БНСУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой гэж үнэлэгдэж байсан улстөрч садар самууны хэрэгт холбогдож, албан тушаалаасаа огцорчээ. Нарийн бичгийн даргаар нь ажиллаж байсан эмэгтэй түүнийг хүчингийн хэрэгт буруутгаж, олон нийтэд мэдэгдсэнээр асуудал дэгдсэн байна.
Мужийн захирагч Ан Хи Жун болчимгүй, тэнэг үйлдэл, авир гаргасандаа уучлал эрж, энэ бүхнийг няцааж байсан өөрийнх нь бүхий л мэдэгдэл худал болохыг фейсбүүктээ бичжээ.
Түүний нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ким Жи Юн гэх бүсгүй Холливудын ертөнц дэх бэлгийн хүчирхийлэл, дарамтыг эсэргүүцсэн #MeToo аянаас урам зориг авч, өөрт тохиосон таагүй явдлыг илчлэхийг хүссэн гэнэ. Мужийн захирагч Ан Хи Жун түүнийг найман сарын хугацаанд дөрвөн удаа хүчирхийлсэн гэж мэдэгдсэн юм.
“Би хүн бүрээс, тэр тусмаа хатагтай Ким Жи Юнаас уучлал эрж байна. Бүгд миний буруу. Өнөөдрөөс би албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорч, улс төрийн бүхий л үйл ажиллагаагаа зогсоож байна” гэж Ан Хи Жун мэдэгджээ.
БНСУ-ын Өмнөд Чунчён мужийн захирагч тэрбээр улс төрийн хүрээлэл дотор нэр хүнд сайтай, нөлөө бүхий нэгэн байжээ. Тэрбээр 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг шалгаруулах өрсөлдөөнд Мүн Жэ Интэй өрсөлдөж байсан юм. Хэдийгээр ялагдсан ч 2022 оны сонгуульд Мүний оронд өрсөлдөх хамгийн өндөр магадлалтай нэгэн гэгдэж байлаа.
С.ЦЭЛМЭГ