“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э
Далан хоёрдугаар бүлэг
ӨВЧИН ТАХЛЫГ ХҮЛЦЭН ФӨН ЖЕГИЙН БИЕ ИЧГҮҮРИЙГ ДАЛДАЛЖ, ЭЗНИЙ СҮРД ЭРЭМШИН ВАН ЭРИЙН ЭХНЭР УРГИЙГ ТОГТООВ
Өгүүлэх нь: их ахайтан Жя Мүгийн шивэгчин Юань Ян эмзэг хүн юм. Сая гадаа санаандгүй тааралдсан явдлыг бодох тусам царай нь улс улсхийж, зүрх нь түгшиж байв. Тэгээд “Ийм юм дэмий. Хулгай, хуял хоёр нийлбэл хүний аманд ч хүрч мэднэ. Бас бусдыг чирэгдүүлнэ. Энэ надад хамаагүй юмыг гадагш нь задруулж юу хийнэ” гэж бодсоор гэртээ орж Жя Мүгийн тушаалыг гүйцэтгэснээ мэдүүлээд өрөөндөө орж унтав. Сая түүнийг цочоосон Сы Чи бол бүр багаасаа энэ бүл ахтайгаа тоглож өссөн бөгөөд хүүхэд байхын л, хожим эр эм болохоо тоглоом наадмын үгээр хэлэлцэн тогтсон ажээ. Хэн алин нь, өөдтэй өнгөтэй сайхан өсөж, нас биед хүрсэн тул ойрноос биенээ сонирхох нь ихэсчээ. Нэг нь нөгөөгөө хоргоож, нүд ирмэж, гэр оронд нь хүргэж, багын явдлаа дурсах нь олширсон ч, төдийлэн уулзаад байх зав чөлөө хомс байлаа. Бас эцэг эхээсээ эмээнэ. Тэгэвч уулзах арга зам эрж хүрээлэнгийн доторх эмгэдэд энэхэн тэрхнийг атгуулж үүд хаалгыг нээлгэн зам мөрөө засаж ирсэн тул өнөөдрийн хувьд ч гэсэн үймээн шуугианыг завшаан болгон уулзаж амжсан ажээ. Анх удаа, ажил явдал төгс бүрдэж завдаагүй боловч ам хэлээ ололцож, бэлэг дурсгалаа солилцон, орь залуугийн улаан галыг дүрэлзүүлжээ. Тийн атал Юань Янгаас болж цочиж салжээ. Тэр боол хөвгүүн, бут бургасан дундуур бултан зайлж, захын хаалгаар год үсрэн алга болжээ. Сы Чи ч гэсэн нойр нь хулжиж, шөнөжин гэмшсэн боловч нэгэнт оройтжээ. Маргааш нь Юань Янтай таараад, царай нь чихэндээ хүртэл улайж, орох газраа олохгүй сандран, зүрх нь пэл пэлхийж, цай хоол ч цааш орохгүй, ухаан санаа нь балартаад тэнэг маанаг юм шиг болжээ. Хэдэн хоног чагнасанд, юу ч дуулдахгүй болохоор аажимдаа тайвширчээ. Энэ үдэш нэг эмгэн ирээд,
-Бүл ах чинь, оргоод алга болчихжээ. Хэдэн өдөр сураг гарсангүй тул хүмүүс тал тал тийш явуулж эрүүлэх гэж байна гэж сэмхэн дуулгав. Үүнийг сонсоод тэрбээр бачимдан, зовниж бас гомдож, “Хэрэг явдал илэрч гэмээ нь хамт үхэх байтал, тэрүүхний төлөө оргож зугтаасныг бодвол энэ эр үнэхээр сэтгэлгүй хүн юмаа” хэмээн бодохын хамт сэтгэлийн зовлон нэмэгдээд төдөлгүй цог сүлд нь буурч өвчлөөд хэвтэрт оров.
Ямарч учир шалтгаангүйгээр нэг боол оргоод, бас Сы Чи гэгч шивэгчин өвчтэй болж, улмаар гэрт нь буцаах тухай ярилцаж байна гэдгийг Юань Ян сонсоод: “Тэр аягүй бол намайг хүмүүст задруулж ялд унагана гэж айснаас болсон байх” гэж бодоод зовчихов. Тэгээд ярилцаад “Намайг чиний тухай хүнд хэлбэл тэнгэр ниргэг гэж тангараг тавиад элдвийн дэмий юманд зовж хайран биеэ сүйтгэлгүй сайхан арчил” гэж зөвлөв. Сы Чи түүний гараас зуурч
-Эгч минь ээ, бид багаасаа, өвгөдийн хэлдгээр “Уужим дээлэндээ унтаж урт мориндоо сундалсаар” өдий болтлоо алганы төдий алаг санасангүй явлаа. Би ч эгчийг муу санасангүй. Миний нэг буруу гишгэснийг хүнд хэлэхгүй өнгөрөөвөл би төрсөн эхтэйгээ адил санаж явна. Хойшид би, нэг өдөр амьд явавч цөм чиний нэг өдрийн өршөөл болно. Би энэ өвчнөөс амьд салбал, хөргийг чинь зуруулан аваад өдөр болгон зул хүж асааж, хишиг буяныг чинь дуудан мөргөнө. Би үхэхэд хүрвэл нохой морь болж төрөөд ачийг чинь хариулна. Хэрэв бид салж сандахад хүрвэл, дахин уулзсан цагт лавтайяа ачийг чинь хариулах газар байна” гэж мэгшин шагшин хэлэв. Юань Ян түүний үгийг сонсоод зүрх нь шимширч, нулимс унагаж,
-Чи үхлийн замыг өөрөө эрнэ гэж юү гэсэн үг вэ. Чиний тухай би хүнд яриад ямар сайн юм олох юм бэ. Ер нь, хүний явдлын ийм юмыг ямар нүүрээрээ хүнд хэлэх вэ. Чи энэ талаар битгий зов. Хожим өвчин чинь эдгэсэн хойно ч ингэж аашилж болохгүй. Хэвийг сахиж сайхан явахыг бод гэсэнд Сы Чи толгой дохин хүлээж авав.
Тийм учир Юань Ян ч тайвширч, тэндээсээ яваад Фөн Жег эргэхээр шийдэв. Ойрд Фөн Жегийн цовоо цолгин сүр нь буурч, цуурай тунгалаг дуу нь суларсан тул, Жя Ляний эзгүйд уулзъя гэж бодоод очтол, хоёрдугаар хаалганы хүмүүс түүнийг хараад бүгд босож угтав. Тэрбээр яваад үүдэнд нь овчол Пин Эр угтан гарч ирээд: “Сая жаахан хоол идээд, үдийн нойр авахаар хэвтлээ” гэж зөөлхөн хэлээд, ийш оръё гэж урив. Тэд зүүн талын өрөөнд ортол нэг охин цай аягалах зуур Юань Ян сэмхнээр:
-Энэ хоёр өдөр найнай чинь яасан бэ. Ойрноос баахан номойрсон байдалтай боллоо гэж асуусанд Пин Эр, ойр хавьд, хүн байгаа эсэхийг ажсан бололтой ийш тийш хараад, шүүрс алдан:
-Энэ бол энүүхний хэрэг бишээ. Сарын өмнөөс ийм болсон юм. Сүүлийн хэдэн өдөр ажилд яарч бас баахан бухимдсанаас болоод өвчин нь дахилаа. Саяны хоёр өдрөөс өөр өвчин нэмэрлэсэн тул хүлцэж чадахгүй болоод нуух аргагүй боллоо гэв. Цаадах нь:
-Тийм юм бол яагаад эмч залж үзүүлэхгүй байна вэ гэж асуув. Пин Эр шүүрс алдан:
-Эгч минь ээ, чи түүний занг мэдэхгүй биш. Эмч залж эм уулгах байтугай намайг хаа нэг “Бие чинь яаж байна вэ” гэж асуухад “Өвчин олоосой гэж хүсэж байна уу” гэж уурлах юм. Ийм байтлаа бас өдөр бүр эрж сурж явна. Одоо баахан ойлгож мэдээд биеэ сувилмаар л байх юм гэв. Юань Ян:
-Хэдий тийм боловч эмч залж судсыг нь бариулаад ямар өвчтэйг нь мэдээд авбал зүгээр юмсан… гэсэнд цаадах нь санаа алдаад:
-Миний бодоход энэ тийм хялбар өвчин биш байх… гэсэнд Юань Ян:
-Тэгээд ямар өвчин юм бэ гэж асуув. Пин Эр түүнд ойртож чихэнд нь:
-Түрүүчийн сарын тэмдэг ирснээс хойш бүтэн сар зогсохгүй бага багаар дуслаад л байгаа юм. Энэ үнэхээр бага өвчин биш байх гэж бодох юм… гэтэл цаадах нь бурхан минь гэж дуу алдаж:
-Тийм бол “Цус нь задарсан” юм биш байгаа… гэсэнд Пин Эр амандаа хий нулимаад бараг шивнэн:
-Эмэгтэй хүн байж чи юү хэлж байна. Чи харин яаж ингэж харааж чадаж байна вэ гэв. Юань Янгийн нүүр улайж:
-Тэр чухам ямар үг болохыг би мэдэхгүй. Миний эгч тийм өвчнөөр үхсэнийг чи санаж байгаа байхаа. Тэр үед нь би ямар өвчин болохыг нь мэдээгүй. Манай ээж, худгуй эх хоёрын ярихыг сонсоод гайхдаг байсан боловч хожим учир шалтгааныг нь сонссон юм. Сая л санаанд гэнэт ороод л асуусан хэрэг гэв. Тэр хоёрыг ийн ярилцаж суутал нэг охин ирж: “Сая Жү ижий ирсэн. Бид “Найнай унтаж байгаа”” гэсэнд тэр: “Тайтайгийнд очно” гээд явсан… гэтэл Пин Эр толгой дохив. Юань Ян “Тэр чинь хэн бэ” гэв. Пин Эр:
-Албаны зууч Жү бэргэнийг хэлж байгаа юм. Ямар нэгэн Сүнь овогт ноён манайтай ураг хэлэлцэнэ гэж энэ хоёр өдөр үнэхээр залхтал чөлөө завгүй урилгын бичиг зөөж байна… гэтэл бяцхан шивэгчин гүйн ирж: “Эр Еэ ирлээ” гэж хэлэв.
Энэ үед Жя Лянь нэгэнт үүдэндээ ирсэн тул Пин Эр яарч угтан очив. Түүнийг хараад Жя Лянь инээн:
-Юань Ян эгчийн эрхэм бие өнөөдөр жихүүн өрөөнд заларчээ гэсэнд цаадах нь огт хөдлөлгүй инээж:
-Эр Еэ, Эр найнай нарын амгаланг эрэхээр ирсэн чинь, нэг нь яваад нөгөөх нь унтжээ гэв. Жя Лянь инээж:
-Жилийн дөрвөн улиралд Лао тайтайг асран сувилж, хичээн зүтгэж байдаг эгч таныг би очиж болгоогоогүй байтлаа ямар аймшиггүйгээр таныг зүдрээж байна гээд үнэхээр гайхалтай юм боллоо. Би өнөөдөр эгч тантай очиж уулзъя гэж байтал энэ дээл халуудаад байхаар нь солиод очихоор гэртээ иртэл харин санаандгүй тэнгэр ивээж надад дөхөм тус боллоо гэсээр сандалд суув. Юань Ян: “За ямар хэрэг болоов” гэсэнд Жя Лянь:
-Ийм нэг учрыг би таг мартжээ. Эгч та харин мартаагүй байж мэднэ. Ноднин Лао тайтайгийн насны баярт гаднын нэг тойн ирж царцмал лаваар сийлсэн аршийн гарыг өргөсөнд Тайтай ихэд сонирхож, гэрийн чимэг болгон тавьж байсан юм. Тэр өрийн хуучин эдийн дансанд тэмдэглэсэн юм байна. Гэтэл одоо тэр хаана байгааг мэдэхгүй байна. Хуучин эд хариуцдаг хүмүүс надад хоёр удаа мэдүүлж, намайг асууж тодруулсны дараа дансанд тэмдэглэсэн гэсэн байна. Тэгэхээр одоо түүнийг Лао тайтайгийнд тавьж байна уу, эсвэл өөр хүнд байна уу гэдгийг эгч танаас лавлая гэсэн юм. Юань Ян сонсуутаа:
-Түүний чинь Лао тайтай хэдэн өдөр гэртээ байлгаад сүүлдээ сонирхохоо больсон юм. Тэгэхээр нь танай найнайд өгсөн. Тийм байхад одоо надаас нэхдэг нь юү билээ. Би хэзээ, хэнээр өгүүлснээ санаж байгаа шүү. Лао вангийн эхнэрээр явуулсан юм. Чи үнэхээр мартсан бол найнай болон Пин Эрээс асуугаарай гэв.
Хувцас авчрахаар гарсан Пин Эр тэдний ярилцахыг сонсоод, яаран хүрч ирэв. Тэрбээр,
-Үнэхээр хүргэж ирсэн шүү. Одоо байшинд байгаа биз. Найнай тэр үед хэлж л байсан. Харин тэд яаж эргүүтээд дансанд тэмдэглээгүй юм бол. Тэгээд бас хэрэггүй юм нуршдаг байх нь гэсэнд Жя Лянь инээж:
-Та нар лавтай, надаас нуусан байхаа. Тэгээгүй бол найнайд чинь өгсөн юмыг би мэдэхгүй байх ёсгүй гэв. Пин Эр:
-Чи мэдээд хүнд өгнө гэхэд чинь, найнай өгөхгүй гэж булаацалдан арай чамайг үлдээсэн бишүү. Одоо болохоор таг мартчихаад, гэнэтхэн ямар их юм гэж хэрэг болгож байгаа юм бэ. Түүнээс арван хувь үнэтэй юмыг ч асууж сурагладаггүй мөртөө тэр муу юманд тийм их дурлаад байгаа юм уу гэж асуув. Жя Лянь толгойгоо даран инээж баахан бодсоноо, алга ташин хөхөрч:
-Би ер нь үнэхээр эргүүтэхийн туйлд хүрчээ. Юу байснаа мартаад хүнд хараалгадаг боллоо. Юу болж байгаа юм, хуучнаасаа их л өөр болжээ гэсэнд Юань Ян:
-Чамайг буруутгах аргагүй. Хэрэг явдал арвин, хэл ам ихийн дээр, чи хэдэн хундага ууж халуу оргивол юуны тийм их юм тогтоож чадааж… гэсээр явахаар боссонд Жя Лянь бас босож: “Сайн эгч минь түр хүлээнэ үү. Чамаас гуйх нэг юм байна” гээд боол зарц нарыг зандарч, яагаад та нар сайн цайгаар цайлаагүй юм бэ. Өчигдрийн ирсэн цайнаас сайн аяганд хийж авчир гэж яаруулав. Тэгээд Юань Янд хандаж:
-Лао тайтайгийн насны баярт, байсан хэдэн мянган лан мөнгөө зарж дуусгалаа. Орон байрны хөлс, тариалангийн түрээсийг есөн сард сая олгох тул одоо яг аргацаах газаргүй зовж байна. Өмнөд Жюань ванд маргааш бэлэг хүргэх хэрэгтэй бөгөөд бас есөн сарын есний баярт хатанд өргөх бэлгийг бэлтгэх хэрэгтэй байна. Бас хэд хэдэн айлын улаан цагааны явдал байна. Адаглаад л хоёр гурван мянган лан мөнгө хэрэглэнэ. Ийм их мөнгийг бага хугацаанд олох үнэхээр бэрх. Хуучин үгэнд “Айлаас эрэхээр авдраасаа эр” гэж байдаг. Эгч танаас гуйх юм байна. Лао тайтайгийн мартсан алт мөнгөн эдлэлээс нэг авдрыг аваачиж хэдэн мянган лан мөнгөний барьцаанд тавиад дээр хэлсэн хэдэн үйл явдлыг эвтэйхэн өнгөрөөмөөр байна. Ингэвэл, хэрхэвч таныг буруудахад хүргэхгүй. Хагас сарын дотор мөнгө ирсний дараа барьцаанд тавьсан эд юмсыг буцаан авчирч өгнө гэв. Цаадах нь инээж:
-Наадах чинь их хэцүү. Чи яаж бодож олов? гэсэнд Жя Лянь:
-Би дэмий ярьж байгаа юм биш. Эгч танаас өөр хэн, мянган лан мөнгийг мэдэж чадна вэ. Бас чамтай адилхан сөс зоригтой хүн ч байхгүй. Намайг ам нээвэл цөм цочин багтарна. Тиймээс “Алмасан сүхээр нэг дэлдэхээс биш, алхан сүхээр арав тогшихгүй” гэж бодож байна… гэтэл нэг охин ирж, Юань Янд “Лао тайтай таныг дуудаж байна” гэснээ, таныг хичнээн их эрэв. Тэгэхнээ нь, энд байна шүү гэж нэмж хэлэв. Юань Ян ч яаран ухасхийв. Түүнийг явмагц Жя Лянь, арга буюу Фөн Же рүү оров. Түрүүнд Жя Лянь Юань Ян хоёрын ярилцахыг сонсоод орох гэснээ, эвгүй санагдаад орон дээрээ хэвтэж байлаа. Юань Яныг явмагц Жя Лянийг орж ирэхээр “За яахав, тэр зөвшөөрөв үү” гэж шууд асуусанд цаадах нь инээж:
-Хэдий дуугарсангүй ч ямар ч гэсэн ахиц гарсан. Чи түүнтэй уулзаад нэг хэлчихвэл болчихно гэв. Фөн Же:
-Энэ явдалд би гар дүрэхгүй. Одоо сайхан үг хэлж намайг гүйлгээд мөнгөө олмогц намайг тоож харахаа болино. Хэн чиний өмнөөс өр шир хийх вэ дээ. Лао тайтай мэдвэл, миний энэ хэдэн жилд олсон нүүрийг нэгмөсөн барна гэсэнд Жя Лянь
-Чи сайн хүн шүү дээ. Бүтээгээд өгвөл би чамд хүндэт талархал хүргэнэ гэхэд, цаадах нь инээж:
-Юугаар талархана гэнээ гэсэнд Жя Лянь:
-Чи юу авна гэвэл цөмийг өгнө гэсэн үг гэв. Пин Эр хажуугаас нь инээж:
-Найнайд нэг л юм хэрэгтэй. Сая нэг явдалд хоёр зуун лан мөнгө дутаад байсан. Чи мөнгө зээлж хэдэн мянган лан авах юм байгаа биз. Түүнээсээ тэр өрийг дарчихвал хэн алины хэрэг бүтнэ дээ гэсэнд Фөн Же:
-Золоор чи санууллаа. Даруй ийнхүү үйлдсүгэй гэв. Жя Лянь инээж:
-Та нар ямар их хартай болоов. Одоо та нар мянган ланг байтугай бэлэн мөнгө таван мянган лан гэвч зовох газаргүй болой. Би танаас зээлэхгүй л бол боллоо. Ганц танаар хэдэн үг хэлүүлье гэвэл хөлс мөнгө авна гэнэ. Та нар надтай ямар… гэтэл Фөн Же үгийг нь таслаад үсрэн босож:
-Надад мянга түмэн лан мөнгө байвч чинийхийг аваагүй. Одоо намайг гадуур дотуур түргэн хэлэлцээд… чиний хэлэх л дутаж байна. Үнэхээр “Модны хорхой дотроосоо үүснэ” гэдэг болоод байна. Танай тэр барагдашгүй их баян санг чинь мэдэж байна. Манай ван овогтны уут савыг гөвөвч таны нэг насанд гүйцнэ. Бас ичих ч үгүй их үг хэлнэ. Чи итгэхгүй бол Тайтай бид хоёрын заслыг гаргаж сайн үзтүгэй. Аль нь таныхад хүрэхгүй вэ гэв. Жя Лянь инээж:
-Зүгээр нэг тоглоомын үг хэлсэн төдийд цухалдах хэрэг юүн. Энэ бас юү болно вэ? Чи нэг хоёр зуухан лан зарсугай гэвэл юү байна вэ? Илүүгүй боловч энээхэнд ажрахгүй. Авчирсан хойно чи хэрэглэхээ аваад хожим мэдсүгэй. Болох уу гэсэнд Фөн Же:
-Би бас ямар авсандаа авч орох гэж байгаа биш, юунд яарах вэ гэсэнд цаадах нь:
-Юу хийнэ! Ийнхүү ундууцахад хүрэхгүй гэв. Фөн Же инээд алдав. Тэгээд:
-Би цухалдах нь биш. Хэлсэн үг чинь, зүрхэнд тусаж байна. Нөгөөдөр болбол Эр Жегийн нэг жилийн ой болно. Бусдыг гийгүүлж чадахгүй ч шороо нэмж, хүж шатаах нь хэдэн өдөр эгч дүү явсны сэтгэл болно. Тэр хэдий үр хүүхэд үлдээгээгүй боловч “Хүний нүдэнд шороо цацах” явдал үйлдэхгүй бол сайн болой гэсэнд Жя Лянь толгойгоо дарж бодлогошроод:
-Нөгөөдөр хэрэглэх юманд чинь маргааш мөнгө өгье. Чи дураараа хэрэглэтүгэй гэв.
Энэ үед Ван Эрийн эхнэр орж ирсэнд Фөн Же: “Бүтэв үү” гэж асуув. Цаадах нь: “Бас горьгүй байна. Миний бодохоор найнай эзэн сууж өгвөл сая бүтнээ” гэв. Жя Лянь “Юу болоов” гэж асуусанд Фөн Же:
-Гойд юм бишээ. Ван Эрийн хөвгүүн энэ жил арван долоо хүрсэн боловч гэрлээгүй байгаа. Тайтайгийн гэрийн Цай Шяг гуйя гэсэн ч Тайтайгийн санааг мэдэхгүй. Тэр өдөр Тайтай “Цай Шя том болсон ч өвчин эмгэгтэй юмаа. Өршөөл үзүүлж гэрт нь буцаагаад эцгээр нь хүргэн сонгуулъя” гэж хэлжээ. Тэгээд Ван Эрийн эхнэр ирж надаас гуйсанд, би энэ хоёр айлын үүд өрх тэнцсэн тул хэлбэл бүтэх байх гэж санасан юмаа. Одоо энэ иргэд горьгүй байна гэнээ” гэв. Жя Лянь:
-Энэ ямар их хэрэг байх юм бэ. Цай Шягаас илүү нь хаа мундсан юм гэсэнд Ван Эрийн эхнэр инээж:
-Эр Еэ ингэж хэлж болох боловч тэд бас манийг тоохгүй байхад өөр хэн биднийг тоох юм бэ. Арай чамайг нэг хүүхэн үзэж тоогоод та нарын өршөөлд багтаан бүтээе гэж гуйхад найнай бол лавтай бүтнэ гэсэн юм. Энд тэндээс эрж сураад хүн гуйж хэлүүлэхүл харин нэг удаа бүтсэнгүй. Хүүхэн ч хэлэх газаргүй. Би урьдаас олонтаа туршиж үзэхэд ер юм хэлсэнгүй. Гагцхүү тэр хоёр зөнөгийн санаа даанч дээгүүр байна гэв.
Энэ үг Жя Лянь эр эм хоёрыг өдөөжээ. Жя Лянь дэргэд байгаа болохоор Фөн Же үг хэлж чадахгүй түүний байдлыг ажиж сууна. Жя Лянь өөр юм бодож байгаа тул юунд тэдний тухай бодох сөгөө байх вэ. Фөн Жегийн дагалт инж бөгөөд бас хүчээ өгсөөр ирсэн боол тул тэднийг ойшоохгүй бол эвгүй байв. Тэгээд: “За чи ямар ч их хэрэг тайван байж бай. Маргааш би зууч болж, нүүр талтай нэг хоёр хүнийг бэлэг сэлэгтэй илгээж үг захиж өгье. Тэгээд бүтэхгүй бол надтай уулзуулна биз” гэв.
Ван Эрийн эхнэрийг өөдөөс нь харсанд Фөн Же уруулаар дохив. Учрыг мэдээд эхнэр яаран сөгдөж Жя Ляний хишигт мөргөв. Жя Лянь “Чи Гү найнайдаа мөргөвөл зохиноо. Би хэдий хэлэвч Гү найнай чинь түүний эхнэрийг дуудуулж авчран тодорхой хэлж өгвөл тун сайн болно. Үгүй бол хэтэрхий эзэрхэхэд хүрч танай худ ураг бас хоорондоо эвгүй болно” гэсэнд Фөн Же:
-Чи бас энэрэн өршөөж байхад, би ханцуй хугас бариад суух ёс байна уу. Ван Эрийн эхнэр чи чагнаж бай. Энэ хэрэг нэгэнт ийм болсон тул чи бас миний төлөө гүйж, эрийнхээ гадуур тавьсан өр зээлийг цөмийг хурааж авчир гэж хэл. Сохор зоос ч дутааж болохгүй. Одоо миний нэр алдар их муу байна. Энэ янзаар нэг жил өр шир тавивал намайг барьж идэх байхаа гэв. Мөнөөх эхнэр инээж:
-Найнай даанч аймхай байна. Хэн найнайг ийм тийм гэж хэлж чадна вэ. Үнэхээр хурааж авахад хүрвэл би ч тэнэг царайлаад дагачихна гэсэнд Фөн Же:
-Би зоосоор юү хийнэ вэ. Гагцхүү одоо манай орлого бага зарлага их байгаа үед мөнгө хэрэгтэй. Гү Еэ чинь, бид хоёрын сарын мөнгө ба дөрвөн шивэгчний сарын мөнгө бүгд арав хорин лан мөнгийг тав гуравхан өдөр бас зарж гүйцэхгүй. Би ингэж зуун зүйлээр эвлүүлэн цуглуулдаггүй бол хоол гуйхад ч хүрч мэднэ. Одоо харин агсам тавьж, ашиг хонжсон нэр л зүүж байна. Тийм бөгөөс биш цөмийг цуглуулж авчирвал барав. Би хэнээс илүү зоос зарж чадахгүй вэ? Би зүгээр суугаад зоос зарж чадахгүй юү? Хойшид бид бэлнийг идэж, байгаагаа зараад юу болбол болтугай. Эртийд Лао тайтайгийн насны баяр болоход, Тайтай хоёр сарын өмнөөс сандарсан боловч аргаа олохгүй байлаа. Би хэлээд хойт асарт хадгалж байсан зэс дуулгын эдлэлээс дөрөв таван авдрыг аваачиж, гурван зуун лан мөнгө олж ирээд бэлэг сэлтийг эвлүүлж өнгөрөөсөн. Энэ бас нэг дүрэм бишүү. Намайг та нар мэдэхгүй биш, Тэр удаа өөрөө дуугардаг алтан цагаа таван зуун лан мөнгөөр худалдаад хагас сарын доторх олон үйл явдлыг бүтээсэн. Одоо гадна бас гар мөхөсдөөд, хэний бодож олсныг мэдэхгүй, Лао тайтайгийн тэндээс эрэх болжээ. Нэг жил болбол дээл хувцас, засал зүүсгэлээ бооход хүрэхээрээ сайнаа үзнэ дээ гэсэнд Ван Эрийн эхнэр инээж:
-Аль Тайтай, найнайгийн толгойн засал, хувцас хунарыг хувилгавч нэг насаараа зарж барахгүй бизээ. Даанч тэгэхгүй байх гэсэнд Фөн Же:
-Би чадалгүй, үг хэлж байх нь биш. Тэгэхэд хүрвэл би харин чадахгүй. Өчигдөр үдэш би нэг инээдтэй зүүд зүүдэллээ. Нэр усыг нь мэдэхгүй ч танихаар нэг хүн ирээд надад, дээд хатан танаас зуун толгой торго авна хэмээн намайг явууллаа гэсэнд би түүнээс аль хатан нь вэ гэж асууж байна. Тэгсэн чинь, манай хатан бишээ гэх юм. Тэгэхээр нь би түүнд торго өгсөнгүй. Тэр дайран ирээд булаах гэж ноцолдтол сэрчих юм гэсэнд өнөөх эхнэр хөхөрч:
-Энэ бол найнай, дээд ордны хамаг хэргийг бүтээх гэж бодож ирснээс л болсон зүүд байна гэв.
Ийн ярилцаж суутал хүн ирж: “Шя тайганы гэрээс нэгэн боол ирлээ” гэсэнд Жя Лянь хөмсөг зангидаж: “Бас юу болох нь энэ вэ? Энэ жил тэд багагүй зөөсөн дөө” гэсэнд Фөн Же: “Чи түр явж бай. Би түүнтэй уулзаатхая. Бага хэрэг бол яамай. Их хэрэг бол надаа арга байна” гэв. Жя Лянь дотоод өрөө рүүгээ явав.
Фөн Же тэрхүү тайганыг дуудуулан оруулж, суулган цай өгүүлээд, ямар хэргээр явааг сонирхвол, тэрбээр:
-Шяг эгч одоо нэг байр худалдаж авах гэсэнд хоёр зуун лан мөнгө дутжээ. Тийнхүү нагац найнайгийн энд бэлэн мөнгө байвал хоёр зуун ланг зээлж хэдэн өдрөөс аваачиж өгье гэнээ гэв. Фөн Же инээж:
-Бас аваачиж өгөх ч яамай. Мөнгө аваачаад зарна л биз. Хожим бидэнд дутагдахаар зээлэх ялгаа юу байхав дээ гэсэнд тайган:
-Шя эгч бас ингэж хэлсэн. Түрүү зээлсэн мянга хоёр зуун лан мөнгийг энэ жилийн эцсээр, одоо авсантайгаа нийлүүлээд өгнөө гэж байна лээ гэв. Фөн Же инээж:
-Шя эгч чинь ямар их нарийн болоов. Үүнийг бас юу болгох юм бол. Түүний муу санахаас айгаад яахав, энэ мэт нарийн бодож төлөхөд хүрвэл, одоо чухам хичнээнийг төлөхөөр авч ирэхийг мэдэхгүй байна. Өгөхөөр нь л мэдэхээс. За ямар ч гэсэн мөнгө аваачиж зарахаа л мэдэг дээ гээд Ван Эрийн эхнэрийг дуудаж: “Чи яваад хоёр зуун лан мөнгө хэмжээд аваад ир” гэж хэлэв. Санааг нь мэдээд энэ эхнэр инээж:
-Би бас өөр газраас олдохгүй болохоор нь найнайгаас авах гэж ирсэнсэн гэв. Фөн Же
-Та нар ирж дотроос мөнгө авахаа мэдээд гаднаас олж чадахгүй юмаа гэсээр Пин Эрийг дуудаж: “Миний тэр хоёр алтан сондрыг дөрвөн зуун лан мөнгөөр барьцаанд тавиатах” гэв. Тэрбээр “За” гэж гараад төдий л удалгүй хоргой бүрээстэй хайрцаг бариад орж ирэв. Нээж үзвэл, магнаг боодолтой лянхуан үрний чинээхэн сувдыг алтан утсаар хэлхсэн нэг, бас биндэрьяа шигтгэсэн сондор байв. Энэ бол ордныхны хэрэглэдгээс дутахгүй үнэт эд ажээ. Пин Эр авч яваад бас л удсангүй дөрвөн зуун лан мөнгө авчраад Фөн Жед өгөв. Тэрбээр мөнгөө хоёр хэсэг болгоод эхнэр, тайган хоёрт өгөхдөө: “Ван Эрийн эхнэр чи, найман сарын арван тавны найртаа хэрэглэ” гэж нэмж хэлэв. Тайганыг гарах гэсэнд, Фөн Же хүн дуудаад: “Үүнийг хаалгаар гаргаж өг” гэж хэлэв. Тэднийг явсны дараа Жя Лянь инээн:
-Ийм хэрэггүй яршиг уршигтай юмнаас хэзээ салдаг юм бол доо гэсэнд Фөн Же:
-Нэг юм шийдэж байхад нөгөөх нь гараад ирдэг юмаа гэсэнд Жя Лянь:
-Өчигдөр Жөү тайган ирээд: “Мянган лан өг” гэлээ. Би боломжгүй гэсэнд их дургүй байна лээ. Энэ мэтээр хожим муудах хүн олон байна. Энэ хэр гэнэт таван түмэн лангийн олз олбол алуулж ч магадгүй… гэтэл Пин Эр, Фөн Жегийн нүүр гарыг угаалгаж, хувцас хунарыг нь солиод Жя Мүгийн оройн хоолыг идүүлэхээр явав. Жя Лянь гарч гаднах бичгийн гэрт ортол Линь Жышяо хүрч ирэв. Ямар хэрэгтэй явааг сонирхвол, цаадах нь:
-Сая Юй Цүнийг огцорчээ гэж сонссон боловч баттай мэдээ алга тул, үнэн худал нь тодорхойгүй байна гэсэнд Жя Лянь:
-Ямар ч гэсэн түүний тэр зэрэг удаан тэсэхгүй нь лав. Бидэнд бас яршиг болж мэдэх тул түүнээс хол л явсан дээр гэв. Линь Жышяо:
-Үнэхээр тийм шүү. Заримдаа ч хол байхад хэцүү. Зүүн ордны даяа түүнд их сайн. Манай Лаое ч түүнд сайныг цөм л мэдэж байгаа гэсэнд Жя Лянь:
-Түүнтэй сүлбэлдэхгүй л бол маньд хамаатай биш. Чи ямар хэрэг болсныг сураглаарай гэв.
Линь Жышяо, аман дээрээ за гэсэн боловч явахыг яарсангүй. Тэд энэ тэрийг ярьж суухдаа ундрал орлого багасаж байгааг дурссанд Линь Жышяо:
-Одоо манай хүн ам хэтэрхий олон болж байна. Иймээс Лао тайтай, их Тайтай нарт үүгээр далимдуулан, гавьяа зүтгэлтэй хөгшин боолуудаас онцын хэрэггүйг нь өршөөж гэрт нь буцаая гэж мэдүүлмээр байна. Тэгвэл тэдэнд ч ашигтай, бидэнд хоол, мөнгө хэмнэхэд хэрэгтэй. Бас дотоод ордны охид дэндүү олон байна. Энгийн охидод бол “Цаг цагаараа байдаггүй” гэдэгчлэн, одоо нэгэнт урьдын адилгүй болсон тул наймыг нь зардаг нь зургааг, дөрвийг зардаг нь хоёрыг зарахаас аргагүйд хүрэх нь. Ингэвэл, жилдээ бас овоо юм арвилж болно. Тэр ч байтугай доторх охид шивэгчдийн олонх нь том болоод хүнд өгөх насанд хүрсэн тул холбохыг нь холбох хэрэгтэй. Тэгвэл бас л бузгай юм хэмнэх бишүү гэсэнд Жя Лянь:
-Би бас ингэж бодоод байгаа боловч Лаое дөнгөж сая ирсэн учир энэ байтугай олон юмыг мэдүүлж чадахгүй байна. Нэг л чөлөөнд нь хэлнэ дээ. Эртийд нэг зууч урилга авчирч ураг ярина гэсэнд Тайтай хориглож: “Лаое дөнгөж ирээд, гэр хотлоорынхонтойгоо ч гүйцэд уулзаагүй байхад ийм юм ярьж үймүүлэх хэрэггүй” гэсэн. Тэгээд би иймээ тиймээ юм ярихгүй байгаа гэсэнд цаадах нь: “Тэр зөв. Тайтай ухаантай бодсон байна” гэв. Жя Лянь:
-Өө тийм л дээ. Сая би нэг юм саналаа. Манай Ван Эр, хүүдээ Тайтайгийн гэрийн Цай Шяг гуйх гэж байгаагаа өчигдөр над хэлсэн юм. Бодоход, ямар их хэрэг болно вэ. Хэн ч болов, намайг хэлсэн гээд очиж хэлж болно гэв. Цаадах нь жаахан бодоод:
-Би санавал, та иймэрхүү илүүц юмыг хайхрахгүй байвал сайн. Ван Эрийн тэрхүү нас бага боловч архи ууж мөрийтэй тоглох зэргээр хийхгүй хэрэг үгүй. Хэдий боол зарц боловч нэг насныхаа явдлыг шийдэх гэж байхад нь та судлах л ёстой. Хүний ярихыг сонсвол, энэ Цай Шя охиныг хүний дор орохгүй сайн хүүхэн гэнэ. Би ойрд хараагүй л дээ. Юунд энэ мэт сайн хүнийг сүйтгэх юманд та оролцдог юм бэ гэсэнд Жя Лянь:
-Өө тийм юм уу. Тэр хүү чинь, тийм архи дарсанд орсон бүтэлгүй амьтан юм уу. Тийм бол юун эхнэр авч өгөх, Харин барьж сайн занчаад эцэг эхтэй нь ярих хэрэгтэй юм байна гэсэнд цаадах нь инээж:
-Одоо яарах юу байхав. Түүнийг хэрэг тарьсан хойно нь танд хэлээд шийтгүүлье. Одоо түүнийг яриад яахав гэсэнд Жя Лянь юм хэлсэнгүй. Тэгсгээд Линь Жышяо ч гарч явав.
Тэр үдэш Фөн Же Цай Хиагийн эхийг дуудуулж авчраад ургийн учрыг хэлжээ. Түүний эх дотроо их дургүй байсан боловч Фөн Же өөрөө хэлж байгаа болохоор зөвшөөрөөд явав. Дараа нь Фөн Же Жя Ляниас: “Хэлсэн үү” гэж асуусанд цаадах нь:
-Түүний хүүг маш бүтэлгүй амьтан гэж дуулаад хэлсэнгүй. Үнэхээр тийм бол баахан зааж, сургаж байгаад эхнэр авч өгөхөд оройтохгүй ээ гэв. Фөн Же:
-Манай ван овогтны дотроос би бас танд тоогдохгүй байхад тэр боол зарцыг яриад яахав даа. Би эхэд нь хэлсэн чинь жигтэйхэн баярлаж байна лээ. Одоо тэгээд авахгүй гэж хэлэх юм уу гэсэнд Жя Лянь:
-Чи нэгэнт хэлсэн юм бол буцаад яахав. Маргааш эцгийг нь дуудаад хүүгээ сайн хүмүүжүүл гэвэл болох юм бишүү гэснийг үл өгүүлэн өгүүлэх нь:
-Тэр өдөр Цай Шя гэртээ хариад эцэг эхийнхээ хүн сонгохыг харж сууна. Хэдийгээр тэрбээр Жя Хуаний найз боловч баттай тогтсон зүйл үгүй билээ. Энэ өдөр Ван Эр байн байн ирж гуйхад, түүний хүү архи ууж, мөрийтэй тоглохын хамт туйлын царай муутай гэж сонссон болохоор дотроо маш дургүй байв. Тийн бодох тусам улам бачимдаж, Ван Эр эзний сүр хүчинд эрэмшиж ажлаа бүтээгээд сүүлд нь нэг насны чирэгдэл болгохоос эмээнэ. Үдэш болсон хойно дүү охин Шяо Шягаа явуулж Жао бага эхнэртэй уулзуулан үнэн худлыг лавлуулав. Энэхүү бага эхнэр бол Цай Шяг ихэд тоож, Жя Хуаньдаа авч өгөөд нэг насны хань болгоно гэж байтал санаандгүй байтал Ван Фүрэнь айлд очихыг зөвшөөрчээ. Уг нь бага эхнэр хүүгээ очиж гуй гэсэнд цаадах нь ичээд хэлж чадаагүйгээс гадна бас ч нэг шивэгчин болохоор нь нэг их хүчилсэнгүй. Тэр явахад, түүнээс илүүг олж болно хэмээн бодож хойш суусаар байтал нь охин дүү нь хүрч ирж хэлэв. Үдэш хүн амьтны сэлүүнд Жя Жөнтэй уулзаж, бодсоноо хэлж гуйв. Жя Жөн:
-Яарах юү байдаг юм. Хэдэн жил ном үзүүлсний дараа авч өгөхөд оройтохгүй. Одоо би тэртэй тэргүй хоёр шивэгчнийг тоогоод байгаа. Нэгийг нь Бао Юйд, нөгөөхийг нь Жя Хуаньд авч өгөх гэж байгаа юм. Одоохондоо тэдний нас бага байна. Бичиг ном үзэхэд нь саад хийх хэрэггүй. Хоёр жилээс тэр тухай нь ярилцъя… гэхэд, бага эхнэр нь юм хэлэх гэтэл цонхны цаана нэг юм дуугарсанд цөмөөр цочиж хэрдхийв. Юун чимээ гарсныг мэдсүгэй хэмээвээс дараах бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ