Италийн популистуудын давалгаа ЕХ-д юу авчрах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Италийн популистуудын давалгаа ЕХ-д юу авчрах вэ?

Италийн популистуудын давалгаа ЕХ-д юу авчрах вэ?

Ням гаригт болсон Италийн парламентын сонгуулийн дүн Европын холбоонд муу мэдээ авчирчээ. Италийн сонгогчид хэт барууны үзэл баримтлалтай, Европын холбоог эсэргүүцэгч намуудыг сонгосон нь евро бүсийн тогтвортой байдалд аюул занал учруулж магадгүй гэх болгоомжлол байгаа ажээ. Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргасны дараа Франц, Германд цагаачлалын эсэргүүцэх хандлага хүчтэй болж, цагаачдын талаар явуулж ирсэн бодлогоо эргэн харахаар болсон юм.

ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел Социал демократ намтай эвсэл байгуулах тохиролцоонд хүрч, зургаан сар үргэлжилсэн улс төрийн мухардмал байдлыг арилгаснаас хойш хэдхэн цагийн дараа Италийн парламентын сонгуулиар хэт барууны үзэлтнүүд болон популистуудын шинэ үе гарч ирсэн тухай олон улсын хэвлэлүүд мэдээлсэн юм.

Европын холбооны гишүүн орнуудын улс төрд өрнөж буй эдгээр үйл явдлын дүнд популизмыг эсэргүүцэгч Францын Эммануэль Макрон болон интеграцчилал явуулахыг эсэргүүцдэг бусад орнуудын хооронд хагарал үүсч магадгүй гэж ажиглагчид үзэж байна.

‘Италийн сонгуулийн дүнгээс харвал Европын холбооны шинэчлэл томоохон эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Гэхдээ яг одоо эрсдэл гаргах цаг биш” хэмээн Брюссель дэх Европын бодлогын төвийн судалгааны газрын дарга Жанис Эмманули  хэлсэн байна.

2017 оны тавдугаар сард Францын ерөнхийлөгчөөр сонгогдохдоо Эммануэль Макрон Европт ердийн зүйл мэт болсон популизмыг арилгана хэмээн амласны дараа популистуудын давалгаа бага зэрэг намдсан билээ.

Европын холбоог шинэчилж, удахгүй 27 гишүүнтэй болох гэж буй бүсийн орнуудын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх асуудал хурцаар тавигдсаны дараа популистууд давамгайлсан Их Британи Европын холбооноос гарах шийдвэр гаргасан юм.

Гэвч Европын холбоонд шинэчлэлт явуулах ажил эхнээсээ бүтэлгүйтсэн билээ. Есдүгээр сард болсон ХБНГУ-ын парламентын сонгуульд эрх баригч хоёр нам тааруу дүн авч, олон сая сонгогчоо хэт барууны үзэл баримтлалтай Германы Альтернатив намд алдсан нь Германы улс төрийг олон сар үргэлжилсэн мухардалд хүргэсэн билээ. ХБНГУ-ын Канцлер эвсэл байгуулж, улс төрийн мухардлаас гарсан ч одоо Италийн улс төрд үүссэн тааварлашгүй байдал Европын холбооны шинэчлэлд саат тотгор учруулж болзошгүй байна.

‘Италийн “Таван од хөдөлгөөн” болон Европын холбоог эсэргүүцэгч эвсэл Европын интеграцчилалд том саад учруулна. Их Британи Европын холбооноос гарсны дараа Итали холбооны төсвийн хөрөнгө оруулалтыг бууруулвал энэ нь бүсийн орнуудын эдийн засаг сөргөөр нөлөөлнө” хэмээн “Capital Economics” макро эдийн засгийн судалгааны төвийн Жэк Аллен хэлжээ.

Нөгөө талаар Африкийн цагаачдыг хүлээн авдаг тэргүүн шугам гэж хэлж болох Итали Европын холбооны  цагаачлалын хөтөлбөрт дарамт шахалт үзүүлэх нь улам нэмэгдэнэ гэж ажиглагчид үзэж байгаа ажээ.

Европын холбооны Итали, Грек зэрэг орнууд цагаачдын давалгаанд хамгийн их өртдөг орнууд юм.

Италийн засгийн газар Брюсселийн шаардлагаар том реформууд хэрэгжүүлсэн боловч үр дүн нь төдийлөн гараагүй юм. Энэ шалтгаанаар популистууд давамгайлсан Ром Европын холбооны хууль дүрмийг сахихгүй, харин популист кампанит ажлын төсвийг нэмэгдүүлэх эрсдэл бий ажээ. Энэ нь яваандаа Ром болон Европын комиссын хооронд зөрчил үүсгэж магадгүй ажээ.

Итали еврогоос татгалзах уу?

2011 онд олон улсын санхүүгийн зах зээлүүд Италиас нүүрээ буруулж эхлэхэд тус улсын ерөнхий сайд байсан Сильвио Берлускони албан тушаалаасаа огцорсон билээ. Түүнээс хойш Италийн эдийн засаг Европын холбооны гишүүн орнуудын жишгээр явах болсон юм.

Италид популистууд төрийн эрхэнд гарч ирснээр улс төрийн тааварлашгүй нөхцөл байдал үүсээд байгаа ч Итали еврогоос татгалзаж, Европын холбооноос гарах зүйл болохгүй гэж ажиглагчид хэлж байна.

Сайн мэдээ гэвэл Европын холбооны хүчирхэг эдийн засагтай ХБНГУ улс төрийн мухардмал байдлаас гарч, Ангела Меркел дөрөв дэх удаагаа засгийн газар тэргүүлэх болсон нь Европын холбоонд тогтвортой байдал эргэн ирэх найдвар төрүүлж байгаа ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж