Дэлхийн II дайны үед сүйрч, живсэн АНУ-ын армийн агаарын хөлөг тээвэрлэгч хөлгийг Австралийн эргийн ойролцоогоос олжээ. USS Lexington нэртэй хөлгийг Австралийн зүүн эргээс 800 км зайд Шүрэн тэнгисийн усанд гурван км-ийн гүнээс илрүүлсэн байна.
Уг хөлөг 1942 оны тавдугаар сарын 4-8-нд болсон Шүрэн тэнгисийн байлдааны үеэр сөнөсөн юм. Байлдааны үеэр хөлөг дээрх 200 гаруй гишүүн амь үрэгджээ.
76 жилийн тэртээ сүйрч, живсэн хөлгийг Microsoft компанийг үүсгэн байгуулалцсан Пол Аллений удирдсан эрлийн багийнхан олсон тухай АНУ-ын Тэнгисийн цэргээс мэдэгдсэн байна. Хөлөг онгоцны сэг олон жилийн дараа ч өгөрч муудаагүй байжээ.
USS Lexington хөлөг живэх үед хөлгийн тавцан дээр 35 онгоц байсан аж. Тэдний 11-ийг нь олсон байна. Гэхдээ АНУ-ын Тэнгисийн цэрэг далайн ёроолд живсэн хөлөг онгоцыг дайны булш гэж үзэж буй тул уснаас гаргах шаардлагагүй гэж үзжээ.
Пол Аллений тэргүүлдэг Vulcan компанийн мэргэжилтнүүд живсэн хөлөг онгоцны байршлыг тогтоох ажилд хагас жилийн хугацаа зарцуулсан байна. Өнгөрсөн жил тэд 1945 оны долдугаар сард живсэн USS Indianapolis хөлгийн сэгийг мөн олсон юм. Түүнчлэн Японы Мусаши нэртэй байлдааны хөлөг, Италийн тэнгисийн цэргийг Artigliere хөлгийн сэгийг илрүүлжээ.
С.ЦЭЛМЭГ