Урин цаг айсуй, үсээ яаж янзлах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.07-нд нийтлэгдсэн

Урин цаг айсуй, үсээ яаж янзлах вэ?

Урин цаг айсуй, үсээ яаж янзлах вэ?

Шинэ соргог, сонин сайхан мэдрэмж өгдөг хаврын улиралтай зэрэгцээд та гадаад дүр төрхөө өөрчлөхийг хүсч байна уу? Өөртөө эрс хувьсгал хийж, үсний засалтаа өөрчлөхдөө шинэ улирлын тренд засалт ямар байх тухай интернэтээс хайж сууна уу?

Тэгвэл, айсуй хавар, айсуй жилийн тренд үсний засалт ямар байх тухай Английн мэргэжлийн үсчид хэрхэн зөвлөснийг харцгаая.


БҮР Ч ИЛҮҮ БУРЖГАР

Өнгөрсөн жилийн тренд засалт болох буржгар, “аабан-бээбэн” толгой энэ жил ч моодноос гарахгүй бололтой. Үсний урт, богино хамаагүй, харин буржгар л байх ёстой. Тэр тусмаа ороолт нь бүр ч чанга, нарийн байх тусмаа сайн. Төрөлхийн долгионтой, буржгар үстэй бүсгүйчүүд жаахан хэлбэр, хэмжээг нь өөлөөд нь төгс болох нь.


 

“БОХИР” ШАРГАЛ ҮСТ

Холливудын одод, Грэммийн шагналтнууд, хит дуу бүтээгсдийн нийтлэг сонгох болсон өнгө. Шаргал үс хэзээ ч моодноос гарахгүй. Харин энэ жилийн хувьд “бохир” гэж тодорхойлдог уусалттай, уг хэсгээрээ төрөлх бараан өнгө нь цухуйсан, замбараагүй маягийн шаргал үс тренд байх болно.


 

ТОЛГОЙН АЛЧУУР

Толгойн алчуур эргэн ирлээ. 1940-өөд оны загварын илэрхийлэл болсон толгойн алчуурыг одоо Derek Lam, Marc Jacobs гээд загварын “хувьсгалчид” тайзнаа дахин толилуулж байна. Материалын хувьд өргөн сонголттой, гэхдээ торгомсог голдуу, харин өнгөний хувьд эрээн мяраан, алаг, өнгө сүлэлдсэн байх ёстой.

 


 

МӨНГӨН ҮС

Өнгөрсөн хоёр жил өндрөө авсан “мөнгөн” үснээс уйдах болоогүй л байна. Энэ жил ч мөн цайвар саарал үс тренд хэвээр байх болно. Гялалзаж, гялтганасан, нүд гялбам хувцас, метал өнгийн гоёл таны “мөнгөн” үстэй хэрхэн нийцэхийг төсөөлөөд үз дээ. Таныг загварын мэдрэмжтэй нэгэн гэдгийг илхэн харуулах болно.


 

ХУРЦ ИРМЭГ

Өөгүй тэгш ирмэг… Шув шулуухан… Үсний үзүүрээ тэгшлүүлж тайруулаад, үсэндээ шулуун хими хийлгэх, түвэгшээдэггүй бол үсний индүүгээр шулуун болгоход л хангалттай. Хамгийн хялбар бөгөөд хамгийн загварлаг.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж