Б.Лхагважав: Аж ахуй нэгжийн мөхөх явц нь байгалийн жамтай адил

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Б.Лхагважав: Аж ахуй нэгжийн мөхөх явц нь байгалийн жамтай адил

Б.Лхагважав: Аж ахуй нэгжийн мөхөх явц нь байгалийн жамтай адил

Ирэх хаврын чуулганаар татварын багц хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байна. Энэхүү өөрчлөлт аж ахуй нэгжүүдэд хэрхэн нөлөөлөх талаар Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважаваас тодрууллаа.


-Татварын багц хуулийг өөрчлөхөөр төлөвлөж байна. Эдийн засгийн нөхцөл байдалтай энэ удаагийн өөрчлөлт уялдаж чадах уу?

-Бид бүхэн өнгөрсөн 27 жилээр харах ёстой. Татварын хууль, татварын институт нэг том систем болж өгдөг. Энэ системийн үндсэн зорилго нь Үндсэн хуульд тусгасан эдийн засгийн нөхцлийг хангахын төлөө байдаг. Жишээ нь хувь хүн, аж ахуй нэгж чөлөөтэй бизнес эрхлэх эрхтэй болсон. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын хууль тэрхүү эрхийг хангаж өгдөг. Хувь хүний орлогын албан татварын хуулиар хувь хүн өмчтэй болсон. Хувь хүн өмчөө захиран зарцуулах эрхийг хуулиар нээж өгсөн. Мэдээж татварын хуулийн бас нэг зорилго бол төсвийн орлогыг нэмэгдүүлэх юм. 1992 оноос өмнө коммунист нийгэм байсан учраас иргэн хүн өмчгүй, компани байгуулдаггүй, худалдаа наймаа хийхийг хориглодог байсан. Ингээд нэг системээс нөгөө рүү шилжихэд 15-20 жил зарцуулдаг. Үндсэн хуулиа баталсаны дараа органик хуулиа батлаад, 2007 онд 4:10-ын бодлогоор татварын ерөнхий хуулиудыг баталсан. Өнөөдөр 10 жилийн дараа дахин шинэчлэх гэж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн бүх нөхцлийг хангах гол зорилго руу дөхөж очиж байгаа гэж ойлгож болно.

-Аж ахуй нэгжид ээлтэй татварын бодлогоор дэмжсэн хууль батлагдаж чадах болов уу?

-Иргэн хүн аж ахуй эрхлэх эрхийг татварын хууль бүрдүүлж чадаж байгаа эсэхийг харах хэрэгтэй. Татварын хууль маань Эрүүгийн хууль, Зөрчлийн хуультай холбогдоно. Тэгэхээр бидэнд харах зүйл их бий.

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах гэж байна. Та энэ хуулийг гардаж хийсэн. Тэгвэл одоо яг ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжсэн. Энэ хугацаанд гарсан алдааг засах зорилготой юм. Жишээ нь хөрөнгө оруулалтын НӨАТ-ыг суутгахгүй гэсэн заалт нь аж ахуй нэгжид хүндрэл учруулж байгаа. Үүнийг засаад, суутгадаг болно.

-Х тайлан өгдөг аж ахуй нэгжээс улиралд 60 мянган төгрөгийн татвар авах заалтыг оруулахаар төлөвлөж байна. Нэгэнт үйл ажиллагаа явуулахгүй байгаа байгууллагаас татвар авах нь хэр зохимжтой вэ?

-Аж ахуй нэгж бий болох, мөхөх үйл явц нь байгалийн жамтай адилхан. Тийм учраас аж ахуй нэгж бүртгүүлээд эхний жилүүдэд хөнгөлөлт эдэлдэг. Гурав дахь жилээс бүх татвараа төлөөд эхэлнэ. Хэзээ нэгэн цагт тухайн компани дампуурах буюу өтөл насанд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт олгодог. Бид Үндсэн хуулийг хийхдээ компани байгуулагдсан бол 50-60 жил болдог, компани бол мөнхийн зүйл гэж гэнэн байдлаар хуулиа хийсэн. Өнөөдөр бол өмчүүдийн хоорондын харилцааг маш сайн гаргаж өгөх ёстой. Манай эдийн засаг сүүлийн хэдэн жил яагаад 10 дахин өссөн бэ гэхээр ашигладаггүй капиталуудаа эргэлтэд оруулж эхэлсэн. Тэрхүү капиталаас авч байгаа татвар нь эдийн засгийг 10 дахин өсгөж байгаа тохиолдолд бид татварын системээ эргэн харахгүй бол хуушуур зарж байгаа хүнтэй адилхан байж болохгүй.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж