Цөмийн хаягдлыг Монгол Улсад булшлахыг эсэргүүцсэн монгол залуус хаа холын Лос Анжелесийн гудамжинд эсэргүүцлийн жагсаал хийсэн гэнэ. Монгол жагсагчид ижил өнгийн хувцсаар гангарч аваад арав орчим км зам туулан байж Лос Анжелес хотод байрлах Япон Улсын ерөнхий Консулын газарт очсон бөгөөд эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн нот бичиг гардуулсан байна. Эдгээр жагсагчид өчигдөр ч бас АНУ-ын Төрийн яамны харьяа Гадаад бодлогын газрын гадаа жагсаал хийсэн сурагтай. Үүгээр ч зогсохгүй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамад хандсан захидал хүртэл гардуулсан гэж байгаа. Учир нь хэдэн сарын өмнөөс л “АНУ, Япон зэрэг улсын удирдагчид сэм хуралдаж Монгол Улсад Цөмийн хаягдал булахаар ярилцжээ” гэх хов живийн шинжтэй бор шувуу ниссэн нь гадаадад амьдарч байгаа залууст маань хүрчихсэн хэрэг л дээ. Гэхдээ Монгол Улсын Цөмийн энергийн газар гэж мэргэжлийн байгууллага нь энэ мэдээллийг эрс эсэргүүцсэн хариултыг хэлээд олон сар болж байна. Энэ мэдээллийн араас явж байгаа сэтгүүлчид ч “Цөмийн хаягдал булах нь үнэн” гэх баримт хараахан олж амжаагүй л байгаа. Гэтэл бид л гэж бөөн сүржин улсууд, АНУ-д хүртэл жагсаал хийгээд л. Ер нь жагсаал цуглаан хийх нь буруу биш л дээ. Гэхдээ агуулга нь зөв, баримт нотолгоотой асуудал дээр л эвлэлдэн тэмцэж баймаар санагдана. Зөв, бурууг нь ч мэдэхгүй, гүйж очоод л жагсаж байна гэхээр сонин санагдаад байгаа юм. Гэхдээ иймэрхүү жагсаалын “Загалмайлсан эцэг, эх”-үүд ч мөн л адилхан шүү дээ. Баримттай асуудал нэг ч ярихгүй, зөвхөн өөрт нь асуудалтай санагдсан зүйлийнхээ төлөө л эсэргүүцэл илэрхийлээд байх шиг санагддаг шүү. Манайхан ч энэ янзаараа тун удахгүй АНУ-ын Цагаан ордон руу өндөг шидэж мэднэ дээ.
Б.Энхмөнх
"Улс төрийн тойм" сонин