Жуулчдад хандах хандлагаа өөрчилье

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Жуулчдад хандах хандлагаа өөрчилье

Жуулчдад хандах хандлагаа өөрчилье

Цахим орчин дахь сөрөг мэдээлэл жуулчдын ирэх урсгалд нөлөөлж байна

Герман улсын иргэн, жуулчин эмэгтэй Монгол орноор ганцаарчлан хийсэн аяллынхаа туршид бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа өөрийн блогтоо бичсэн нь сүүлийн өдрүүдийн гол шуугиан болж байна. Тэр тусмаа сошиал сүлжээн дэх монголчууд яг энэ асуудлаар хоёр хуваагдаад байна гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энд Монголчуудын соёл, Герман жуулчин өөрт тохиолдсон зүйлээ “дэгсдүүлсэн” эсэхийг шүүх гэсэнгүй. Харин бидний мэдэж буй үнэн болох энэ мэдээлэл цацагдсан явдал нь Монголд ямар нөлөөтэй байж болохыг бичих гэсэн юм. Монгол Улсад ирэх жуулчдын урсгал сүүлийн жилүүдэд нэмэгдэж, үүнийг дагаад жуулчдын аюулгүй байдлын асуудал ихээр хөндөгдөх болсон гэдгийг албаныхан баталж байна. Аялал жуулчлалын улирал эхэлж буй энэ үед Монголын талаар бичсэн дээрх жуулчных шиг тэмдэглэлүүд манайх руу чиглэх урсгалд сөргөөр нөлөөлөх үү, тус салбарын жуулчдад зориулсан бодлого ямар байгаа талаар Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн С.Баясгалангаас дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улс аялахад тохиромжтой орны тоонд багтдаг. Гэвч саяхан сэтгэл эмзэглэм мэдээлэл гарах боллоо. Германы жуулчин Анне Вестврдзийн блог цахим ертөнцөд дуулиан тариад байна. Ийм нөхцөл байдал манай улсын аялал жуулчлалд нөлөөлөх үү. Энэ нөхцөл байдлыг хэрхэн удирдаж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд цахим сүлжээнд суурилсан мэдээллийн урсгал, маркетинг маш хурдтай газар авах болсон. Үүнийг дагаад хүмүүс аяллын блог, цахим хуудсыг дагаж, мэдээлэл авч, аяллаа төлөвлөдөг. Тэгэхээр энэ төрлийн мэдээлэл аялал жуулчлалын салбарт шууд нөлөөлдөг. Энэ бол хотын төдийгүй орон нутгийн иргэд аялал жуулчлалын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байгаатай шууд холбоотой. Нүүдэлчдийн найрсаг, зочломтгой байдлыг олон улсад мэддэг болсон. Гэтэл сайны хажуугаар саар гэгчээр жуулчидтай зүй бус харилцдаг хэсэг ч байна. Нэг хүний буруутай үйлдлээс болоод бүхэл бүтэн улс орны аялал жуулчлалын салбарт маш сөрөг үр дагавар авчирч байгаа юм. Тиймээс гаднаас ирж байгаа нэг жуулчин ч Монгол Улсад орлого гэдгийг таниулах хэрэгтэй байна. Яамны зүгээс үүнд анхаарал хандуулна. Ард иргэдэд энэ талаарх мэдлэг, мэдээллийг өгч, сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Бие даасан аялагчдын хувьд албан биш хувь хүний цахим хуудас, блогоос мэдээлэл авдаг учраас жуулчдын ирэх урсгалыг багасгахад тодорхой ч хэмжээгээр нөлөөлнө.

-Жил ирэх тусам нэмэгдэж байгаа жуулчдыг ая тухтай, аюулгүй аялахад холбогдох байгууллагаас хэрхэн анхаардаг юм бэ?

-Жуулчдын аюулгүй байдлыг хангах тал дээр БОАЖЯ, нийслэлийн Цагдаагийн газартай хамтарч ажилладаг. Тусгай дугаарт дуудлага хүлээн авдаг болоод удаж байна. Манай улсын аялал жуулчлалын тогтолцооны хувьд аяллын компани нь хүлээн авсан жуулчныхаа эрүүл мэнд, амь нас аюулгүй байдлыг хариуцдаг. Харин бие даасан аялагчдын хувьд хэн хаашаа явж байгаа талаарх мэдээлэл авахад маш хэцүү байдаг. Орон нутагт аялал жуулчлал хариуцсан мэргэжилтэн байгаа боловч ганц нэгээрээ аялагчдад анхаарал төдийлэн тавьж чаддаггүй л дээ. Нэг аймагт нэг л мэргэжилтэн байдаг. Тэд зөвхөн аялал жуулчлал биш байгаль орчныг ч давхар хариуцдаг. Тэгэхээр нэг аймагт 20 мянган жуулчин ирлээ гэхэд нэг хүн яагаад ч хүрэлцээтэй ажиллаж чадахгүй. Хэрэв аль нэг компанийн гэрээгээр ирсэн жуулчны аюулгүй байдалд асуудал үүсвэл тухайн компанийн үйл ажиллагаа явуулах гэрээг цуцлах хүртэл хариуцлага тооцож болно. Харин бие дааж ирсэн жуулчныг тухайн орон нутгийн мэргэжилтэн л хариуцах болж байгаа юм.

Тэгэхээр хувиараа аялагчдын аюулгүй байдлын төлөө ямар ч хяналт тавих боломжгүй байдаг гэсэн үг үү?

-Хувиараа яваа дотоодын болон гаднын жуулчид холбогдох байгууллагатай холбогдож мэдээлэл авалгүйгээр аялалд гардаг. Ямар нэг бүртгэл, хяналтын арга хэмжээ байдаггүй. Үүнээс болоод зарим нэг нь гэмт хэргийн шинжтэй халдлагад болон байгаль, цаг уурын бэрхшээлд өртөх тохиолдол гардаг. Тэгэхээр эрсдэлд орох магадлалтай гэсэн үг. Иймээс бие даан аялж байгаа аялагчид тухайн газар, цаг агаарын нөхцөл байдлыг сайн судалж, маршрутаа зөв сонгох хэрэгтэй. Манай яамны зүгээс иргэдэд хандаж аялал жуулчлалын бүх нийтийн боловсролыг олгох урт хугацаанд хэрэгжүүлэх сургалт, сурталчилгааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Ер нь Монголд энэ зун ирэх боломжит жуулчид яг энэ саруудаас аяллаа төлөвлөж суугаа. Манай улсыг зорих аялагчдын тоог нэмэхийн тулд салбар хариуцсан яам ямар бодлого барьж байна вэ?

-Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас баримталж байгаа гол бодлого нь аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулахад чиглэж байна. Тухайлбал, жуулчдын тоог сар сараар нь аваад үзэхээр огцом өөрчлөлт гарахгүй байгаа. Харин улирлаар нь тооцвол урин дулаан цагт ирэх жуулчдын тоо өндөр гардаг. Тиймээс агаарын бохирдол ихтэй үе буюу өвлийн саруудаас бусад үед ирэх жуулчдын тоог зуны саруудынхтай ойртуулж нэмэх бодлого баримталж байгаа. Гэхдээ өвлийн аялал жуулчлалыг орхигдуулахгүй. Энэ хүрээнд ч хэд хэдэн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байгаа. Тухайлбал, Хөвсгөлд Мөсний баяр, Улаанбаатарт Бүргэдийн баяр, Өмнөговьд Тэмээний баяр гэсэн цуврал арга хэмжээг зохион байгуулдаг. Гэхдээ энэ жил малын өвчлөл гарсан тул Өмнөговь аймагт Тэмээний баяр зохион байгуулаагүй. Энэ мэт гэнэтийн хүчин зүйлс аялал жуулчлалын салбарт сөргөөр нөлөөлж байна.

-Энэ жил аялал жуулчлалын салбараас хэдий хэмжээний орлого олохоор төлөвлөсөн бэ?

-Засгийн газар жилд ирэх жуулчдын тоог 2020 он гэхэд нэг саяд хүргэхээр төлөвлөсөн. Өнгөрсөн жилийн хувьд 971 мянган жуулчин Монгол Улсад ирсэн. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 14.5 орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Нэг жуулчны зарцуулсан мөнгө 13-14 салбарт задарч хуваарилагддаг. Орлогын хувьд өнгөрсөн жил 420 сая ам.доллар олсон бол 2020 он гэхэд орлогыг нэг тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөөд байна. Аялал жуулчлалын салбарын орлого нь ирэх жуулчдын тоотой холбоотой байдаг. Гэхдээ хаанаас ямар зорилгоор аялж байгаагаас бас ихээхэн хамаардаг. Тухайлбал, бизнес аяллаар ирсэн жуулчид цөөн хоногоор ирсэн ч гэсэн дээд зэрэглэлийн зочид буудалд буудаллаж, худалдан авалт их хийдэг. Тэгэхээр Монгол Улсад ирэх жуулчдын тооноос хамаарахгүйгээр энэ салбараас олох орлогын хэмжээ тогтмол өсөж байгаа.

-Аялал жуулчлалын төлөв байдал энэ жил ямар байх вэ?

-Дотоодын аялал жуулчлал сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаа. Аяллын маршрут нь хангайн болон говийн бүсээр хязгаарлагддаг байсан бол сүүлийн жилүүдэд дотоодын жуулчид баруун болон зүүн бүсийн аймгууд руу аялах нь ихэссэн. Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд Завхан аймгийн Аялал жуулчлалын газраас Хагийн хар нуурт нүүдэлчдийн наадам зохион байгуулсан. Ингэснээр дотоодын жуулчид тус аймгийг зорих нь нэмэгдсэн юм. Дотоодын аялал жуулчлал өргөжихөд дэд бүтцийн хөгжил ихээхэн хувь нэмэр оруулж байгаа. Харин гаднын жуулчдын хувьд аяллын маршрут тогтвортой байдаг. Аяллын компаниудаас гаргасан маршрутын дагуу уламжлалт аялал түлхүү явагдаж байна. Онгон дагшин байгаль болон нүүдэлчдийн ахуй соёлтой танилцах аялал жуулчлалын төрлийг дагаад шувуу ажиглах, фото аялал болон ууланд авирах аялал зэрэг хувилбар нэмэгдэх болсон.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж