Цалингаас өөр орлогын эх үүсвэр эрэлхийлж эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.03.06-нд нийтлэгдсэн

Цалингаас өөр орлогын эх үүсвэр эрэлхийлж эхлэв

Цалингаас өөр орлогын эх үүсвэр эрэлхийлж эхлэв

Хөрөнгийн зах зээлийн оролцогчид залуужиж байна

Монголын хөрөнгийн зах зээлийг унтаа байдлаас сэрээж, жижиг хөрөнгө оруулагчид “бужигнуулж” эхэллээ. Шинэ бүтээгдэхүүний эрэлд гарсан тоглогчид маргааш арилжааны захиалга нь хаагдах гэж буй Lendmn компанийн хувьцааг хамгийн их сонирхож байна. Тус компанийн хувьцааны захиалга урьдчилсан байдлаар 15 тэрбум төгрөгийг хол давахаар хүлээлттэй байгааг андеррайтер компаниар ажиллаж буй “Мирэ Эссет Секьюритис Монгол ҮЦК” мэдээлсэн юм. Хөрөнгийн зах зээлээс таван тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой тус компанид гурав дахин өндөр захиалга иржээ.

Ингэснээр энэ оны анхны IPO амжилттай өндөрлөх нь бараг тодорхой болж байна. Засгийн газар дотоодын зах зээлд бонд гаргахаа энэ оноос зогсоосон нь хувьцааны зах зээлд эрч нэмлээ. Тэрчлэн эдийн засаг сэргэж эхэлсэн нь эерэг уур амьсгал бүрдүүлэв. Үүний тусгал ч бичил хэрэглээний зээл олгох үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн Lendmn компанийн хувьцааг илүү эрэлттэй бүтээгдэхүүн болоход нөлөөлөв бололтой. Тэрчлэн бүтээгдэхүүнээр цангасан хөрөнгө оруулагчид хувьцааны захиалгад дугаарлаж байна. Монгол Улсын санхүүгийн зах зээлд анх удаа финтек технологийг санхүүгийн үйлчилгээтэй хослуулсан тус компанийн хувьцаанд хөрөнгө оруулагчдын багагүй хэсэг нь залуучууд байгаа нь анхаарал татсан юм. Хөгжиж буй зах зээлийн оролцогчид улам залуужиж, хүч түрэн орж ирэх шинэ хөрөнгө оруулагчид эгнээгээ тэлсээр байгаа нь онцлох үзүүлэлт мөн. “Айтүүлс” компанийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь 2017 онд нийлүүлэлтээсээ гурав дахин буюу 3.9 тэрбум төгрөгт хүрч байсан. Тэгвэл энэ түүхийг Lendmn давтаж, урьдын амжилтыг хэдийнэ ахиулахаар боллоо. Захиалгын дүн нь бүхэлдээ 15 тэрбум төгрөгийг давж буй нь Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болж, түүхэнд тэмдэглэгдэнэ гэсэн үг.

• Засгийн газар дотоодын зах зээлд бонд гаргахаа энэ оноос зогсоосон нь хувьцааны зах зээлд эрч нэмлээ.

• Хөрөнгийн зах зээлээс таван тэрбум төгрөг татан төвлөрүүлэх зорилготой тус компанид гурав дахин өндөр захиалга иржээ.

• Зөвхөн дотоодын иргэдийн арилжааны дүн нийт арилжааны 19.5 хувийг эзэлж, зургаа дахин өссөн байна.

Хөрөнгийн зах зээлийн талаарх иргэд, олон нийтийн мэдлэг тодорхой хэмжээнд зузаарч, энэ чиглэлийн мэдээлэл иргэдэд хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болж байна. Иргэд зөвхөн мөнгөн хадгаламжаар дамжуулан өгөөж хүртэх бус хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр хайж буйн илрэл энэ юм. Хөрөнгийн зах зээлийн талаар иргэд тодорхой ойлголттой болж, хуримтлалаа төрөлжүүлэх боллоо. Хөгжиж буй хөрөнгийн зах зээлийн оролцогчдыг төлөвшиж амжаагүй гэж уг зах зээлийн шинжээч Б.Ганболд дүгнэсэн. Төлөвших үйл явцад тодорхой цаг хугацаа шаардлагатайг тэрбээр нэмж хэлж байсан. Үүнд хамгийн багадаа 1-2 жил орох юм байна. Хэдий ийм боловч хөрөнгө оруулагчдын дунд хувьцаа, бондод хөрөнгө оруулалт хийх сонирхол ихээхэн нэмэгдэж, мөнгөн дүн нь тэлэх аж. Өнгөрсөн жилийн байдлаар гэхэд дотоодын хөрөнгө оруулагчдын тоо 5000 хүрчээ. Энэ нь зөвхөн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулсан иргэд. Мөнгө өөрөө өсөж, хөрөнгө аяндаа ургадаг “хүлэмж” бол хувьцааны зах зээл. АНУ-д хөрөнгийн биржийн арилжаанд оролцдог 60 сая гэр бүл байдаг. Энэ нь насанд хүрсэн америкчуудын 50 хувь нь хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцдог гэсэн үг. Иргэдийг жижиглэнгийн хөрөнгө оруулагчид гэдэг. АНУ-ын хувьд жижиглэнгийн хөрөнгө оруулагчид нь нийт зах зээл дэх хувьцааны 26 хувийг эзэмшдэг байна. Хөрөнгийн зах зээлийн өлгий нутагтай өөрсдийгөө харьцуулах нь өрөөсгөл байх.

Гэхдээ л манай улсын уг зах зээлд оролцох иргэдийн сонирхол, идэвх сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгдэж, үнэт цаасны арилжааны үнийн дүнд эзлэх хувь өнгөрсөн оныхоос огцом дээшилжээ. Зөвхөн дотоодын иргэдийн арилжааны дүн нийт арилжааны 19.5 хувийг эзэлж, зургаа дахин өссөн. Үүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос онцолж, иргэдийн оролцоо хэрхэн нэмэгдэж байгааг тодотгосон юм. Олон нийт өмч хувьчлалыг алдаа, оноотой эхлүүлсэн ягаан, цэнхэр тасалбараар өнөөгийн хөрөнгийн зах зээлийг төсөөлдөг байлаа. Тэгвэл эл байдал өөрчлөгдөж, “Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаанд урьдынх шиг хууртаж суухааргүй болжээ. Биржийн арилжаанд оролцож байгаа дотоодын хөрөнгө оруулагчдыг арилжаа хийж буй үнийн дүнгээс нь үзвэл жижиг хөрөнгө оруулагчид хэдэн жилийн өмнө ердөө найман хувийг эзэлж байлаа. Харин он дараалсан компаниудын IPO иргэдийн оролцоог тэтгэж, 10 хувийг давжээ. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас 10 гаруй нь одоогийн байдлаар ногдол ашиг тараахаа мэдэгдсэн. Эдгээр нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг улам татаж, гоочлогдож байсан зах зээл хөгжих эхлэл болж байна.

Хөрөнгийн зах зээлийн сургалт нэмэгдсэн

“Монполимет” группийн ажилтан О.Тамир

-Хөрөнгийн зах зээлийн шинэ бүтээгдэхүүний талаарх мэдээлэл хамгийн эрэлттэй болсон. Тиймээс байнга сонирхож, хардаг. Lendmn компанийн мэдээлэл олон нийтэд сайн хүрсэн ба компанийн мэдээлэлтэй сайтар танилцсан. Үүний үндсэн дээр хувьцааны захиалга өглөө. Сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн сургалт, гарын авлага нэмэгдсэн. Хувьцаа хадгаламжаас илүү өгөөжтэй гэж боддог.

Компаниуд өөрсдийн мэдээллээ сайн хүргэж байна

Хувиараа бизнес эрхлэгч Б.Мөнхтулга

-Хүмүүс хөрөнгийн зах зээлийг маш их сонирхож байна. Өнгөрсөн онд гарсан “АйТүүлс” компани олон хүнд хувьцааны ойлголт өгч, ашигтай гэдгийг нь батлан харуулсан. Компаниуд өөрсдийн мэдээллээ ч сайн хүргэж байна. Иргэд мэдээлэл аваад хурдан шийдвэр гаргадаг болсон.

Богино хугацааны ашиг харж сонгосон

“Орчлон” сургуулийн сурагч Б.Балжинням

-Богино хугацааны ашиг харж, Lendmn компанийн хувьцааг сонгосон. Өмнө нь “АйТүүлс” компанийн хувьцаа авч, тодорхой хэмжээний ашиг хүртсэн. Миний хувьд компанид итгэж, банкны өртөг өндөртэй үйлчилгээг технологийн ачаар өөрчилж байна. Хүмүүсийн цаг нарыг ч хэмнэдэг боллоо.

Иргэд хувьцааны зах зээл рүү ороод эхэлсэн

Хувиараа бизнес эрхлэгч Э.Жавхлан

-Хувьцаагаар ашиг орлого, амьжиргаагаа иргэд дээшлүүлж байна. Монголд боломж нээгдэж байгаа нь энэ. Иргэд хувьцааны зах зээл рүү ороод эхэлсэн. Мэдээлэл сайн байх хэрээр хувьцаа руу хошуурах боллоо. Зах зээлийнхээ анхдагч учраас Lendmn компанийн хувьцааг авсан.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж