Харшил удамшилд нөлөөлдөг | News.MN

Харшил удамшилд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ

Харшил удамшилд нөлөөлдөг

Урин дулааны улиралтай зэрэгцэн харшлын өвчлөл дэгддэг. АӨСҮТ-ийн харшлын их эмч Д.Доржхандтай харшлын талаар ярилцлаа. Тэрбээр харшилгүй хүн ургамлын тоосжилтын үед дархлаа сул байвал харшилтай болох эрсдэлтэй учир хаврын улиралд дархлаагаа дэмжиж,  чанартай хүнс хэрэглэж, сайн унтах хэрэгтэйг эмч зөвлөж байлаа. 


-Шарилжийн харшлын эсрэг вакцин хийлгэх иргэдийн бүртгэл эхэлжээ. Энэ талаар тодруулахгүй юү? 

-Ургамлын тоосны харшилтай хүний харшил жил бүр хөдөлдөг. Тэр тусмаа шарилжийн харшил долдугаар сарын 15-наас найм, ес, аравдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилдэг. Харшлаас урьдчилан сэргийлэх вакцин эмчилгээ гэж байдаг. Энэ эмчилгээг манай төв олон жил хийж байна. Эмчилгээ маань дөрөвдүгээр сарын 5-нд эхэлдэг. Үүнээс өмнө хүмүүсээ бүртгээд, захиалгаа өгчихдөг. Тиймээс дараалал үүсгэлгүйгээр амбулаториор үйлчлүүлж байгаа хүмүүст сорил тавьж, онош тогтоогоод, харшилтай бол вакцин хийлгэхээр бүртгээд явж байна.

-Төлбөр нь хэд вэ. Эрүүл мэндийн даатгалгүй хүмүүс яах вэ?

-Вакцин эмчилгээнд хамрагдахын тулд өвчтөн нь цагийн бүртгэлд бүртгүүлээд тухайн кабинетад сорил тавиулна. Сорил маань үнэ төлбөргүй. Харин даатгалгүй хүн төлбөртэй. Харин алергин эмчилгээ нь төлбөртэй. Нэг курс эмчилгээ нь 45 хоног болох бөгөөд 50 мянган төгрөгийн үнэтэй.

-Өөр харшилтай хүмүүс харшлын вакциныг хийлгэж болох уу?

Ургамлын тоос, тэр дундаа шарилжийн харшилтай хүн уг вакциныг хийлгэх нь илүү үр дүнтэй. Ургамлын тоосны харшилтай мөртлөө шарилжаас бусад ургамлын өндөр харшилтай хүн хийлгэхэд гаж нөлөө үүсэх магадлалтай.

-Сорил тавиулах ёстой гэлээ. Яаж тавиулах юм бэ? 

-Арьс бэгнэх, хатгах, тарих, цусанд үзэх зэрэг сорил тавих олон арга бий. Ургамлын тоосны харшлыг оношлохын тулд цусаар сорил тавьж болно. Мөн арьс хатгах сорил хийдэг. Тухайн хүнд эмчийн зааврын дагуу сувилагч сорил тавьж, 15 минутын дараа хариу гарч, дүгнэлтийг эмч өгдөг.

-Танай эмнэлэгт хийж байгаа сорил хэдэн харшлыг илрүүлэх боломжтой вэ?

Манайд ургамлын тоос болон хүнсний 100 гаруй төрлийн алергин байдаг. Үүнээс ургамлын тоос болон хүнсний 80-аад төрөлд сорил тавьж байгаа.

-Харшлын вакцин ямар сөрөг нөлөөтэй вэ. Гормоны тариа учир биед муу гэх юм. Үнэхээр аюулгүй юу?

-Харшлын вакцинд ямар ч гормоны найрлага ороогүй. Алергин эмчилгээ гэдэг нь тухайн ургамлын тоосонцроос гаргаж авсан зүйлийг, маш нарийн шүүлтүүр, цэвэршилт, маш бага концентрациар хүний биед сөрөг нөлөөгүйгээр тодорхой схемийн дагуу тарьж тухайн харшлын эсрэг дархлаа тогтоох. Өөрөөр хэлбэл, аажмаар дасгаж байгаад харшлын эсрэг дархлаа суулгадаг.

-8-65 настай хүнд сорил тавьж, вакцин хийдэг гэсэн. Гэтэл наймаас доош настай хүүхдүүд харшилтай байх нь элбэг байна. Бүр нялх хүүхэд ч байна. Тэр хүүхдүүдийг яах вэ. Найман нас хүртэл нь гүрийлгээд л байх уу. Ямар эмчилгээ байдаг юм вэ?

-Энэ вакциныг схемийн дагуу олон дахин хийлгэснээр дархлаа тогтдог. Бага насны хүүхдийн дархлалын тогтолцоо нь бүрэн гүйцээгүй, мэдрэг байдаг. Тиймээс вакцин эмчилгээг схемийн дагуу, урт хугацаанд хийлгэх нь сөрөг нөлөө үүсгэх эрсдэлтэй. Наймаас доош насны хүүхдийг харшил үүсгэж байгаа ургамлаас хол байлгаж урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Дархлааг нь дэмжиж, эсэргүүцлийг нь сайн байлгах хэрэгтэй.

-Ер нь багцаагаар хэдэн төрлийн харшил байдгаас Монголд хэд нь илэрсэн бэ?

-Манайд 100 гаруй төрлийн харшил бий. Харшил нь дэлхий дахинд ихэсч байгаа. Дэлхийн долоон тэрбум хүний 40 хувь нь ямар нэгэн харшилтай. Үүний 26-40 хувь нь ургамлын тоосны харшил. Харшил судлалын төвөөс гаргасан судалгаагаар Монголчуудын таван хүн тутмын нэг нь харшилтай. Харшилтай хоёр хүний нэг нь буюу 68.3 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг.

– Харшил гэж яг ямар өвчин юм бэ. Дархлаа нь ихдэхээр харшилдаг гэх юм. Үнэн үү?

Бидний бие организм гадаад орчинд хариу урвал өгч байдаг. Тэр нь хэт мэдрэг хэлбэрээр илрэхийг бид харшил гээд байгаа. Нэг агаараар амьсгалж байгаа мөртлөө хүн бүр харшлаар өвчлөхгүй байгаа. Энэ нь бие организмын гадаад орчныг хүлээж авах онцлогтой холбоотой. Үүнд олон зүйл нөлөөлж байгаа. Дархлаа сул байх тусам гадна орчинд үзүүлэх хариу урвал сулардаг. Тиймээс харшил нь дархлаа сул байгаатай холбоотой.

-Харшил хөдөлсөн үед дархлаа сайжруулах эм, витамин хэрэглэж болох уу?

Харшил хөдөлсөн үед дархлаа сайжруулах эм уухаасаа илүү харшлын мэдрэгшлийг бууруулах эм уух нь зөв.

-Монголд шарилжийн харшилтай хүн олон байна. Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой юм бэ?

-Урьдчилан сэргийлэх аргын нэг нь вакцин эмчилгээ. Хэрэв та олон төрлийн ургамлын харшилтай, вакцин эмчилгээнд хамрагдах боломжгүй бол хамгийн түрүүнд та өөрийн дархлааг сайжруулж, сайн унтаж, сайн хоол хэрэглэх хэрэгтэй. Мөн дархлаа зүгшрүүлэх эм хэрэглэж болно. Харшлаа сэдрээхгүй, харшил үүсгэх орчноос ангид байх хэрэгтэй. Мөн ургамлын тоосжилтын үед дархлаа суларвал харшилтай болох эрсдэлтэй учир хаврын улиралд дархлаагаа дэмжиж чанартай хүнс хэрэглэж, сайн унтах хэрэгтэй.

-Гэхдээ зарим хүмүүс, ялангуяа хог түүж амьдардаг, архи уудаг хүмүүс шарилжин дунд амьдраад л байгаа мөртлөө харшил тусахгүй юм. Энэ ямар учиртай юм бол. Тэдний эсэргүүцэл сайн баймааргүй л юм?

-Сонирхолтой асуулт байна. Товчхон хариулах юм бол байгалийн дархлаа гэдэг зүйл тухайн хунд тогтсон байна гэж үзнэ.

-Яагаад ингэж асуусан гэхээр хэт цэмцгэр байдал харшлын эх үндэс байж болох уу?

-Хүн байгалийн бүтээгдэхүүн учир байгальтай ойр байх тусам өвчлөх хүчин зүйл нь буурдаг. Хэдий чинээ байгалиас хөндийрч, цэвэр, тав тухтай орчинг бүрдүүлж, бусдаас тусгаарлах тусам хэт мэдрэг байдал ихэсдэг. Байгалиас хол байх тусам харшил нэмэгдэж байна. Нэг ёсондоо харшил соёл иргэншлийн өвчин болоод байна.

-Шаргалжуутын рашаан эмчилгээг харшилд их сайн гэх юм. Рашаан эмчилгээ харшилд хэр сайн бэ. Тохирох уу?

-Манай ард түмэн олон жилийн турш рашаан хэрэглэж ирсэн. Харшлын эсрэг олон рашаан бий. Ямар ч эмчилгээнд байгалийн зүйл сөргөөр нөлөөлөхгүй. Байгальтай ойр, энгийн байх тусам харшил, ямар нэгэн өвчнөөс ангид байдаг.

-Харшилтай эхээс харшилтай хүүхэд төрөх үү. Ер нь удамшилд хэр нөлөөлдөг вэ?

Харшил удамшилд нөлөөлдөг. Эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол харшилтай хүүхэд төрөх магадлал 50 хувь. Харшилгүй эцэг, эхээс харшилтай хүүхэд төрөх 25 хувийн магадлалтай. Харин хоёул харшилтай бол 75-80 хувийн магадлалтай. Энэ нь экземтэй хүний хүүхэд тийм өвчинтэй төрнө гэсэн үг биш. Өөр төрлийн харшилтай болох магадлалтай. Харшламтгай байдал нь ген дамждаг. Мөн харшилд орчин нөлөөлдөг.

-Харшил хүний аминд халтай өвчин биш гэсэн ойлголт олны дунд байдаг болохоор нэг их тоохгүй юм. Амь насанд үнэхээр аюулгүй юу?

-Тууралт гараад, найтаагаад тухайн мөчлөгийг өнгөрүүлэхэд амь насанд аюулгүйд тооцогдоно. Гэхдээ удаа дараа өвчилж, амьсгалын замын салст хөөж, шүүрэл ялгаруулж, биед зовиур өгөх нь амьсгалын замын  өвчин үүсгэдэг. Астма үүсэх хүчин зүйлийн нэг нь ургамлын тоосны харшил байдаг. Тиймээс нэг зуныг өнгөрөөчихвөл зүгээр болчихно гэж бодолгүйгээр бага дээр нь эмчлүүлэх хэрэгтэй.

-Уламжлалт анагаах ухаанаар харшлыг эдгээж болно гэх юм. Та мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр ямар зөвлөгөө өгөх вэ?

-Байж болно. Манайх бүр анхнаасаа европ эмчилгээтэй байгаагүй. Түүнээс өмнө уламжлалт эмчилгээгээр дагнадаг байсан.

-Хэдэн удаа вакцин хийлгэснээр дархлаа тогтох вэ. Харшлыг нам дарах өөр ямар арга байна?

-Вакцин эмчилгээг нэг удаа хийлгээд л дархлаа тогтчихгүй. Тиймээс 3-5 курс буюу жил хийлгэж байж дархлаа тогтдог. Алергин эмчилгээг манайд тарилгаар, цацлагаар хийдэг. Тарилга, цацлага нь 45 хоног үргэлжилдэг. 45 хоног хатгуулж, тариулахад халдвар хамгаалал, хатгалт авч байгаа байдал зэрэг нь түвэгтэй. Тиймээс алергин эмчилгээг цацлага хэлбэрээр түлхүү хэрэглэж байгаа. Цацлагаа халаасандаа авч яваад цагийн хуваарийн дагуу цацаж хэрэглэх нь илүү хялбар байдаг. Мөн манайд харшлын эсрэг нөлөөлөхөөс гадна дархлааны тэнцвэрт байдалд нөлөөлдөг Антиполлин бий. Энэ нь хэлэн дор уусгаж тавьдаг таблеткан эм юм. Энэ эмчилгээ хоёр сар гаран үргэлжилдэг. Казахстанд үйлдвэрлэсэн энэ эмийн эмчилгээг манайд хийгээд таван жил болж байна. Үр дүнгийн хувьд 75-80 хувьтай байдаг.

Р.Ренчиндулам

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туул 2018-03-06 122.201.21.238

Бүрэн ярилцлага бна. Баярлалаа

Avatar

Mongol 2018-03-06 103.229.177.51

Mundag yarisan bn.

Avatar

Tamiraa 2018-03-06 103.229.177.51

saon yariltslaga boljee. Ij buren medeelelel avalaa.

Avatar

Зочин 2018-03-06 202.179.26.243

Вакцин эмчилгээ , Аллергин эмчилшээ гэж 2 янзын эмчиилгээ байгаа мэтээр ярисан байна . Эмнэлгийн бус хүмүүс юу гэж ойлгох вэ ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж