Канадын хоршоодоос суралцах зүйл их гэв

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Канадын хоршоодоос суралцах зүйл их гэв

УИХ-ын дэд дарга, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн  Н.Энхболд Канадын хоршоодын  холбооны  Ази, Америкийг хариуцсан бүсийн захирал хатагтай Лидъя Макуч Филлифсийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Н.Энхболд Канадын хоршоодын холбооноос Монголын хоршооллын салбарт хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдэд сэтгэл хангалуун байдаг тухайгаа хэлээд цаашид хоёр орны хоршооллын байгууллагууд харилцан ашигтай хамтран ажиллах, ялангуяа хоршооллын хөдөлгөөн эрчимтэй хөгжсөн Канад орон болон 100 гаруй жилийн түүхтэй Канадын хоршоодын холбооноос  суралцах зүйл их байгааг дурдлаа.

Мөн тэрбээр Монгол Улсын Их хурал, Засгийн газраас хоршооллын хөдөлгөөнийг хөгжүүлэх талаар бодлогын томоохон баримт бичгүүд батлан гаргаж, иргэд хөрөнгө, хөдөлмөрөө хоршин хамтран ажиллах эрх зүйн таатай орчин бүрүүлэхэд ихээхэн анхаарч багаа талаар тэмдэглэн хэлж, Хадгаламж зээлийн хоршооны тухай бие даасан хуулийн төслийн талаар харилцан санал солилцсон юм.

Цаг гаргаж өөрийг нь хүлээн авч уулзаж байгаад Хатагтай Лидъя Макуч Филлифс талархаад, 1998 оноос Канадын хоршоодын холбоо Монголын хоршооллын салбарт хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлж ирсэн талаараа дэлгэрэнгүй ярилцав. Тухайлбал, санхүүгийн салбарт олон жил ажиллаж байгаа туршлагатай, өндөр мэргэжлийн Канад зөвлөхүүд монголд хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодод зөвлөгөө өгөх хөтөлбөрийг 2010 оноос Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвтэй хамтран хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ сард 10 зөвлөх Баян-Өлгий, Завхан, Хэнтий, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгуудад ажиллаж буй юм байна.    

Төрийн ордонд болсон энэхүү уулзалтанд Канадын хоршоодын холбооны харилцаа хариуцсан менежер Донна Балкан, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир нар байлцсан болохыг УИХ-ын Тамгын Газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж