Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун гэргийн хамт Хөдөлмөрийн намын төв байранд БНСУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч, оройн зоог барьсан тухай Хөх ордноос мэдээллээ.
Хоёр талын албаны хүмүүсийн оролцсон хүндэтгэлийн оройн зоог өчигдөр /2018.03.05/ 18.00 цагт эхэлж, дөрвөн цаг гаруй үргэлжилсэн байна. БНСУ-ын Үндэсний аюулаас хамгаалах албаны дарга Чун Е-ён тэргүүтэй өмнөдийн төлөөлөгчид өчигдөр үд дунд Пхеньянд очсон бөгөөд Хойд Солонгосын эрх баригчдыг цөмийн хөтөлбөрөө зогсоож, АНУ-тай яриа хэлэлцээ эхлүүлэхийг ятгах зорилготой юм.
Хүндэтгэлийн оройн зоогт Ким Жон Уны эхнэр Ри Соль-жү байлцсан байна. Мөн өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Пёнчан хотноо болсон өвлийн олимпод зочилсон Ким Жон Уны дүү Ким Ё Жон ч байжээ.
Талууд хэд хэдэн асуудлыг хөндөн ярилцсаны дотор хоёр орны төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах асуудал ч багтсан байна. Хэлэлцээр үр дүнтэй болж, зөвшилцөлд хүрсэн тухай Хойд Солонгосын төрийн хэвлэл мэдээлжээ. Гэхдээ уулзалтын үеэр яригдсан асуудлуудыг нарийвчлан мэдээлсэнгүй. Хөх ордны зүгээс ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.
Пхеньяныг зорьсон БНСУ-ын 10 хүний бүрэлдэхүүнтэй баг өнөөдөр /2018.03.06/ Хойд Солонгосын төлөөлөгчидтэй дахин уулзалт хийсний дараа нутаг буцах ажээ.
С.ЦЭЛМЭГ