Ройтерсийн төлөгт зэс бүүдгэр, цайр, никель өөдрөг буужээ

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Ройтерсийн төлөгт зэс бүүдгэр, цайр, никель өөдрөг буужээ

Ройтерсийн төлөгт зэс бүүдгэр, цайр, никель өөдрөг буужээ

Зэсийн үнийн өсөлт өнгөрсөн оныхоос гурав дахин саарна

Дэлхийн зэсийн гол худалдан авагч болсон Хятад улс энэ онд зэсийн хэрэглээгээ танаж болзошгүй байна. Ингэснээр илүүдэл бий болж, ханш унах эрсдэлтэй хэмээн Thompson Reuters түүхий эдийн энэ оны төлөвтөө онцоллоо. Өнгөрсөн онд өмнөд хөршийн эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарч, ам.долларын ханш буурсан нь зэсийн үнэ өсөхөд эерэгээр нөлөөлжээ. 2017 оны сүүлчийн улиралд зэсийн үнэ эрс нэмэгдэж, арванхоёрдугаар сарын сүүлчээр оргилдоо хүрсэн юм. Лондоны металлын бирж дээр нэг тонн зэсийн ханш 7317 ам.долларт хүрсэн нь дөрвөн жилийн дээд түвшин болж тэмдэглэгдсэн байна. Түүнчлэн 2017 онд зэсийн дундаж ханш 27 хувиар нэмэгдэж, тонн нь 6200 ам.доллар болсон ч уг өсөлт энэ онд саарах эрсдэлтэй байна. Тус улсад сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн өсөлт саарч байгаа нь зэсийн эрэлтэд сөргөөр нөлөөлнө гэж үзжээ. Үл хөдлөх хөрөнгийн нэгдүгээр давхрын борлуулалт зэсийн эрэлтийн гол найдлага болдог.

Хятадын гаргасан сул орон зайг АНУ, Энэтхэг дүүргэж магадгүй

Харамсалтай нь ийм обьектийн борлуулалтын өсөлт 2016 онд 22.5 хувь байсан бол 2017 онд 7.7 хувь болж саарчээ. Хэдийгээр өнгөрсөн онд тус улсын хоёр ч муж үл хөдлөх хөрөнгийн борлуулалтад саад болж байсан дүрэм журмаа цуцалсан ч моргейжийн бодлого нь зах зээлд таатай өсөлт үзүүлэхгүй гэж шинжээчид үзжээ. Нөгөөтэйгүүр тус улс энэ сараас цаас, зарим төрлийн металлын хаягдлуудад импортын татвар ногдуулж эхэлсэн юм. Ирэх оноос тодорхой тооны металлын хаягдлуудын импортыг бүр мөсөн хориглох гэж байна. Энэ бүхэн зах зээлд ямар нөлөө үзүүлэхийг шинжээчид одоо тодорхой хэлж чадахгүй байгаа юм. Мөн төмөр замын бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт энэ онд 8.6 хувиар саарах төлөвтэйгээс энэ онд зэсийн эрэлт тодорхой түвшинд хязгаарлагдана гэж үзэж байна.

Харин хөгжингүй орнуудын оролцоо ямар байх нь тодорхойгүй байна. Бразил, ОХУ зэрэг орны зэсийн хэрэглээ хамгийн доод түвшинд хүрээд буй. Гэхдээ Хятадын гаргасан сул орон зайг АНУ, Энэтхэг дүүргэж магадгүй гэсэн хүлээлт бий. Өнгөрсөн онд савлагаа ихтэй байсан зэсийн ханш энэ онд бага зэрэг тогтворжиж, өсөлт нь 8.1 хувь буюу өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин бага байх төлөвтэй байна. Европ цайрын гол худалдан авагч байна Эдийн засгийн суурь орчин сайжирч, ам.долларын ханш суларч, цайрын хэрэглээний таатай үе ид тохиож буй тул энэ онд ч металлын багцаас хамгийн сайн үзүүлэлттэй нь цайр байх нь. Өнгөрсөн оны хувьд цайрын зах зээл тэлэхэд гол оролцогчид нь дэлхийн голлох эдийн засгууд байсан бол энэ жил Европын ган үйлдвэрлэгчдийн хувь нэмэр их байна.

Гэхдээ Хятадын Засгийн газар бохирдлын хяналтаа сайжруулах үүднээс энэ онд авах гурван хатуу арга хэмжээний хүрээнд Хэнань муж дахь цайрын уурхайн олборлолтоо багасгахаар болсон. Эндээс харахад өмнөд хөрш цайрын гарцаа танахаар шийдсэн хэрэг. Гэтэл цайрын хэрэглээ нөөцөөсөө даваад эхэлчихсэн. 2017 онд цайрын хэрэглээ хоёр дахь жилдээ дараалан нөөцөөсөө давлаа. Лондоны металлын бирж болон Шанхайн фьючерсийн бирж дээрх цайрын нөөц өнгөрсөн онд гэхэд 10 жилийн доод түвшинд хүрсэн байна. 2017 оны гуравдугаар улирлаас хойш нөөц нь 5.5-6.5 долоо хоногоор дундраад буй аж. Үүнд Хятад, Өмнөд Солонгос, Канад, Перуд хэрэглээ, нөөцийн харьцаа 10 хүртэл хувиар багасгасан нь нөлөөлжээ. Харин цайрын хэрэглээг энэ онд Европын хийн хоолойн төслүүдийн нийлүүлэгч тал болох гангийн үйлдвэрүүд, АНУ-ын бүтээн байгуулалт, цахилгаан хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэгчид жолоодно хэмээн Thompson Reuters үзэж байна. Ерөнхий дүр зургаар нь харвал цайрын зах зээл энэ оны хоёрдугаар улирлаас идэвхжих төлөвтэй байна. Уул уурхайн аварга Glencore Австрали дахь цайрын уурхайн төслүүдээ хагаслан эхлүүлэх төлөвлөгөөтэй гэнэ.

Одоогоор Квинслэнд дэх Dugald River-ийн уурхайн олборлолт хэдийнэ эхэлж, эхний ээлжийн баяжмалаа Хятад руу зөөгөөд буй. Өмнөд Африк дахь Gamsberg-ийн цайрын уурхай 2018 оны дундаас үйл ажиллагаагаа эхэлнэ. Тиймээс 2018 оны хоёрдугаар хагаст цайрын баяжмалын нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг юм. Харин эрэлт нь өнгөрсөн жилтэй адил 1.7 хувь орчим байна. Никелийн төлөв өөдрөг Өнгөрсөн жил ханш нь 8.4 хувиар цойлж, тонн нь 10414 ам.долларт хүрсэн никелийн үнэ он гарсаар нэгдүгээр сард тонн нь 13200 ам.доллар болж өслөө. Цахилгаан хөдөлгүүрт автомашины зай хураагуурт их хэрэглэгддэг тус түүхий эдийн хувьд энэ нь 2015 оны дунд үеэс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Гэхдээ энэ онд төлөв ямар байх нь хөгжиж буй орнуудын цахилгаан автомашины үйлдвэрлэлээс ихээхэн шалтгаална. Одоохондоо өөдрөг төлөв харагдаж байна. Никелийг кобальтын адил литий-ионы зай хураагуурт хэрэглэдэг. Кобальтын үнэ өсөж, нийлүүлэлт тогтвортой байх төлөвтэй байгаагаас харвал никель ч мөн ижил замаар замнах хандлагатайг илтгэж байгаа аж. Гэхдээ зарим үйлдвэрлэгч кобальт, никелийн алийг нь ч хэрэглэхгүй байх шийдлийг эрэлхийлж байгаа аж.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж