Оюутолгойн бүтээн байгуулалт 33 хувьтай байна

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Оюутолгойн бүтээн байгуулалт 33 хувьтай байна

Оюутолгой төслийн нэгдүгээр үе шатны хүрээнд ашиглах “Өмнөд Оюу” ил уурхайн хөрс хуулалтын ажил энэ наймдугаар эхэлсэн тухай Айвенхоу Майнз компани өчигдөр мэдээллээ. Одоо төслийн бүтээн байгуулалтын ажил 33 хувьтай байгаа тухай Айвенхоу Майнз компанийн ТУЗ-ийн дарга Роберт Фридланд мэдэгджээ.

Тус компани мөн энэ оны эхний хагаст 600 мянган ам.долларын ашигтай ажилласан тухайгаа хоёрдугаар улирлын санхүүгийн тайландаа онцолжээ. Харин өнгөрсөн жилийн эхний хагаст тус компани 30 сая ам.долларын алдагдалтай ажилласан байна.

Оюутолгой төслийн 66 хувийг эзэмшиж буй Айвенхоу  Майнз компани нь төслийг тус компанийн 46.5 хувийг эзэмшиж буй Рио Тинто-той хамтран хэрэгжүүлж буй юм.

Айвенхоу Майнз компани Оюутолгой төслийн санхүүжилтад зориулж, их хэмжээний зээл авахаар зэхэж байна. Тухайлбал, 2010 оны 12 дугаар сард хоёр талын хийсэн гэрээний дагуу Рио Тинто  Айвенхоу-д 1.8 тэрбум ам.долларын дунд хугацааны зээл олгох ёстой байгаа юм. Түүнчлэн Айвенхоу оны сүүлээр 4 тэрбум ам.долларын зээл авахаар хэд хэдэн банктай гэрээ байгуулахаар төлөвлөжээ.

Зээлдэгч байгуулагуудад Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Канадын экспорт хөгжүүлэх газар, BNP Paribas, Standard Chartered банк болон АНУ-ын экспорт, импортын банк, Standard банк, Олон талт хөрөнгө оруулалтын баталгааны агентлаг, Австралийн Экспортын санхүү, даатгалын корпораци зэрэг санхүүгийн чиглэлийн томоохон аж ахуй нэгжүүд багтаж буйг Айвенхоу Майнз компани мэдээлжээ.

Тус компанийн мэдээлж буйгаар, эдгээр хөрөнгө оруулалт нь бүхэлдээ “Оюутолгой” төслийн бүтээн байгуулалтад зарцуулагдах юм байна.

“Оюутолгой” төсөл 2012 онд туршилтын журмаар, 2013 оноос албан ёсоор ашиглалтад орох бөгөөд эхний арван жилийн хугацаанд жилд дунджаар 600 мянган тонн орчим зэс, 650 мянган унц алт олборлох ажээ.

Б.Төгс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж