Б.Пүрэвсүрэн: Хонгилын үзүүрт гэрэл аслаа

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Б.Пүрэвсүрэн: Хонгилын үзүүрт гэрэл аслаа

Б.Пүрэвсүрэн: Хонгилын үзүүрт гэрэл аслаа

ШУА-ийн Хими, хими-технологийн хүрээлэнгийн Нүүрсний хими, технологийн лабораторийн доктор, профессор Б.Пүрэвсүрэнтэй нүүрс, хог хаягдал, бохирыг боловсруулж, үр ашигтай бүтээгдэхүүн гаргах төхөөрөмжийн талаар ярилцлаа.


-Та нүүрсний талаар маш олон жил судалгаа хийсэн хүн. Энэ салбарын чиг хандлагын талаар товч мэдээлэл өгөхгүй юү?

-Манай Нүүрсний хими-технологийн лаборатори анх 1988 онд биеэ дааж байгуулагдсанаас хойш нүүрс, занарын судалгаагаар ажиллаж байна. Манай лаборатори нь Монголд нүүрсний судалгаа, туршилт явуулдаг ганц лаборатори бөгөөд  хатуу түлшний хими технологийн шинж чанар тодорхойлдог, халууны задралын механизмыг судалж халуун тэсвэрлэх чанарыг тодорхойлдог, коксжуулах ба хагас коксжуулах, пиролизын ба халуун уусгалтын аргаар шингэрүүлэх туршилтуудыг хийдэг сүүлийн үед хийжүүлэх судалгааг тогтонги үет реакторын тусламжтайгаар явуулах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж эхлээд байна. Ер нь нүүрсийг хийжүүлэх ба шингэрүүлэх зориулалттай орчин үеийн судалгааны багаж төхөөрөмжийн хангамж улсын төсвийн хөрөнгө оруулалтаас хамаардаг учраас дутагдалтай. Бид заримдаа нүүрсний дээжүүдээ бэлдэж аваад хамтарч ажилладаг гадаад орны судалгааны багаж төхөөрөмжүүд дээр зарим нарийвчилсан туршилтуудыг хийх тохиолдол нийлээд байдаг.

-Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх талаар монголчууд олон жил ярьснаас хийж хэрэгжүүлээгүй. Шалтгаан нь технологи нь их үнэтэй гэж сонсч байсан юм байна?

-Тийм ээ. Тухайлбал, манай улс нүүрснээс гадаадад гаргах боломжгүй үнэ хямдтай  хүрэн нүүрсний арвин их нөөцтэй учраас хийжүүлэх болон шингэрүүлэх технологиор боловсруулж шатдаг хий, химийн бүтээгдэхүүнүүд, бензин шатахуун, тослох материал гарган авч хэрэгцээгээ хангах нь хойшлуулшгүй асуудал мөн. Гэвч Монголд химийн аж үйлдвэр хөгжөөгүй, төмөр замын харилцаа тааруу, гадаадын өндөр үнэтэй технологиудыг худалдаж авах хөрөнгө мөнгөний хомсдол, мэргэжлийн боловсон хүчний хангамж байхгүй гэх мэт олон шалтгаанаас болоод олон жилийн турш ярьж ирсэн боловч бодитой хийж бүтээсэн юмгүй өдий хүрлээ. Сүүлийн жилүүдэд хүрэн нүүрсийг хийжүүлэх ба шингэрүүлэх бензин шатахуун үйлдвэрлэх хэд хэдэн томоохон төслүүдийг манай томоохон үндэсний компаниудаас боловсруулан ТЭЗҮ-ийг нь батлуулан үйлдвэрүүдээ барьж байгуулахаар хөөцөлдөж байсан. Гэсэн хэдий ч  сүүлийн жилүүдэд нефтийн үнэ 25-30 ам.доллар болтлоо унаж, энэ нь нүүрснээс бензин шатахуун үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдийг удаашруулж харзнах байдалд оруулсан.

-Таныг монголчуудын бүтээсэн шинэ технологийн туршилтад оролцсон гэж сонссон. Ямар төхөөрөмж бүтээгдсэн юм бэ. Туршилтад оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Манай залуу инженерүүдийн зохион бүтээж байгуулсан нүүрсийг пиролизын, хийжүүлэлтийн ба шингэрүүлэлтийн хосолсон боловсруулалт хийх боломжийг нэг дор бүрдүүлсэн  нүүрсийг агааргүй орчинд халууны аргаар задалж хатуу, шингэн ба хийн бүтээгдэхүүнүүдийг халаалтын горимоос хамааруулан гарган авах шинэ төхөөрөмжийг өөрсдөө бодитойгоор зохион бүтээж туршин хэрэгжүүлж байгаа. Манай монгол залуучууд инженерүүдийн ажиллах сонирхол ба нөхцөл боломжийг нь бүрдүүлээд өгвөл юуг ч зохион бүтээж, хийх шавхагдашгүй их авьяас, чадвар, боломж байгааг харуулсан үйл явдал болжээ гэж үзэж байна. Энэ бүтээл бол монголчууд бидний  мөрөөдөл байсан шүү дээ. Ингэж биеллээ олж байгаад туйлын их баяртай байгаа.

-Энэ хэр нарийн технологи вэ? Инноваци гэж үзэж болох уу?

-Мэдээж, энэ маш нарийн технологи учир нь энэ төхөөрөмжийн халаалтыг дотроос нь ган хоолойгоор нүүрсний задралаар үүссэн шатдаг хийг ашиглан шатаах аргаар өндөр температурыг маш хурдан хугацаанд бий болгож чадсан. Ингэснээр нүүрсний хийжих ба шингэрэх процессыг харьцангуй богино хугацаанд үр дүнтэй явуулах боломжийг бүрдүүлсэн. Дотор талын ган хойлойгоор дамжин халаагдаж байгаа нүүрсний реакторын дотор   халууны задралд орж байгаа нүүрсийг үргэлж хөдөлгөөнтэй байлгах боломжийг шнекен дамжуулагчийн тусламжтайгаар зохион бүтээж бий болгосон нь  халууны задралд илүү орох боломжийг бүрдүүлсэн. Халууны задралаар үүссэн уур хийн бүтээгдэхүүнийг замд нүхэн хана бүхий өндөр хурдтай эргэх төхөөрөмжөөр дамжуулж, нүүрсний хатуу үлдэгдлийн ширхэгүүдээс нь ялган, мөн энэ эргэх төхөөрөмж дотор катализаторыг хийж уур хийн бүтээгдэхүүнийг нүүрсустөрөгчдийн үүсэх боломжийг илүү их бүрдүүлснээрээ шатах хий гарган авах боломжийг бүрдүүлсэн технологи болсон байна. Одоогоор миний мэдэхийн ийм технологи гадаадад байхгүй байх. Яагаад гэвэл нүүрснээс үүсэх давирхай бусад төхөөрөмжүүдийн хувьд маш том асуудал үүсгэж төхөөрөмжүүдийн эд ангийг цэвэрлэхийн аргагүй бохирдуулдаг юм. Харин манай энэ төхөөрөмжинд ийм асуудал байхгүй болсон нь маш том дэвшил юм. Энэ технологийн шийдлүүдийг инновацийн шийдлүүд гэж үзэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Нэг төхөөрөмжөөр нүүрс, ахуйн хог, бохир ус боловсруулаад, дулаан, цахилгаан, шатдаг хий, био нефть, шингэн бордоо, шүүгч нүүрс, бүр нэмээд явган замын хавтан хүртэл гаргана гэхээр хүмүүс итгэхгүй байх шиг байна л даа?

-Нэгэнт агааргүй орчинд  өндөр температурт хурдан халаах нөхцөл бүрдүүлсэн учир боловсруулж байгаа түүхий эдүүд нь нүүрс, занар, хатуу органик хог хаягдлууд, биомасс, лаг гэх мэт түүхий эдүүдийг бүгдийг нь боловсруулах боломжтой байх нь ойлгомжтой. Хамгийн гол нь техникийн шийдлийн хувьд бүгдийг гарган авах шийдэл нь маш том давуу тал болж байгаа юм.

-Нэг дор ийм олон үйлдэлтэй технологи үйлдвэр дэлхийн бусад улс оронд байдаг уу?

-Өөрөөр хэлбэл халаалтын горимыг өөрчлөх замаар тухайлбал өндөр тумпературт хурдан халаавал хийжүүлэх процесс давамгайлж шатах хий гарган авах, харьцангуй нам температурт халаавал шингэрэх процесс давамгайлж шингэн нефтьтэй төстэй бүтээгдэхүүн болон хагас кокс гарган авах боломж бүрдүүлсэн нь таны асуусан олон үйлдэлтэй технологийн хариулт болно гэж үзэж байна. Дээр би хэлсэн, монгол инженерийн зохион бүтээсэн энэхүү төхөөрөмжтэй яг адил төхөөрөмж дэлхийн бусад улс оронд байдаг талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Би олон орноор явж, ийм төрлийн төхөөрөмж технологитой танилцаж, судалж үзсэн. Миний үзсэн, харсан газар ийм технологи байгаагүй.

-Таны бодлоор энэ төхөөрөмж амьдралд нэвтрээд хэрэгжвэл ямар ач тустай болох вэ?

-Ойлгомжтой шүү дээ. Гэр хороолол, хашаанд амьдарч байгаа иргэдийн амьдралд соёлын болоод чанарын маш том дэвшил ирнэ гэж харж байна. Тохилог орон сууцанд амьдарч буйн адилаар амьдрах бүх бололцоо нээгдэж, бидний олон жил яриад байгаа утаа, хог, хөрсний бохирдол буюу нүхэн жорлон зэрэг асуудал нэг дор шийдэгдэх техникийн болоод технологийн боломж нээгдэж байгаа явдал юм. Түүнчлэн нүүрснээс гаргаж авах нефть, химийн чухал хэрэгцээтэй түүхий эдүүдийг гарган авснаар улс ардын аж ахуй, эдийн засгийн хөгжилд маш чухал ач тустай үйл явдал болно шүү дээ.

Эх сурвалж: Medee.mn

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж