хэл, бичгээр тэмдэглэгдсэн байдаг. Тэр олон эх сурвалж дээрээс ашиглах эрдэмтэн судлаачдын баг бүрдсэн тохиолдолд Монголын эзэнт гүрний түүхийг цогцоор нь бичих боломжтой. Ийм баг бүрдсэн гэж хэлж болно. Мөн археологийн судалгаа сүүлийн үед хөгжиж байгаа. Дэлхийд Монголын эзэнт гүрний талаар судалгаа гүнзгийрч байна. Эдгээр судалгааг нэгтгэн дүгнэсэн, суурь судалгааны бүтээлийг цогцоор нь бичиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын эзэнт гүрний түүх улс төр, нийгэм, эдийн засаг, соёл зэрэг бүх хүрээг нэгтгэн дүгнэсэн бүтээл ирэх жил гарна. Энэ таван боть бүтээл төрснөөр Монголын эзэнд гүрний түүхийн судалгаа нэг шатаар ахина.
-Дэлхийд Монголын эзэнт гүрнийг судалж байгаа хэчнээн эрдэмтэн байдаг вэ?
-Тодорхой тоо хэлэх боломжгүй байна. Тэдгээр хүмүүс нь дотроо их олон төрөлд хуваагдан судалгаа хийдэг.
Р.Ренчиндулам