Халуун орны тамирчдын ард орлоо гэж шүүмжлүүлсэн

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Халуун орны тамирчдын ард орлоо гэж шүүмжлүүлсэн

Халуун орны тамирчдын ард орлоо гэж шүүмжлүүлсэн

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцсон баг тамирчид өчигдөр(2018.03.06) мэдээлэл хийлээ. Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд болсон хуралд Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн болон Монголын цанын холбооны төлөөлөл оролцсон юм. Энэ үеэр Пёнчаны цасан замд уралдсан Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нар өөрсдийн амжилтын тухай тайлбар өглөө.

Гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км-ын уралдаанд Батмөнхийн Ачбадрах 41:40.4 цагийн амжилтаар 97-р байрт орсон. Энэ зайд нийт 119 тамирчин хурд хүчээ сорьсноос Швейцарийн Дариа Кологна 33:43.09 минутын амжилтаар алтан медаль хүртсэн бөгөөд манай тамирчин 7:56.5 миунтын алдагдалтай барианд орсон. Уралдаан хоёрдугаар сарын 16-ны өдөр болсон юм.

Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Чинбатын Отгонцэцэг 32:52.1 амжилтаар 84 дүгээр байрт орсон бөгөөд тэрбээр ‘Ванкувер 2010’ наадамд үзүүлж байсан Э.Очирсүрэнгийн амжилтыг долоон секундээр ахиулсан. Энэ зайд нийт 90 тамирчин гараанаас гарсан бөгөөд тэрбээр түрүүлсэн тамирчнаас 7:51.6 минутын хоцрогдолтой барианд оржээ. Ч.Отгонцэцэг Македони, Турк, Аргентин, Монтенегро, БНАСАУ, Чилийн цаначдыг ардаа орхисон юм. Уралдаан хоёрдугаар сарын 15-ний өдөр болсон.

Б.АЧБАДРАХ /’В’ зэрэглэлийн ДАШТ-ий хүрэл медальт, ‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадамд оролцсон/

-Миний хувьд өөрийгөө сайн амжилт үзүүлсэн гэж үзэхгүй байна. Цаашид улам сайн хичээж амжилтаа ахиулахын төлөө ажиллах болно. Цанын зориулалтын баазтай байна гэдэг тамирчдын хувьд амжилт ахих бүрэн боломж нээлттэй байгааг Туркийн тамирчид харуулсан. Учир нь би 2016 онд Туркийн тамирчдын урд ордог байсан. Гэтэл сая Пёнчаны наадмаар тэд миний урд орлоо. Турк улс цанын зориулалтын баазтай болж, тамирчид бэлтгэлээ бүрэн хийж чаддаг болсон нь амжилтанд нөлөөлж байна. Нэн чухал цанын бааз бидэнд хэрэгтэй байгааг харууллаа. Хэрвээ бид зориулалтын баазтай болчих юм бол дараагийн олимпийн наадамд амжилтаа улам сайн ахиулах бүрэн боломжтой. Мөн олон тамирчин олимпод эрхээ авч болох тал байна. Одоо халуун орны тамирчин цасан дээр яаж гүйх билээ гэдэг асуудал өнгөрсөн. Өөрсдийн цанын баазтай. Хүйтрэхээр Австрид оччихдог. Тэд Австри зэрэг цастай орнуудад амьдраад бэлтгэлээ хийж байна. Халуун орны тамирчдын амжилт сайжраад байгаа шалтгаан бол тэд жилийн дөрвөн улиралд цанын бэлтгэлийг хийж чадаж байгаа юм.

Ч.ОТГОНЦЭЦЭГ /’В’ зэрэглэлийн ДАШТ-ий шагналт IV байр, ‘Сочи 2014’, ‘Пёнчан 2018’ өвлийн наадамд оролцсон

-Миний хувьд “Сочи 2014” наадамд анх оролцсон. Пёнчаны наадмын бэлтгэлийг Финландад хоёр сар орчим хийж, БНСУ болон Хандгайтын цасан замд хийсэн. Энэ удаагийн наадмын нэг давуу тал нь олимпийн наадам болохоос Пёнчанд очиж, уралдааны замд бэлтгэл хийх боломж гарсан. Сочид бидэнд ийм боломж байгаагүй. Уралдааны тухайд 44 орны 90 тамирчнаас 82-т эрэмбэлэгдсэн. Барианд орохдоо 84 байрт орсон нь шүүмжлэлд өртсөн. Тамирчин хүний зүгээс олимпийн наадамд байгаа бүхнээ гаргасан. Халуун орны тамирчдын ард орлоо гэсэн шүүмжлэл байсан. Бразил, Того, Тайланд зэрэг улсын тамирчин миний урд орсон ч тэд бэлтгэлээ хангалттай хийдэг болсон нь харагдлаа. Гэхдээ халуун орны тамирчин гээд шууд цасан дээр уралдахгүй. Тэд жилийн дөрвөн улиралд цасан дээр бэлтгэл хийгээд эхэлсэн байна. Зарим нь гадаад дасгалжуулагчтай. Австри зэрэг цастай оронд бэлтгэлээ хангалттай хийж чаддаг болсон болохоор тэд бидний өмнө ороод байна. Зарим тамирчид биднээс сайн байгаа.

Ч.БОЛОРЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж