Өнөө шөнө Улаанбаатарын цагаар 03:45 минутаас Европын хөлбөмбөгийн Аваргуудын лигийн шөвгийн 16-н хариу тоглолт эхлэнэ. Шөвгийн 16-д учраа таарсан Испаний Реал Мадрид болон Францын ПСЖ багуудын тоглолт хөлбөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байна. Учир нь тус хоёр багийн эхний тоглолтонд Реал Мадрид клуб талбайдаа ПСЖ клубыг 3-1 харьцаатай хожсон. Энэ удаа ПСЖ клуб өөрсдийн талбай дээрээ заавал хожих даалгавартай талбайд гарна.
Гэвч ПСЖ клубын хувьд маш том асуудалтай тулгараад байгаа. Багийн түлхүүр тоглогч Бразил довтлогч Неймар бэртлийн улмаас энэ удаагийн хариу тоглолтонд оролцож чадахгүй. Мөн ПСЖ клубын лигийн сүүлийн тоглолтонд Франц довтлогч К.Мбаппе бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд өнөө шөнийн хариу тоглолтонд ч оролцох эсэх нь эргэлзээтэй байна.
ПСЖ клуб өнгөрсөн зун Бразил довтлогч Неймарыг хөлбөмбөгийн ертөнцөд урьд хожид байгаагүй өндөр үнээр буюу 222 сая еврогоор өөрсдийн болгосон. Мөн К.Мбаппег Монако клубээс энэ 2018 оны зун 145 сая еврогоор худалдан авах заалтаар зээлээр авсан. Энэ бол ПСЖ клубын Араб эздийн Аваргуудын лигийн дэлдэн чихт цомыг өргөх аварга том төсөл байсан. Гэвч Араб эздийн мөрөөдөл шөвгийн 16-д хүрээд өндөрлөхөд ойрхон ирээд байна. Неймаргүй ПСЖ клуб Аваргуудын лигийн дунд шөвөгт шалгарах гэвэл өнөө шөнө Реал Мадрид клубыг наанадаж 2 гоолын зөрүүгээр хожих ёстой. Тэдний өрсөлдөгч нь Аваргуудын лигийн дархан аварга, энэ цаг үеийн шилдэг довтлогч К.Роналдо тэргүүтэй Реал Мадрид юм. Иймд ПСЖ клубын хувьд аварга том төсөл салхинд хийсэхэд ойрхон ирээд байна.