Израилийн Ерөнхий сайд Трампыг Персийн хаантай зүйрлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Израилийн Ерөнхий сайд Трампыг Персийн хаантай зүйрлэв

Израилийн Ерөнхий сайд Трампыг Персийн хаантай зүйрлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр (2018.03.05) Цагаан ордонд Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг хүлээн авч уулзжээ.

Хоёр улсын төрийн тэргүүн улсын тулгамдсан асуудлуудыг түр хойш тавьж, Тель-Авив дахь АНУ-ын Элчин сайдын яамыг Иерусалим руу нүүлгэх асуудлыг голчлон ярилцжээ.

Цагаан ордны дугуй танхимд болсон уулзалтын үеэр Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху  Трампыг Элчин сайдын яамаа Иерусалим руу шилжүүлэх зоригтой шийдвэр гаргасан хэмээн магтаж, Вавилонд эзлэгдсэн жүүд ард иргэдийг чөлөөлсөн Персийн агуу хаан Кир, нэгэн зууны өмнө жүүд иргэдийг Палестины газар нутагт суурьших эрх олгосон Лорд Балфур болон Еврейн сууриныг хүлээн зөвшөөрсөн АНУ-ын Ерөнхийлөгч агсан Харри Трумантай  зүйрлэсэн байна.

Биньямин Нетаньяху “Би энэхүү онцгой нөхөрлөлийн төлөө танд талархаж байна” хэмээн Трампт хэлжээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хариуд нь ирэх тавдугаар сард Иерусалим хотод Элчин сайдын яамыг шилжүүлэхтэй холбоотойгоор Израилд айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна. Дональд Трамп болон Биньямин Нетаньяху хоёрыг Цагаан ордонд ийнхүү нэгнээ магтаж байх зуур тэдэнтэй холбоотой хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байна. Израилийн цагдаа нар Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг авлигын хэргүүдтэй холбогдуулан шалгаж эхэлсэн бөгөөд АНУ-д айлчлахаас хэдхэн цагийн өмнө түүний туслах асан авлигын хэргээр мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн юм.

Харин Трампын сонгуулийн кампанит ажлыг зохион байгуулсан туслахуудын зарим нь Холбооны мөрдөх товчооны мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн хэрэгт унаад байгаа ажээ.

Эх сурвалж: Agence France- Presse

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж