Монголоо "голсон" залуус харьд тэмүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Монголоо "голсон" залуус харьд тэмүүлж байна

Монголоо "голсон" залуус харьд тэмүүлж байна

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн хэлний  түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 5-ны өдөр эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажиллах хүчний квот нь 2100 гэнэ. Өөрөөр хэлбэл энэ жил Монгол Улсаас 2100 хүн БНСУ-руу хөдөлмөрийн гэрээний ажилтан болох юм. Бүртгэлийн үйл ажиллагаа энэ сарын  7-ны өдрийг дуустал үргэлжлэх боловч амжиж бүртгүүлэх гэсэн иргэдийн тоо хэдэн мянгаар хэмжигдэх болжээ.


Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс  дээр 16.00 цагийн үед очиход бүртгэлийн хэлтсийн ажилчид тарсан байсан ч 200 гаруй хүмүүс хашааны гадна дугаарлаж зогссон байв. Урт дараалал үүсгэсэн иргэд өвлийн зузаан хувцсаа өмсөн, найз нөхөд, ах дүү, ээж аавын хамтаар ирж ээлжлэн хоёр хоногийн турш дугаарлан зогсож буйгаа хэлэв.

Бүртгэлийн байрны гадна дугаарлан зогсож буй иргэд ихэд бухимдалтай,эмх замбараагүй байдал үүссэн учраас дүүрэг тус бүрт цагдаагийн хүчлэн хамгаалалт гарчээ.“Өчигдөр шөнө орсон 100 гаруй  хүмүүсийг бүртгэл дөнгөж сая дуусаж байна. Зөрөөд  120 хүн дотогш орсон. Бүртгэл зөвхөн ажлын цагаар хийгдэж байгаа нь учир дутагдалтай юм. Гурван ажилтан нь тэдгээр хүмүүстэй бүхэл өдөржин зууралдсан, бүртгэл маш удаан байна. Гэтэл энд дугаарлаж зогсох маш олон хүн байна шүү дээ. Маргааш сүүлийн өдөр дотор байгаа хүмүүсээ бүртгээд гадаа байгаа бид нар эндээ үлдэх байх” хэмээн  итгэл алдарсан маягтай хэлэх хүнтэй ч мөн таарав.

Хүйтэн өдрийн жаврыг, шөнийн хүйтнийг анзаарах ч сөхөөгүй нэг л зорилго өвөртлөн хонож, өнжин оочирлох эдгээр хүмүүсийн ихэнх нь 18-40 насныхан. Монголд яг хийж бүтээх насны энэ олон залуус бүгдээрээ БНСУ-д явах хүсэлтэй байгаа нь илт. Гэтэл тухайн дүүрэг нийт 500 хүн бүртгэх аж. Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албаны хүнтэй уулзах гэсэн болов ч цагдаа нар “оруулж болохгүй гэсэн” гэх гурван үгээр ам таглах нь тэр.

Энэ зуур төгсөх курсийн нэг ангийн гурван залуутай хэсэг хөөрөлдлөө. Хоёр нь сургуулиасаа жилийн чөлөө авч, нэг нь сургуулиа бүр мөсөн хаяжээ. Гурвуулаа орон нутгийн оюутнууд. Сургалтын төлбөрөө дийлэхгүй болохоор хамтдаа явж ажил хийхээр шийдсэн нь энэ аж. Уг нь бол өмнө нь зундаа барилга дээр ажиллаад, хичээл орохоос өмнө самар, жимс түүгээд төлбөрөө болгочихдог байсан гэнэ. Гэтэл энэ жил зунжин халуун наранд барилга дээр ажилласан ч нөгөө газар нь цалингаа тавьж чадахгүй дампуурснаас болоод хохироод үлджээ. Тиймээс чөлөө авахаас өөр сонголт байсангүй гэлээ. Тэдэн шиг амьдралын төлөө харийг зорих мөрөөдөлтэй, хүсэлтэй залуус энд хэдэн зуугаараа байна. Ажил олдохгүй, аргагүйн эрхэнд энд тэндээс зээлж хэдэн төгрөг бүтээгээд гадагшаа явж ажиллахыг хүн бүр л ярьж байлаа.

Дугаарлах үед жижигхэн биетэй хүмүүс нь нэгнийхээ хөлд дарагдах нь энүүхэнд гэнэ. Бүртгэлийн хэлтэс дотор  банкны ажилчид, нийгмийн халамж, хөдөлмөрийн хэлтсийн ажилчид, эмч нар зэрэг  6-8 алба хаагч бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Шалгагч хяналт тавих хоёр хүнээс гадна, 2-3 бүртгэлийн ажилтан  л ажиллаж байгаа гэнэ. Тэдгээр ажилтан нэг хүн дээр 20 минут болдог гэж бодохоор ингэж удах нь аргагүй юм шиг.


Ингээд нэр нууцлахыг хүссэн иргэдийн яриаг хүргэе.

 “Би хоёр хүүхэдтэй. Тогооч мэргэжилтэй. Ажлын байр олдсон ч гэсэн цалин бага. Хоёр ажил давхар л хийхгүй бол авдаг цалин амьдралд хүрэлцэхгүй байна. Манай эгч Сөүлд  нэг хэвлэх үйлдвэрт ажил­ладаг. Цалин нь монгол мөнгөөр нэг сая гаруй төгрөг. Монголд ажиллаад хэзээ ч ингэж цалинжихгүй.Шалгалтад бүртгүүлж байвал хонох энүүхэнд” гэв.

‘Ард иргэдийн амьдрал доройтоод эхэлчихсэн.  Хаа газруудын цалин бага, дээрээс нь цомхотгол гээч нь хаа сайгүй явагдаж, Монголын нийгэм нэг л уур ундууцлаар, дүүрэн улс төржилтөөр хахаж цацсан улс болсон байна. Тэгэхээр үүнээс дайжсандаа гэх үү, бас л амьжиргаагаа дээшлүүлэх хүсэл өвөртлөн энд дугаарлаад зогсож байна.‘ гэв.

Бид зээлтэй, зээлээ төлж чадахгүй орон байраа алдаад, өрөнд ороод дуусч байна. Одоо энд гайгүй амьдарч буй залуус ээж аавын хүчинд тусдаа гарч, амьдралаа залгуулж байгаа бол боломж тааруу айлын хүүхдүүд өөрсдийн цалингаар амьдралаа авч явах боломжгүй байна” хэмээн иргэд  ам уралдан ярьж байлаа. 

Бүртгүүлэхээр очиж буй хүн бүр шалгалтын хураамж болох 24 ам.доллартай тэнцэх төгрөгийг тушаасан баримтаа заавал авчирна. Өөрөөр хэлбэл, 59,304 төгрөгийн хураамжийг төлж шалгалтаа өгнө гэсэн үг. Дээрээс нь хэлний мэдлэггүй иргэд Солонгос хэлний сургалтад нэг cap сууна. Тэглээ ч эхний 2100-д багтах эсэх нь үнэхээр л тэр өдрийн тэнгэр мэдсэн хэрэг биз.

Хэн ч эх орноосоо явах тухай бодохгүй, хэн ч  гадны улсад очиж, хөдөлмөр эрхлэх тухай санадаггүй болсон тэр цагт л Монголын нийгэм сайхан болжээ гэж хэн бүхэн бодно. Ядаж л гадагшаа явж хар хөдөлмөр эрхлэх талаар хэний ч толгойд орж ирэхгүй шүү дээ. Энд дугаарлаж байгаад бүртгүүлчих юм шиг сэтгэж, шөнө, өдөргүй төмөр хашааны багана налан зогсох зуу, зуун залуусыг харахад бас л эмзэглэмээр.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж