Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Бай шагналын марафон

Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улс байгуулагдсаны 805, Тусгаар тогтнолын 100, Ардын хувьсгалын 90 жилийн ой гэхч энэ онд тохиосон олон тэгш ойтой давхцан хэд хэдэн аймаг 70, 80 жилийнхээ ойг нижгэр тэмдэглэлээ. Барилдсан бөх, уралдсан морьдоосоо илүү бай шагналаараа өрсөлдсөн гэж болох аймгуудын наадмын тухай яриа одоо ч хуучраагүй байна.  Монголын урдаа барьдаг улстөрч, бизнесменүүд нутаг усных нь тэгш ойд бэл бэнчингээ гайхуулан наадсан аймгуудын баяр наадмын тухай мэдээллээс товчлон хүргэе.

“Мон уран”-ы Б.Наранхүү…Бизнесийнхэн дундаа бэл бэнчингээрээ гайхуулах энэ эрхэм Дундговь нутгийн унаган хүү юм. Тиймээс ч Дундговь аймгийн 70 жилийн ойн наадмын түрүүлсэн бөх болон зургаан насны  морьдын түрүү магнайг тус аймгийн нутгийн зөвлөлийн дарга, Өлзийт сумын уугуул “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү “MCS” компаний захирал Э.Оджаргалтай хамтран “Ланд Круйзер 200” маркийн жийп машинаар байлсан нь энэ зуны хийгээд баяр наадмын түүхэн дэх хамгийн өндөр бай шагналтай наадамд тооцогдож байна.

Харин Дорноговь аймгийн 80, Говьсүмбэр сумын 20 жилийн ой энэ жил давхацсан нь энэ нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийг хоёр хуваагдахад хүргэжээ. Дорноговь аймгийн 80 жилийн ойн наадмын үзүүр, түрүүний бөхийн  бай шагналыг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гардуулсанбол Говьсүмбэр аймгийн 20 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн бөх,  дээд гурван насны түрүүлсэн морьдыг “Шивээ овоо” компанийн захирал И.Нарантуяа, “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар, УИХ-ын гишүүн асан Л.Одончимэдийн хүү О.Одбаяр нарын тус аймгаас дараагийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй улс төрчид болон бизнесменүүд “УАЗ-469” машинаар байлжээ. Түүнчлэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар Дорноговь аймгийн наадмын азарганы уралдааны түрүүг “УАЗ-469” машинаар байлсан байна.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Батхүү болон “Шунхлай” компанийнхан Өвөрхангай аймгийн 80 жилийн ойн наадмын түрүү бөхөд гардуулсан 10 сая төгрөг болон зургаан насны түрүүлсэн морьдыг бай шагналыг даасан гэнэ.

Түүнчлэн “Ажнай” корпорацийн тэргүүн Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй нутгийн алдартнууд Өмнөговь аймгийн наадмын түрүү бөх болон нас насны түрүү морьдыг “Lexus” маркийн машинаар байлсан нь “Мон уран”-ын Б.Наранхүүгийн араас бай шагналын бэл бэнчингээрээ орж байна. Энэ жил Өмнөговь аймгийн баяр наадмыг залгуулаад “Говь шанх-4” төвийн бүсийн хурдан морины уралдаан болсон бөгөөд энэ наадмын байг ч мөн “Ажнай” корпораци даан, зургаан насны айргийн тавд орсон морьдыг 20-25 сая төгрөгийн өртөг бүхий цоо шинэ ачааны машинаар байлсан нь түүний зангарагийг илтгэж байна.

“Говь шанх-4” төвийн бүсийн даншиг наадмын бай шагнал, бусад зардалд бараг хоёр тэрбум зарцуулсан гэхээр “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ аргагүй л бэлтэй загнажээ.

Ховдын 80 жилийн наадмаар аймгийнхан нь түрүүлсэн бөх, морьдыг “УАЗ-469” машинаар  байлсан бол энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Батбаяр улсын заан Ч.Батзориг, Ц.Мягмарсүрэн нарт “Ланд 200” машин бэлэглэн нутгийн найзууддаа сюрприз барьсан нь гэнэтийн бэлэг байсан юм.

Хөвсгөл аймгийн 80 жилийн ойн баяр наадмаараа түрүүлсэн нутгийн бөхдөө 10 сая төгрөг, хурдан удмын даага бэлэглэн байлжээ. Мөн нутгийн зөвлөлөөс энэ жилийн улсын баяр наадмаар сайн барилдаж, улсын цолонд хүрсэн болон цолоо ахиулсан бөхчүүдээ гомдоохооргүй мялаажээ. Улсын харцага Ц.Содномдоржид нутгийнхан нь 30 сая, улсын начин цолонд хүрсэн М.Эрдэнэбат, А.Батмөнх нарт тус бүр 20 сая төгрөгийг урамшуулал болгон мялаасан бол Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас Улсын харцага Ц.Содномдоржид зургаан сая, улсын хоёр начиндаа тус бүр таван сая төгрөг бэлнээр нь өгч, шинэ цолыг нь мялаасан байна.

“Ноёд” группын захирал Ц.Буяндорж Сэлэнгэ аймгийн 80 жилийн ойн баяр наадмын үеэр улсын шинэ цолонд хүрсэн улсын арслан Г.Эрхэмбаярт гурван өрөө байр, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйд хоёр өрөө байр бэлэглэсний сацуу нутгийнхаа наадамд багагүй мөнгө хандивлажээ.

Төвийн бүсийн даншиг наадам болсон Архангай аймгийнхан ч ойгоо тэмдэглэж буй аймгуудаас дутахгүй наадмынхаа бай шагналыг олгосо байна. Тус наадамд УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, С.Эрдэнэ, С.Ламбаа, Н.Батбаяр, Д.Тэрбишдавга нарын төрийн түшээд ирж оролцсон бол арын хангайнханхан наадмынхаа түрүү бөхөд 18 сая, үзүүрлэсэн бөхөд 10 саяар, зургаан насны түрүүлсэн морьдыг тус бүр 15 сая төгрөгөөр байлжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж