Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу?

Монгол Улс ногоон эдийн засагтай болж чадах уу?

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ногоон эдийн засагтай болохын төлөө тэмүүлж байна. Ногоон эдийн засаг гэдэг нь уул уурхайн олборлолт хийсэн ч байгальд ээлтэй, нөхөн сэргээлт хийдэг байх, барилга байгууламж барьсан ч хог хаягдал нь байгальд хор нөлөөгүй байх, хувь хүн байгаль орчноо хайрлан хамгаалах гээд олон зүйл багтдаг байна.

Тэгвэл өнөөдөр /2018.03.06/ Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Ногоон эдийн засаг уу? “Ногоорсон” эдийн засаг уу?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл оролцсон юм. 

Байгаль орчин аялал жуулчлалын  яам /БОАЖЯ/ ногоон барилгыг дэмжиж хоёр төсөл дээр хамтарч ажиллаж байгаа талаар өнөөдрийн хэлэлцүүлэгт танилцуулав. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт нэг сургууль, нэг цэцэрлэгийг өргөтгөх зураг төсөл нь бэлэн болсон. Яагаад заавал сургууль, цэцэрлэг сонгож ногоон болгосон бэ гэхэд “бидний үр хойч болсон хүүхдүүд маань цэвэр эрүүл орчинд амьдрах ёстой. Тиймээс барилгын дотоод орчин цэвэр, барилгын засал материал нь байгаль орчинд сөрөг нөлөө багатай, дулааны алдагдал багатай, нарны тусгал гэх мэт нэлээд олон асуудлыг тооцож ногоон барилга төсөлд суулгасан” гэж БОАЖЯ-ны мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг хэлэв.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн ерөнхий захирал Б.Лакшми

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв энэхүү хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус төвийн ерөнхий захирал Б.Лакшми бидэнд байр сууриа илэрхийлэв. 

-Өнөөдрийн арга хэмжээгээр ногоон эдийн засгийг илүү үр дүнтэй болгохын тулд ямар ажил шаардлагатай талаар санал солилцож байна. Манай төв 2017 онд Монгол Улсын ногоон хөгжлийн талаар хэрэгжүүлсэн бодлогуудыг авч үзсэн. Үүнээс харахад агаарын бохирдол нэн тэргүүнд тулгамдсан асуудал байна. Манай улсад агаарын бохирдолтой холбоотой урт хугацааны тогтвортой бодлого хэрэгтэй. Хоёрдугаарт, төсөв хөрөнгө шаардлагатай байна. Өнгөрсөн таван жилийн нөхцөл байдлыг харахад УИХ-аас агаарын бохирдолд зориулж өндөр хэмжээний төсвийг баталдаг байсан. Энэ хэмжээгээр агаарын бохирдол бага зэрэг буурахад түлхэц өгсөн. Сүүлийн хоёр жил энэ төрлийн санхүүжилтийн хэмжээ буурсан.

Бидний харж байгаагаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан хүмүүс нь солигдоод, батлагдаж байгаа санхүүжилт нь ч буурснаас болж агаарын бохирдол ихсээд явчих жишээтэй байна.

БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэцэцэг

-Олон улсын техник технологийг нэвтрүүлээд Монгол Улс ногоон хөгжилтэй болох боломж бий. Яагаад гэвэл өндөр хөгжилтэй орнууд хөгжлийг бий болгохдоо асар их хэмжээгээр байгаль орчноо бохирдуулаад хохирол амссан байдаг. Бидний хувьд өндөр хөгжилд хүрээгүй ч олон улсын алдааг давтахгүйгээр тэдний сургамжаас санаа аваад, шинэ техник технологийг нэвтрүүлэх нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж