"Намайг Д.Тэнгис гэдэг"

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

"Намайг Д.Тэнгис гэдэг"

"Намайг Д.Тэнгис гэдэг"

Өөрийн хүсэл зорилгод тэмүүлэн ӨМӨЗО-ны Хөххотоос Монголд ирж суралцаж байгаа Д.Тэнгистэй ярилцлаа. Түүний Монголд анх ирсэн тухай дурсамж болон хэтийн зорилго, хоёр орны хэл, соёлын ялгааны тухай сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авна уу. Тэрбээр “Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг 32-т шалгарч, гайхалтай үзүүлбэр үзүүлснийг уншигч та санаж байгаа байх. Тэрбээр анхны уран бүтээлээ  ‘The SAINT’ гэх нэрээр гаргаж байгаа ба ‘Winter Garden’ дуу нь цацагдсан байна.

Донровын Тэнгис

Төрсөн он: 1993.03.10

Төгссөн сургууль: Хөгжим бүжгийн коллеж /2017/

Мэргэжил: Морин хуурч

 Одоо эрхэлж буй ажил: Чөлөөт уран бүтээлч


-Сайн байн уу. Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу, намайг Д.Тэнгис гэдэг. Та бүхэн намайг “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг оролцогч гэдгээр илүү сайн мэдэх болов уу. Саяхан л тус нэвтрүүлэгт оролцож байсан мэт санагдах боловч хэдийнээ хоёр жил өнгөрчээ. Энэ хугацаанд үзэгч та бүхэнтэйгээ шинэ уран бүтээлээр уулзахаар төлөвлөж байлаа.

-Хүүхэд байхаасаа морин хуур тоглож эхлэв үү? Урлагтай хэрхэн холбогдсон бэ?

-Би багаасаа л дуу хөгжимд хайртай сонирхлоороо төгөлдөр хуур тоглодог хүүхэд байсан. Тэр авьяасыг ээж аав минь олоод харчихсан байсан юм байна лээ. Түүнээс хойш 14 настайдаа Монголд ирээд хамгийн анх хөгжим бүжгийн коллежийн морин хуурын ангид шалгалт өгч билээ. Одоо нийтдээ есөн жил морин хуураар хичээллэж байна. Монголд ирэхээсээ өмнө БНХАУ-ын Хөх хотын “монгол” дунд сургуульд сурч байсан. Тухайн үед манай сургуулийн радиогоор Монгол дуунууд их явдаг байлаа. Харанга, Хурд, Сэрчмаа гээд л олон уран бүтээлчдийн дууг багаасаа сонсож өссөн юм. Тэдгээр дууг сонсохоор надад яагаад ч юм бахархах мэдрэмж төрдөг байснаа нуух юун. Монгол дуунууд ямар гоё юм бэ гэж бодогдох зуур Монголд очих хүсэл төрж эхэлсэн дээ. Тэгээд монголдоо ирэхэд маш гоё санагдаж байсан. Яагаад гэвэл Монгол хүмүүсийн зан харилцаа, хандлага, соёлын өв уламжлал маш их таалагдсан л даа. Залуус нь ч нээлттэй, сэтгэлээрээ байдаг юм шиг санагддаг юм.

-Таныг “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт морин хуурыг орчин үеийн жааз хөгжимтэй хослуулж дуулж байсныг санаж байна. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцана уу?

-“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэгт би 2016 онд оролцсон. Нэвтрүүлэгт оролцъё гэж нэг их бодоогүй л дээ. Нэг л мэдэхэд найзтайгаа хамт бүртгүүлчихсэн байсан. Үнэхээр гэнэтийн явдал болсон шүү. “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцохдоо хоёр төрлийн хөгжмийн урсгалыг харуулахыг зорьсон. Нэг нь жааз, нөгөөдөх нь рок төрлийн хөгжим тоглосон. Дэлхийн хэмжээний шоу өөр юм байна гэдгийг тухайн үед их мэдэрсэн л дээ. Нэвтрүүлгийн дараа би тодорхой зорилготой болсон. Тэр нь юу вэ гэвэл цаашдаа юу хийхээ тэр үеэс л мэдэрч  ойлгож авсан. Харин тэмцээнд аль болох өөрийнхөө авьяасыг үзүүлэхийг зорьсон юм. Миний хувьд шилдэг наймд орох нь чухал биш санагдаж байсан. Зүгээр л өөрийгөө эвдэж нэг шат ахиулахын тулд л оролцсон. Хүн ер нь аливаа тэмцээн уралдаанаас их зүйл суралцаж, өөрийнхөө алдаа оноо бүхий л зүйлсийг шүүгчид, үзэгчдээс олоод харчихдаг юм байна лээ. Тиймээс нэвтрүүлгийн үеэр намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Тухайн үед үзэгчид их дэмжиж байсан шиг санагдаж байна л даа?

-Хүмүүс намайг бодсоноос минь илүү дэмжиж байсан. Тэр нь уран бүтээл гаргахад их дөхөм байсан юм болов уу.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Энэ өвөл хамгийн анхны уран бүтээл “Өвлийн цэцэрлэг” дуугаа гаргалаа. Удахгүй шинэ уран бүтээл дээр ажиллаж эхлэх байх. Одоогоор СУИС-ын хөгжимдөх урлагийн тэнхимд магистраар суралцаж байгаа. Өнгөрсөн  онд хөгжим бүжгийн коллежийг морин хуурч мэргэжлээр төгссөн. Тэгээд мэргэжлийнхээ дагуу  магистрт суралцаад явж байна.

-Цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ? Мөрөөдлөөсөө хуваалцаж болох уу?

-Монгол урлагийг дэлхийд танилцуулах зорилготой байна. Монголынхоо хөгжмийн зэмсэг тэр дундаа морин хуурыг орчин үеийн хөгжимтэй хослуулж дэлхийд танигдах туйлын хүсэлтэй. Үүнийг  одоохондоо мөрөөдөж л сууна. Харин шинэ цаашдын уран бүтээлүүдээ монгол, англи хэлээр дуулна гэж боддог. Миний дуулалтын стиль, жанрын хувьд одоогоор хөнгөхөн жааз, баллад стилиэр дуулж байна. Гэхдээ залуу уран бүтээлчийн хувьд өөрийгөө олон талаас нь нээж харуулахыг л зорьж байгаа.

-Анхны уран бүтээлээрээ юуг илэрхийлэхийг зорьсон бэ?

-Миний анхны уран бүтээл “Өвлийн цэцэрлэг” дуу минь их нандин түүхтэй. Хамгийн анх цас орж байхад надад нэг аялгуу орж ирсэн. Түүнийгээ л дуу болгосон гэх үү дээ. Миний ажигласнаар Монголын уран бүтээлчдийн дунд хайрын тухай дуу олон байдаг ч анхны хайрын дуу тэр бүр байдаггүй юм шиг санагддаг. Тэгээд анхны хайр гэж чухам юу болохыг уран бүтээлээрээ мэдрүүлэхийг зорьсон байгаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж