Ерөнхий сайдыг Катарт айлчлахыг урилаа

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг Катарт айлчлахыг урилаа

Ерөнхий сайдыг Катарт айлчлахыг урилаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Катар Улсаас хавсран суугаа Элчин сайд Султан Аль-Мансури-г хүлээн авч уулзлаа.

Элчин сайд улсынхаа Ерөнхий сайд Абдулла Бин Насер Бин Халифа Аль-Тани-гийн мэндчилгээг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд уламжилж, Катар Улсад урьсан урилгыг гардуулав.

Урилгыг талархан хүлээн авч байгаагаа Ерөнхий сайд хэлээд хариу мэндчилгээ дэвшүүлэн, тус улсын Эрхэм дээд Эмирийг Монгол Улсад айлчлахыг урьсан урилга хэвээр гэдгийг нотлов.

Хоёр орны харилцаа улам бэхжин, хамтын ажиллагаа идэвхжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа Ерөнхий сайд илэрхийлээд, үүнд Элчин сайдын оруулж байгаа хувь нэмэр их гэдгийг тэмдэглэлээ. Мөн Катар Улс Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээвэл дэмжиж ажиллана гэв.

Уулзалтын үеэр харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, дэд бүтэц, спорт, соёл, агаарын тээвэр, аялал жуулчлал, үл хөдлөх хөрөнгө, хот байгуулалт, үйлчилгээ зэрэг салбарт хамтран ажиллах өргөн боломж бий гэдэгт талууд санал нэгдэв. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Катар Улсад айлчлах үеэр хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж