Эксковаторын шанага мултарч, гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.16-нд нийтлэгдсэн

Эксковаторын шанага мултарч, гэмтээжээ

Нийслэлийн Цагдаагийн газарт өчигдөр “Хөгжим бүжгийн өргөтгөлийн барилга дээр гэмтсэн хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтлээ” гэх мэдээлэл ирж, энэ дагуу шалгахад дараах осол гарсан байжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд орших дээрх коллежийн өргөтгөлийн хашаанд баригдаж буй барилга дээр ажиллаж байсан 53 настай эрэгтэй Б машинаас контейнер өргөх үед эксковаторын шанага нь мултран баруун хөл дээр нь унаж гэмтээсэн байсан аж. Уг хэргийг одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж буй юм.

Мөн гэрээсээ гарч яваад сураг тасарсан Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн 42 настай эмэгтэй С-ийг бусдад хорлогдсон байдалтай амиа алдсан байхыг өчигдөр цагдаагийн алба хаагчид олсон байна. Далан давхарын оршуулгын газрыг тойруулан барьсан хэрмэн хашааны гадна, баруун хойд дээд жалганд нас барсан хүн байна гэсэн мэдээллийг шалгаснаар талийгаачийг олжээ. Талийгаачийн хоолойг боомилж, амийг нь хөнөөгөөд уг жалганд хаясан байж болзошгүй талаар ойрын эх сурвалж мэдээлэл өгөв. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

ШШГЕГ-ын хорих 401-р ангийн нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байсан хоригдол нас барсан байна. Өчигдөр ирүүлсэн уг мэдээллийг цагдаагийн алба хаагчид шалгаснаар тус хориход ял эдэлж байсан 49 настай Д зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тогтоожээ. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж