Замын-Үүд чөлөөт бүс байгуулагдах урьдач нөхцөл бүрдсэн гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Замын-Үүд чөлөөт бүс байгуулагдах урьдач нөхцөл бүрдсэн гэв

Замын-Үүд чөлөөт бүс байгуулагдах урьдач нөхцөл бүрдсэн гэв

Монгол Улсын Шадар Сайдын Ажлын алба, Дэлхийн банк, “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагчийн алба хамтран Чөлөөт бүс дэх экспорт импортын давуу тал сэдэвт сургалтын өнөөдөр /2018.03.06/ зохион байгууллаа. Хууль эрхзүйн хүрээнд үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ хөгжүүлж, гадаад зах зээлээ өргөжүүлэх, боломжийг ашиглах нөхцөл бий болсон хэдий ч иргэд, жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мэдээлэл дутмаг байгааг онцолж байлаа.

Уг арга хэмжээний хүрээнд Бүс ба зам санаачлага дахь Монгол Улсын оролцооны талаар яриа хийлээ.  2013 онд санаачлагдаж 2014 онд Азийн дэд бүтэц хөрөнгө оруулалтын сан, Торгоны замын сан зэрэг байгуулагдаж 2015 онд Эдийн засгийн зургаан коридор нийт 900 тэрбум ам.долларын өртөгөөр босох тухай төлөвлөгөөг баталж 2016 онд Монгол Улс хоёр хөрштэй гурван улсын эдийн засгийн коридор байгуулах,худалдааг хөнгөвчлөхөд хамтран ажиллахаар болсон.

Улмаар гурван талын шинжээчдийн уулзалтыг зохион байгуулах болж гуравдахь уулзалтыг зохион байгуулах саналыг 2017 оны нэгдүгээр сар болон гуравдугаар сард тавьсан хэдий ч хараахан шинжээчдийн ээлжит уулзалт товлогдоогүй байна. Ямартай ч Москва хотод болсон шинжээчдийн өмнөх уулзалтаар: 

  1. Төвийн коридор
  2. Төвийн авто замын коридор
  3. Цахилгаан эрчим хүчний шинэчлэлд Хятад Улсын оролцоог нэмэгдүүлэх гэсэн гурван тэргүүлэх чиглэлийг тохиролцжээ.

Далайд гарцгүй орны хувьд урагшаа Тянжин болон Оросын Алс Дорнод хүрэх төмөр зам, дэд бүтцийн сүлжээтэй болох нь эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой хэдий ч Төвийн коридорын тухай асуудалд олон бэрхшээл тулгардаг. Төмөр замыг хос болгох, цахилгаан сүлжээ болоод тээвэрлэлтийн хурдыг удаашруулж байгаа төмөр замын мурийлт, налуугийн асуудлыг шийдвэрлэх зэрэг нь дараагийн алхамыг түргэсгэхэд чухал үүрэгтэй юм. 

Харин Замын үүдийн чөлөөт бүсийн тухайд 2018 оны намар албан ёсоор нээлтээ хийхээр төлөвлөж байна. Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил ид явагдаж байгаа бөгөөд нийт 35 аж ахуй нэгжээс 39 төсөл шалгарчээ. Олон жил яригдаж байгаа Замын Үүдийн Чөлөөт бүсийн тухай асуудалд гарсан ахицын тухайд “Чөлөөт бүсийн тухай хууль”-г онцолж байсан юм. 
 
Уг хуульд бизнес эрхлэгчдийг дэмжсэн олон заалт тусгагджээ:

  • Барааг чөлөөт бүсээс хилийн чанадад гаргахад экспортын, гаалийн, нэмэгдсэн өртгийн болон онцгой татвар ноогдуулахгүй
  • Импортыг орлох экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд оруулсан хөрөнгө оруулалтын 50 хувьтай тэнцэх хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлэх
  • Инноваци өндөр технологид суурилсан үйлдвэрлэлийг орлогын албан татвараас 5 жил чөлөөлөх
  • Экспортод чиглэсэн үйлдвэрлэл эрхлэгчдийг газрын төлбөрөөс 5-8 жил чөлөөлөх
  • Чөлөөт бүсэд баригдсан үл хөдлөх хөрөнгийн татвараас бүрэн чөлөөлөх 

Мөн Монгол Улс Европын холбооны Улс руу 7200 нэр төрлийн барааг ямар нэгэн тарифын хязгаарлалтгүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулах, Давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 33 улстай, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах 2 талт хэлэлцээрийг 39 улстай байгуулсан байдаг. 

Замын-Үүдийн чөлөөт бүсийн өнөөгийн байдлын тухайд: Замын-Үүд сумыг дулаанаар хангах, 90м Вт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц, Замын-Үүд чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Хоногт 3200 м3 хүчин чадалтай ус цэвэршүүлэх үйлдвэр, хоногт 3040 м3 хүчин чадалтай бохирын цэвэрлэх байгууламжийг холбогдох шугам сүлжээний хамтаар байгуулжээ.

Мөн цахилгаан хангамжийн хувьд чөлөөт бүсэд 2х16 м Вт хүчин чадалтай дэд өртөө барьж, 10/04 кВ-ын 16 ширхэг дэд өртөө барьж, 10 к Вт-ын хуваарилах байгууламж 2 ширхэг баригджээ. Чөлөөт бүсэд эхний ээлжид гол гудамж 5.4 км, хорооллын чанартай гол гудамж 6.9 км, чөлөөт бүсийг боомт хооронд холбосон 6 эгнээ бүхий 1.25 км, нийт 13.6 км авто зам, холбооны худаг, сувагчлалын ажлыг хийж гүйцэтгээд байгаа юм байна. Үндсэндээ Чөлөөт бүс байгуулагдах урьдач нөхцөл хангагджээ. 

М.ЧУЛУУНТОГОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж