Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна

Цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж байна

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадамд оролцсон баг тамирчид өнөөдөр(2018.03.06) мэдээлэл хийлээ. Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд болсон хуралд Үндэсний шигшээ багийн албаны мэргэжилтэн Ш.Баясгалан, Б.Анар болон Монголын цанын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн нар оролцож, олимпийн наадмын талаар болон сүүлийн үед гараад байгаа мэдээлэлд тайлбар өглөө. 

МОНГОЛЫН ЦАНАЧДЫН УР ЧАДВАР САЙЖИРСАН

Үндэсний шигшээ багт цанын дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагч ажиллаж байна. Олон улсын цанын холбооноос бага оноо авах тусам олимпод оролцох боломжтой байдаг. Монгол Улсын цанын тамирчид 2016 оноос Олон улсын цувралд тэмцээнд оролцож, эрхийн оноо цуглуулснаар 125-126 оноогоор Пёнчаныг зорих эрхтэй болсон. Шигшээ багт олон тамирчин багтаж, түүний хэрээр олимпийн эрхийн тоо нэмэгдэх боломжтой. Монголын цанын тамирчдын ур чадвар сайжирсан бөгөөд цаашид “А” нормативаар олимпийн эрх авах боломжтой болсон. Тэгэхээр энэ удаагийн наадамд оролцсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг нарын хувьд өөрсдийн бүхий л боломж, хүчээ дайчлан оролцлоо. 

Б.Ачбадрах өмнөх олимпийн наадамд үзүүлж байсан амжилтыг нэг минутаар ахиулж чадсан. Хоёр дахь олимпийн наадамд оролцсон Ч.Отгонцэцэг мөн долоон секундээр цагийн амжилтыг ахиулсан гэдгийг Монголын цанын холбооноос тодотголоо.

ЦАНЫН СПОРТОД РЕКОРД АМЖИЛТ ГЭЖ БАЙДАГГҮЙ

Олимпийн наадмын цанын спортын тэмцээний техник өөр өөр байдаг. “Ванкувер 2010” наадамд тэших техникээр орж байсан бол “Сочи 2014”-т сонгомол техник байсан. Энэ удаагийн Пёнчаны наадамд тэших техникээр уралдсан учраас тамирчдын амжилтыг найман жилийн өмнө Ванкуверт тогтоож байсан амжилттай харьцуулсан. Тухайн үед гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 15 км зайд Х.Хаш-Эрдэнэ  42:27.4 цагийн амжилтыг үзүүлж байсан. Тэгвэл энэ амжилтыг Пёнчаны наадамп Б.Ачбадрах 41:40.4 болгон ахиулж чадлаа.

Цанын спортын зам тухайн орны цасны байдлаас шалтгаалж харилцан адилгүй байдаг. Тиймээс тэмцээний үеэр рекорд амжилт гэхээсээ илүүтэй түрүүлж барианд орсон тамирчны амжилтаар цагийг хэмждэг. Б.Ачбадрах алтан медаль хүртсэн Швейцарийн тамирчин Дарио Кологнагийн цагийн амжилтаас 7:56.5 миунтын алдагдалтай барианд орсон. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд Монголын цанын тамирчдын амжилт ухрах биш урагшилж явааг цанын холбооны нарийн бичгийн дарга Э.Очирсүрэн хэллээ.

ЦАНЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨРСДИЙН ЗАРДЛААР ЯВСАН

Пёнчаны наадамд оролцсон хоёр тамирчнаас араас 20 дарга явлаа гэх ташаа мэдээлэл сошиалд гарсан. Олимпийн эрх авч оролцох болсон Б.Ачбадрах, Ч.Отгонцэцэг болон дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ болон албаны нэг хүний зардыг Засгийн газраас гаргасан. Үүнд 20 орчим сая төгрөг гарсан. Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал болон дэд ерөнхийлөгч Ч.Гантөмөр нар зардлаа өөрсдөөсөө гаргасан. Мөн цанын холбооноос ахмад тамирчдыг дэмжих үүднээс зардыг холбооноос өгч явуулсан байгаа. Бусад албаны хүмүүсийн замын зардлыг Олон улсын олимпийн хороо, тэмцээн зохион байгуулах хороо болон Олон улсын цанын холбооноос гаргасаныг хэлж байв. Монголын Үндэсний олимпийн хороо, Биеийн тамир, спортын газар болон яам тусдаа учраас бид тайлбар хийх боломжгүй.

БАЙНГЫН БОЛОН БАЙНГЫН БУС ШИГШЭЭ БАГИЙН ХУВЦАС БЭЛЭН БАЙСАН

Олимпийн наадамд оролцох тамирчдын хувцсыг Олимпийн хорооноос хариуцдаг. Энэ удаа Олимпийн хороо албан ёсны хувцас тавих боломжгүй гэдэг саналыг Биеийн тамир, спортын газарт тавьсан. Хэдийгээр хугацаа давчуу байсан үүднээс Үндэсний шигшээ багийн бэлэн хувцсыг гаргасан байгаа. Үндэсний үйлдвэрлэгчид ашиг харахгүйгээр бидэнд хөнгөлттэй үнээр хийж өгсөн. “Joma” брэндийн пүүз, бэлтгэлийн хувцас, гадуур бэлтгэлд гүйхдээ өмсдөг зузаан куртик, малгай, бээлий, ороолт, цүнх багтсан.

311 сая төгрөгөөр байнгын болон байнгын бус шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч нарын 280 орчим хүний хувцас юм гэдгийг өнөөдөр /2018.03.06/ дахин тайлбар өглөө.

Мөн цанын холбооноос тамирчдын хувцсыг дотоодод үйлдвэрлэх боломжгүй бөгөөд Финландад захиалгаар хийлгэжээ. Хувцасны захиалгаа 2017 оны аравдугаар сард тавьж, хоёр сарын дараа хүлээн авсан байна. Тамирчдын хувцсан дээр үндэсний хээг оруулсангүй гэж шүүмжлэл гарсан ч энэ нь Европын үйлдвэрт манай хээний код байдаггүй учраас гараагүй гэв. Мөн ямар ч оёо ороогүй бөгөөд энэ нь тамирчид бэлтгэл хийх үед салхинаас хамгаалах зэрэг стандартын дагуу хийгдсэн гэдгийг Цанын холбооноос тайлбарлав. Нийтдээ 10 сет хувцсыг захиалгаар хийлгэжээ. Бусдын харж байгаа шиг тамирчдын өмсөх хувцас бодит байдал өөр байдаг гэдгийг хэлж байв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж