УИХ-ын 2016 оны сонгуульд өвдөг шороодсон Ардчилсан нам шинэчлэл нэрийн дор жижиг биетэй даргаа том биетэй даргаар сольж, тус намын эрх мэдэл ‘Алтангадас’-аас ‘Шонхор’-т шилжсэн. Үзэл баримтлалаа олж авахаар шинэчлэл эхлүүлсэн Ардчилсан намыг өнөөдөр С.Эрдэнийн баг удирдаж байгаа.
Тус нам Үндэсний зөвлөлдөх хороогоо Үндэсний бодлогын болгон өөрчилж, 226 гишүүнийхээ тоог 410 болгож нэмсэн. Үндэсний бодлогын хорооны гишүүд нь жилдээ гурван сая төгрөгийн татвар намдаа төлөх ёстой.
Намын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ мөн ҮБХ-ын гишүүдээ дотоод сонгууль буюу З.Энхболдын томьёолж өгсөн аргачлалаар тодруулсан Ардчилсан нам гуравдугаар сарын 5-нд ҮБХ-ндоо ротаци явуулж, гишүүдээсээ 118 хүнийг “хөөжээ’.
Тэдний дунд Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр, Б.Болор, Э.Эрдэнэ нар байна. Тэднийг жилийн гурван сая төгрөгийн татвараа төлөөгүй, намын үйл ажиллагаанд идэвхгүй хандсан, оролцоо багатай гэж ҮБХ-ноос шахан гаргасан байна. Оронд нь С.Эрдэнэ даргын хүмүүс орсон талаар ч АН-ын гишүүд ярьж байна. Өөрөөр хэлбэл, тэднийг бодлогоор шахаж гаргасан гэсэн яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа. Өнгөрсөн хавар ҮБХ-ны гишүүдийг сонгох сонгууль явуулахдаа М.Батчимэг, С.Баярцогт нарыг бодлогоор өрсөлдүүлээгүй, хөөж гаргасан гэх асуудал гарч байсан билээ.
Энэ талаар Б.Баабар твиттер хуудсаараа дамжуулан “Ардчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээ” хэмээн жиргэжээ.
Энэ ротаци бол шинэчлэлийн нэг хэсэг гэж АН-ынхан тайлбарлаж буй. Эндээс харахад Ямартай ч 2020 оны өмнө С.Эрдэнийн ‘Шонхор’ фракци бусдыгаа шахан зайлуулахад ихэд анхаарч байгаа бололтой.
Ж.ЭРХЭС