Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя | News.MN

Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя

Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя

”Хулангийн үдэш” болоход хэдхэн цаг үлджээ. Түүний талаархи нэгэнтээ өгүүлснийг толилуулж байна.


Хулан сайхан “амьтан”. Ийм нэг хэлцийг эр, эм үл хамааран хэлэгсэд олон байдаг. Энэ сайханд түүний гадаад дүр төрх, ааль намба, шүлэг найргийн нь хэмнэл хөг нийтлэгээр агуулагдсаныг тодруулах нь илүүц. Хулангийн жинхэнэ сайхан сэтгэлд нь л бий. Бас үзэл санаанд нь буй. Тэрбээр цаг ямагт шударга байхыг эрмэлздэг, Нам эвслийн харьяалал, тойргийг үл хамааран зөвхөн энэ л шударга үнэн гэсэн төв үзэл, итгэл үнэмшлээ өөрийнхөөрөө илэрхийлдэг. Ойрмогхоны жишээ гэвэл, саяхан даа, “Болор цом”-д оролцогчдыг шүүж суухдаа, үзэгчдээс “Шударга бус шүүлээ” хэмээн орилсны хариуд “Шударга шүүсээн, надаас шударга найрагчийг олохгүй” гэж тодорхой хариулж байна лээ. “Шударга гэвэл надаас өөр хэн байна” хэмээн эрс мэдэгдээд П.Бадарч абугайгаас “Хулаан чи суу” гэх үгийг шидүүлж байна лээ.

“Бидний оршин буй үндсэн нөхцөл бол бусдын дэмжлэг, туслалцаа юм. Хүмүүний боломж бусдын хүрээнд л илэрдэг. Хүний хүслээ гүйцэлдүүлэх ганцхан оногдохуун нь бусад хүмүүс байдаг” гэсэн Далай лам Агваанлувсанданзанжамцын айлдвар буй. Энэ нийгмийн, бидний оршихуйн алтан зарчим бол шударга үнэний өмнө тэгш байх явдал. Энэ нь нэг нэгнээ дэмжиж буй хамгийн том туслалцаа дэмжлэг. Хэм хэмжээний эл мөрдлөгийг мөн чанараараа агуулах Ц.Хулангийн итгэл үнэмшил, үзэл бодол чухамдаа түүнийг сайхан “амьтан” хэмээн харагдуулах анхдагч ул суурь болой.

Цоодолын Хуланг миний бие анх Төв шуудангийн ардханд “амьдаар нь” харсан бөлгөө. Шинэ мянган эхлэхээс дөрвөн жилийн өмнөх явдал. Нэг их сайхан бороо орсны өглөө л дөө. Тэгэхэд Хулан хонин туурай ембүү шиг хэлбэртэй мөнгөлөг өнгөт машиныхаа хаалгыг нээгүүт, шүхэр сархийлгэн дэлгээд замаар нэг урссан усны гүехэнийг онож гишгэх гээд хөлөө “бүжиглүүлэх” нь баахан өндөр өсгий бүхий гуталтай явсан нь санагддаг. Цагаан торон бээлийг тохойгоо хүртэл татсан гартаа барьсан шүхрээ найгалзуулан донжтой аргагүй алхалж одоход нь “Улаанбаатар” сонины гадаа тамхилж зогссон залуус “Хулан.., Хулан..,” гэлцэцгээн нэгнээдээ ирмэцгээж байсан нь мөнөөх сайхан “амьтан” хэмээх хэлцийн нэгэн илрэл байсан юм уу даа.

Хулангийн шүлгүүдийг бүх Монгол, бүх монголчууд сонссоон. Би бээр тэдний л нэг. Гэхдээ түүний хөлөглөж асан шээзгий шиг хар машинд нэгэнтээ шүлэг дуудуулан сонссоноо ерийн хэрэг биш хийгээд баахан завшаантай гэж боддогоо нуумгүй. Улирч алсалсан цагийн учрал тохиол амьдралын бусад сайхантай нийлээд гэгээн хол алс, тэртээ чинадын анхилуун мөрөөдлийг бий болгодог. Тийм нэг үр өдлөлтэй санаанд байдаг учрал тохиол тэр юм. Данзангийн Нямсүрэнгийн шүлэг л дээ.

Чиний цэцэрлэг анхилуун байж

Чийглэг ариухан хур бууж

Алтан мөчир дээр нь донгодохуй

Алганы минь хонхорт,

Намайг үнсэх чиний уруул мэт

Мөнгөн тансаг шүүдэр хаа нэг дусмуу.

Би эртийн эртийн үлгэр мэт

Би ханхүү мэт

Цагаан жигүүр дэлгэн

Чамайг эрсээр одном…

гэсэн мөрүүд бүхий. Өмнөхөн нь Эрээнцавд яваад “Бүлээн”-ээ бичсэнийг тэрбээр сониноос уншжээ. Тэгээд сайхан найрагчийн тухай бичсэнд догдлон талархаж, нэгэн үдэш найраг шүлэг, Нямсүрэнгийн тухай хөөрөлдөхдөө энэ шүлгийг уншсан юм. Тэгэхэд Хулан суусран малгай өмсч, луун хээтэй хар торгон дээл өмссөн нь туйлын зохимжтойн дээр уруулын нь ув улаан өнгө санаанаас гарамгүй тод байсан даг аа. Ер нь Хулан өөрөө хүний сэтгэлд ийм тод байдаг хүн шиг санагддаг. Түүний үйлдэл, сэтгэл, зориг, найраг чин сэтгэлээсээ бусдад зориулагддаг. Тийм ч учир дэмжигч уухайлагч нар нь сэтгэлдээ мөн тиймээр түүнийг хайрлан оршоодог. Ямар үр тарина, тиймийг хүртэнэ гэдэг дээ.

Монголын зохиолчдын эвлэл хэмээх сайхан айлд багтаж, гишүүнээр элсэх болоход Хулан Удирдах зөвлөлд байв. Тулхтай сайхан улс санал нэгтэйгээр зөвшөөрч, амжилт хүсэхэд нь туйлын таатайгаар хурлын өрөөнөөс гаран зогсч байтал тэрбээр араас  ирж баяр хүргээд “Дагаад яв” гэхээр нь ёсчлон бараадлаа. “Пүүжгээгээр чамд баяр хүргүүлнээ” гэдэг байгаа. Пүүжгээ гэдэг нь Дэндэвийн Пүрэвдорж авгай л даа. Тэвдэж зовлоо. Байж боломгүй санагдаад. Гэвч дагасаар өрөөнд нь явж орчихлоо. Хулан ардын уран зохиолчид хандан хэзээний үе тэнгийн юм шиг “За Пүүжгээ, энэ залуу бидний эгнээнд элслээ. Та баяр хүргээч. Ширээний юм задалдаггүй ээ” гэхэд тэр сайхан, өндөр оргилын, домог болсон хүн төрөлхийн ихэмсэг бардам төрхөө дор нь өөрчлөнгөө тас тас хөхрөн “Хулан хатан яасан аагилуу байна вэ. За тэгье тэгье” гээд “Болор” задаллаа. Их айлын босгоор алхаа үгүй юу, “эцэг”-ээр нь идээний дээж задлуулна гэдэг миний тухайд ер огт байж боломгүй задармаг, хэрээс хэтэрсэн явдал нь ойлгомжтой. Гэвч Хулан л ийм нэг явдлыг үүсгэсэн нь сэтгэлийн тольтод үл мартагдах мөч болж үлджээ. Монголын алдартай найрагч буурлууд Хуланг эрхлүүлэхийн тулд төрсөн мэт байдгийг энд хэлэлтэй. Дэндэвийн Пүрэвдорж гуайгаас эхлээд Пунцагийн Бадарч, Дамдинсүрэнгийн Урианхай, Шаравын Сүрэнжав гээд бүгд шүү. Яагаад ч юм тэдгээр аваргууд Хуланг харахаараа Баагий, Уугий, Сүүгий гэх жишээний дуудуулахдаа хачин дуртай болоод явчихдаг нь нууцгүй. Хулангийн холбогдолтой ямар л арга хэмжээ байнав, энэ хэд хэдийнэ ирчихсэн дүнжийж зогсох сайхан.

Энэ бол Хулангийн эднийгээ гэх халуун сэтгэл, ховор сайхны нь мэдэхийн тусам хайрласан хүндэтгэл дотнологоос бүрэлдсэн харилцаа юм. Хулангийн эдгээр аваргуудтай үлэмж ширэлдэж сүлбэлдсэн, нэн дотно харилцаа нь уран зохиолынхны нэг нэгээ хайрлах хийгээд хойч залуу үе болоод урд хойттойгоо уран бүтээлчид нягт ойр, хүйтэн хөндийгүй байхын бас нэгэн үлгэр болдог мэт.

Хулан монгол уран зохиолын ерээд оныхны, өөр нэгэн өгүүлэхээр мөнгөн үеийнхний онцгой төлөөлөгч. Тэр үеийнхнээ бүгдийг нь хайрладаг нь бичсэнээс нь, ярьж хэлснээс нь мэдэгдээд байдаг. Гагцхүү нэг тийм нонж дорой, хийрхэгч, алхаг залхуу, бүдүүлэг аясыг тэдэндээ огт зохихгүйн тухай хэлэхээ бас мартдаггүй. Хулангийн амьдрал дардан шулуун байгаагүй. Гэвч тэр хэзээ ч энэ бүхний өмнө сөхөрч, туядсангүй. Харин цаг үргэлж бардам, өөртөө итгэлтэй байж ирснийг хүмүүс мэдэх биз ээ. Тэр өвдөж зовж үзсэн. Өвдөж зовохыг давж дийлж чадсан. Хэн сайхан инээнэ, тэр сайн хүн байж таарна гэсэн Достоевскийн үг бий. Хулан их сайхан инээдэг. Сайхан инээж, сайныг тарьж явбал үйл заяа тэгшрэх жамтай буй за. Хулангийн ая дан өвөрмөц. Донжтой, их өөр. Монгол бүсгүйн язгуур ааль намбыг түүнээс олж үзээд байх шиг санагддаг. Халиу булга, суусар минж болсон монгол бүсгүй сайхнаас сайхан харагддаг. Гэхдээ Хуланд бусдаас илүү чимэглэг байх шиг үзэгддэг. Энэ нь сэтгэлийн сайхан, ааль намбаны нь үзэмж хөгтэй найрсахаараа тийм харагдуулдаг болов уу. Тэрбээр хуримлан суух гэж байгаа хүнээ танилцуулахдаа “Тэр хүн маань Түшээт хан аймгийнх” гэж хуучны, хүрээний хэв төрхийг санагдуулам, төсөөлүүлэм өгүүлнэ. Бодол санаа, үг хэл нь нийгэмд үгүйлэгддэг эмэгтэйн нэг гэвэл Хулан. Түүнээс сонинууд байсхийгээд ярилцлага авч тавьдаг. Тэрбээр нийгмийн олон янз хүмүүсийг нэг хэсэгтээ “Хулан тэгж хэлж, ингэж хэлжээ” гэх хөөрөгдөл, яриаг үүсгэж орхисон байдгийг бид мэднэ. Харин ойрын өдрүүдэд хэвлэлүүд түүнээс маргааш болох тоглолтын нь тухай асууж сонирхжээ. “Хулангийн үдэш” нэртэй энэ цэнгүүн нь уламжлал болж байгаа юм байна. Энэ нь Хуланг хэн болохыг нэг талаар тодорхой хэлээд байгаа юм. “Хулангийн үдэш” нь халуун дулаангүй, үзэгч сонсогчдыг шүлэг найрагт нийтгээгүй нэг тиймхэн зүйл болдог бол Хулан ийм зүйлийг яавч ахин дахин хийхгүй хүн. Тиймээс энэ үдэш нэгэнт баяр таашаал, урам зориг өдөөсөн шүлгийн орчин бүхий хүсэлт үдэш болон дархлаажсан байна буюу.

“Хулангийн үдэш”-д яруу сайхан, эрх дураараа сэлэн орших бүсгүй найрагчийн шинэ гэрэл гэгээ, эрчим хүч жирэмлэн сүлжигдсэн буй. “Хулангийн үдэш”-д эрхэмсэг дулаан ахуй, төгөлдөр яруу таашаал, бэлгэ ерөөлт зөн совин харвуулсан зохиомж нийлэмж орших буй.“Хулангийн үдэш”-д зөв сайн сэтгэлт хүмүүсийн чуулган бүрэлдэж, илүү зөв сайхныг өдөөх мэдрэмж, танилт чинадших буй. Өмнөх нэгэн үдэшт УИХ-ын дарга Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд С.Баяр нар гийчлэн ирж, тольдон үзээд Хулан хатагтайд сагс дүүрэн улаан сарнайг дамжлан ирж бэлэглэж байлаа. Үзэгч бүр түүнд өөрийн сагстай сарнайгаа авчирна. Зүрх сэтгэлээ авч ирнэ. Монголын цирк бумбан. Сарнайн хэлбэртэй. Хэрэг дээрээ тэнд цугласан бид бүхэн маргааш үдшийн сарнайн дэлбээнүүд болох оо. “Дэлбээ” бидний яг гол төвд Хулан маань цэцгийн дохиур адил гунхан гунхан шүлэглэх байх аа. Хулангийн сарнайн хүрээлэнд уулзъя.              

Б.Золбаяр

2009 он

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

GUZEET 2018-03-06 202.21.98.236

ЦАГТАА МОНГОЛЫН САЙХАН ХҮҮХЭН Л ЯВЛАА. МАНАЙ НАЙЗ ТАЛИЙГЧ УЯНГЫН МААНЬ ЭХНЭР БАЙСАН ДАА…………………

Avatar

Миний Монголын сайхан хүүхнүүдйн нэг мөн дөө 2018-03-06 202.9.41.29

Аз жаргал хүсье. Ялдамхан инээмсэглэж яваараай. Шударга зан чинь мөнхөд Гэрэлтэж байг

Avatar

тз 2018-03-06 202.72.245.122

Миний монголын сайхан хүүхэн сайхан шүлэгч найрагч шүү яахнав дээ бид бие биенээ хэмлээд Одоо л бид бие биенээ хайрлах цаг шүү

Avatar

ЗОЧИН 2018-03-06

ААВ НЬ ХЭЛЭХДЭЭ . . . – МАНАЙ ХУЛАН ЧИНЬ ЖОРОО ЮМ БАЙГААНШДЭЭ ГЭСНЭЭР , ХУЛАНГИЙ ЖОРООГ ААВ НЬ ХҮРТЭЛ МЭДДЭГ БАЙХНЭЭ …- ЛАМАА ГЭЖ

Avatar

Зочин 2018-03-06 66.181.187.167

Заваан авгай [Хориотой Үг] хөгшин авгай даа

Avatar

zochin 2018-03-06 203.91.119.102

Гоё, түүнээс гоё нь байна уу

Avatar

зочин 2018-03-06 27.123.212.136

гэдэс нь унжсан бүдүүн хүүхэн байна гэж үнэхээр санаагүй шүү .гадаад үзэмжээ янзалж болно. дотоод гоо сайхан чинь чухал хулаан . ямар хаантай байхыг хүслээ дээ .одоо эвий лам нар..гээд байгаа нь их л өөрчлөлтөнд орсныг илтгэх мэтээ

Avatar

Z 2018-03-06 103.229.123.90

баруунд, ерөнх-ийн зөвлөх хүн өөрийгөө рекламдлаа гээд л ажлаасаа мулт. энэ хүн ер нь угаасаа ямар нүүр царайтай хүн юм бэ. хас цагаан гантиг будагны цаана жинхэнэ нь байгаа л байх даа. Хармаар байна. Тэгээд ийм гоё авгай ерөнх-ийн тэнд юү хийдэг юм бол. Ерөнх-ийн тэнд төрийн хар ажлын гал тогоо байдаг, цагаан гартан, цаасан уут хүүдийнүүд, гоо үзэсгэлэнГҮЙН сорууд байдаггүй гэж төсөөлдөг ш дээ.

Avatar

Дорж 2018-03-06 43.228.130.158

2 хар хувцастай авгайнууд өөрсдийгөө юу юу гэнэв. Ичиж үхмээр. За Хулан гуай цензургүй яриагаар юу ярив аа. Ерөөсөө ойлголсонгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх хүн гэхэд арай ч дээ. Ийм мэдлэг боловсрол муутай хүн шүлгээ бичээд сууж баймаар.

Avatar

Зочин 2018-03-06 202.131.243.162

жанхуугийн угаадсаар хооллогч балай авгай!!! Чиний тоглолтыг үзэх эрүүл хүн байхгүй!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж