ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвд батламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвд батламж гардууллаа

ЮНЕСКО-д бүртгүүлсэн өвд батламж гардууллаа

Монгол Улсаас 2017 онд ЮНЕСКО-д бүртгэгдсэн гурван өвд батламж гардуулах ёслол өнөөдөр /2018.03.06/ Гадаад харилцааны яаманд боллоо.

ЮНЕСКО-д дараах гурван өв бүртгэгдсэн байдаг аж.

1.Дэлхийн байгалийн өвд Дагуурын Ландшафт

2.Дэлхийн дурсамж хөтөлбөрийн баримтат өвийн жагсаалтад Данжуурын гэрэлт хөшөө

3.Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад Уул овоо тахих Монгол зан үйл багтжээ.

Ингэхдээ Дагуурын ландшафтыг 2017 оны долоодугаар сард Польш улсын Краков хотноо болсон Дэлхийн өвийн хорооны 41 дүгээр чуулганаар хэлэлцүүлэн Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад оруулсан бол Данжуурын гэрэлт хөшөөг 2017 оны аравдугаар сарын 30-ны өдөр бүртгэжээ. Харин Уул овоо тахих Монгол зан үйл өвийг БНСУ-ын Жэжү аралд 2017 оны арванхоёрдугаар сард болсон ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 12 дугаар чуулганаар ЮНЕСКО-д багтаасан байна.

Дагуурын дархан цаазат газрыг тус бүс дэх амьтан, ургамлын төрөл зүйлс тэдгээрийн амьдрах орчныг хамгаалах зорилгоор 1992 онд байгуулсан аж.

Чийглэг тал хээр, болон том жижиг нуур, цөөрөм, гол, горхи намгархаг газар бүхий энэ орчин Зүүн өмнөд Азиас, Хойд мөсөн далай хүртэл нүүх шувуудын буудаллах газар, халуун орны олон зүйл усны болон эргийн шувуудын өндөглөн зусах газар болдгоороо онцлогтой гэнэ.

Монголын үндэсний номын санд хадгалагддаг Данжуурын гэрэлт хөшөө нь Монгол шунхан данжуурын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан 27 жил урлан бүтээсэн 248 см өндөртэй хөшөө юм байна.

Уг хөшөөнд Цэцэн чин вангийн Цахар хошууны шашныг бадруулагч сүмд хадгалж байсан Данжуурыг иж бүрэн ботиор нь Ардыг Гэгээрүүлэх яамны Судар бичгийн хүрээлэнд үүрд эзэмшүүлэхээр заасан есөн зүйл гэрээг мөнхлөн сийлсэн байдаг аж.

Уул овоо тахих Монгол зан үйлийг ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай Соёлын биет бус өвийн жагсаалтад оруулсан нь даяаршлын нөлөөгөөр тахилгат ариун дагшин газрууд хүний үйл ажиллагаанаас шалтгаалан гэмтэх, улмаар үгүй болох аюулаас хамгаалахын сацуу уламжлалт зан үйлээ өвлөн авч үлдэхэд ач холбогдолтой гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж