Бүх дүүргүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Бүх дүүргүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

Бүх дүүргүүдэд хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

Бага насны хүүхдүүд уушгины хатгалгаагаар өвчлөх нь элбэг байдаг. Тиймээс нийслэлийн бүх дүүргүүдэд өнгөрсөн долоо хоногоос эхлэн хатгалгааны эсрэг вакцин хийж эхэлжээ. Ингэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 2,4,9 сартай хүүхдүүдэд гуравдугаар сарын 1-ны өдрөөс эхлэн пневмоккийн эсрэг 13 цэнт вакциныг хийж эхэлсэн юм. Уг вакцин нь бага насны хүүхдийн дархлааг сайжруулж, уушгины хатгалгаа тусахаас урьдчилан сэргийлэх ба дунд чихний үрэвслээс хамгаалах өндөр ач холбогдолтой гэнэ.

Манай улсын хувьд жилд 0-5 насны 27 мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг. Эдгээр хүүхдийн 10-аад мянга нь амьсгалын замын өвчнөөр өвчилдөг бол, дөрвөн мянга орчим нь уушгины хатгалгаагаар өвддөг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад, хүүхдийн өвчлөл эндэгдлийн шалтгааны нэгд уушгины хатгалгаа орж байгаа юм.

Энэ асуудлаар бид өрхийн эмнэлгүүдийг зорьсон юм. Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны өрхийн эмнэлгээр ороход үүдээр нь вакцин хийлгэхээр дугаарлан зогсож буй ээжүүд дугаараа хүлээн суугаа харагдав. Тэднээс уг вакцины ач холбогдлын талаар лавлахад өрхийн эмч нараас мэдээлэл авсан, вакциндаа хоцрохгүй орчихвол үр дүн сайтай байдаг гэсэн хариултыг сонслоо. Зарим ээжүүдийн зүгээс уг вакциныг үнэ төлбөргүй хийж байгаад талархаж буй гэдгээ хэлэв.

Дэлхийд жил бүр 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн дунд уушгины хатгалгааны шалтгаантай нас баралт 1.8 сая бүртгэгдэж байгаагийн 541 мянга гаруй нь “Стрептококк пневмони” хэмээх нянгийн халдвараас шалтгаантай аж. Гэтэл, энэ нян нь 0-2 настай хүүхдийн уушгинд агуулагдаж байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад энэ вакцин харьцангуй сүүлд орж ирсэн бөгөөд 2014 оны байдлаар дэлхийн 95 улс уг вакциныг нэвтрүүлэн хэрэглэж байгаа юм.

Вакциныг одоогоор Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдэд хийж байна.

Ингэхдээ эхний тунг 2 сартай, хоёр дахь тунг 4 сартай, гурав дахь тунг 9 сартай хүүхдэд хийж байна. Өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдаж буй хүүхдүүд харьцангуй цөөн байна гэдгийг өрхийн эмч нар хэлж байлаа. Учир нь зөвхөн 2018 онд төрсөн хүүхдийг вакцинжуулалтад хамруулах гэнэ. Уг вакцины зардал санхүүжилтэд улсын төсвөөс нэг тэрбум гаруй төгрөг төсөвлөгджээ.

Энэ асуудлаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэгтэй уулзаж ярилцлаа. 


Вакцинаасаа хоцорсон бол нөхөн хийлгэх боломжтой

Нийслэлийн эрүүл мэндийн газрын дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн Ж.Энхцэцэг

-Хатгалгааны эсрэг вакцины талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү? Одоогоор ямар дүүргүүд хийж байна вэ?

-Манай улсад энэ вакциныг хийхийн тулд олон жил судалгаа хийсэн. Бид 2007 оноос эхлэн суурь судалгааг хийж байсан. Тэгтэл уушгины хатгалгааны улмаас эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн ихэнх нь энэ төрлийн вирусээр үүсгэгдсэн байхыг олж тогтоосон. Уг судалгаанаас 12-23 сар хүртэлх хүүхдүүдийн талаас их буюу 61 орчим хувь нь уушгины нянг агуулж байдаг. Тэгэхээр энэ вакцин зайлшгүй шаардлагатай. Пневмоккийн эсрэг 13 цэнт вакцин гэдэг нь өөрөө олон хэв шинжтэй. Дэлхий дээр 7 цэнт, 5 цэнт вакцин гэж байдаг.

-Уг вакциныг хийлгэснээр хатгалгаанаас хэдэн хувь сэргийлэх вэ?

-Энэ вакцин нь уушгины хатгалгааны хүндрэл, дунд чихний үрэвслээс сэргийлэх ач холбогдолтой. Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн нөхцөл байдлаас болоод бүх дүүрэгт нэвтрүүлж чадахгүй байсан юм. Тийм учраас 2016 онд хамгийн өвчлөл ихтэй Сонгино-хайрхан, Сүхбаатар дүүрэгт хийсэн. Түүний дараа 2017 онд Баянзүрх дүүрэгт хийж эхэлсэн. Харин энэ жилээс бүх дүүргүүдэд нэвтрүүлж байна. Уг вакцинд 2,4,9 сартай хүүхдүүд хамрагдана. Гэхдээ зайлгүй шалтгааны улмаас хамрагдаж чадаагүй бол дараа сардаа ирээд нөхөөд хийлгэх боломжтой. Зарим нэг хэвлэлүүдээр зөвхөн дээрх сартай хүүхдүүдэд л хийнэ гэж яригдаад байна. Харин гурван дүүрэгт хэрэгжсэн үр дүнгээс харахад уушгины хатгалгаа харьцангуй буурсан үзүүлэлттэй гарсан. Гэвч одоохондоо бүрэн судалгаа гараагүй байна.

-Вакцин хийлгэж буй эцэг эхчүүд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Юуны өмнө вакцин хийлгэхээр ирсэн эцэг эхчүүд зайлшгүй өрхийн эмчдээ үзүүлсэн байх хэрэгтэй. Хэрэв хүүхэд гурван шатлалт вакциндаа хамрагдаж, бүрэн тунгаа авсан бол дархлал өндөр тогтоно гэсэн үг. Хэрвээ вакцины тунгаа дутуу авбал дархлал арай бага тогтоно гэж ойлгож болно. Бидний судалснаар, уг вакцины бүрэн тунгаа авсан хүүхэд нянгаар үүсгэгдэж буй уушгины хатгалгаагаар өвдөхгүй байх магадлал өндөртэй байгаа юм.

-Эцэг эхчүүд 13 цэнт вакциныг томуугийнхтай андуурдаг шүү дээ. Хоёр вакциныг нэг жилд хийлгэж болох уу?

-Иргэд энэ вакциныг томуугийн вакцинтай андуурах тохиолдол бий. Томуу, томуу төст өвчин вирусээр үүсгэгддэг. Харин хатгалгаа бол нянгаар үүсгэгддэг учраас хоёр өөр вакцин. Вакцин хоорондын хугацаа сар байх ёстой. Тэгэхээр эмчтэйгээ ярилцаад, хугацааг нь харж байгаад хоёуланг нь хийлгэх боломжтой. Гол нь нэг вакцин хийлгэснээс хойш дараагийн вакциныг сарын дараа хийлгэх ёстой гэдгийг санах хэрэгтэй.

Энэ онд төрсөн хүүхдүүдийг л вакцинд хамруулна

Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Б.Долгоржав

Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Б.Долгоржав хэлэхдээ “Саяхан өрхийн эмнэлгүүдийн дунд уг вакцины талаарх семинар болж өнгөрсөн. Яг өнөөдөр гэхэд манайд ганцхан хүүхэд л хатгалгааны эсрэг вакцин хийлгэсэн. Манай өрхийн эрүүл мэндийн төв нь 2018 оны нэгдүгээр сард төрсөн хүүхдүүдэд уг вакциныг хийж байгаа. Хамгийн чухал нь эцэг эхчүүд маань дархлааны дараах урвал, хүндрэлийг л анхаарах хэрэгтэй. Мөн вакциныг харьяаллын хүүхдүүдэд хийж байгаа гэдгийг онцлон хэлмээр байна. Түр оршин суугаа хүүхдүүд их байдаг шүү дээ. Тиймээс хорооны ажилтнуудаас сайн асууж лавлан хүүхэд бүрийг орхигдуулалгүй л хийхийг зорьж байна. Энэ вакцин нь хатгалгааны хүндрэлээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй. Вакциныг хоёр ба дөрвөн сартай хүүхдийн зүүн талын гуянд хийж байна. Харин есөн сартай хүүхдүүдэд зүүн гарын бугалгын булчинд хийнэ. Одоогоор вакцины урвалын талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бусад дүүргүүдээс харахад ерөнхийдөө урвал хүндрэл нь гайгүй гэж ярилцаж байна. Нэг зүйлийг анхааруулахад, 2018 оноос өмнө төрсөн хүүхдүүдэд уг вакциныг хийхгүй, зөвхөн энэ онд төрсөн хүүхдийг л хамруулж байгаа.

Энэ тухай:

Сүхбаатар дүүргийн иргэн С

Манай хүүхэд одоо хоёр сар хүрч байна. Вакцинаа хийлгэхийн өмнө өрхийн эмч дээрээ зайлшгүй үзүүлэх хэрэгтэй байдаг. Хатгалгааны эсрэг вакцин хийж буй гэдгийг хорооны ажилтнуудаас сонссон. Яг одоогоор эмчтэйгээ уулзах гээд хүлээж байна. Ер нь манай дүүрэгт энэ жилээс л хийж эхэлж байгаа юм байна лээ. Нярай хүүхдүүд вакцин хийлгэснийхээ дараа халуурах, уйлагнах гээд асуудал их байдаг. Энэ вакциныг харьцангуй бага нөлөө үзүүлдэг гэж л сонссон. Гэхдээ яг өвлийн ханиад томууны үеэр хийгээгүйд бага зэрэг шүүмжлэлтэй санагдаж байгаа.

Чингэлтэй дүүргийн иргэн М

Бид хоёр сая вакциндаа ороод гараад ирлээ. Хэрэв вакциндаа бүрэн хамрагдаад зохих тунгаа авчихвал хатгалгаа тусах эрсдэлээс 90 хувь сэргийлдэг гэж сонслоо. Сүүлийн жилүүдэд агаарын бохирдлоос болж олон хүүхдүүд ханиад томуугаар өвдөж байна. Тиймээс захын дүүргүүдэд аль болох л олон хүүхдийг хамруулах хэрэгтэй гэж санагдлаа. Эцэг эхчүүд ч гэсэн хүүхдээ өвдсөний дараа нь биш урьдчилан сэргийлж, үнэ төлбөргүй вакцинд хамрагдаасай л гэж хүсэж байна.

Баянзүрх дүүргийн иргэн Г

Манайх бага насны хоёр хүүхэдтэй. Бага маань одоо хоёр настай ханиад хүрчихсэн үзүүлэх гээд сууж байна. Хатгалгааны эсрэг вакцин гэж сонсож байснаас биш хийлгэж байгаагүй. Хоёр жилийн өмнө хувийн эмнэлэгт 13 мянгаар хийлгэж байсан санагдаж байна. Энэ вакциныг үнэ төлбөргүй болгосонд их баярлаж  байна. Хүүхэд өвдөх хэцүү шүү дээ. Эм тарианы мөнгө ихээхэн гарзадна, тэр тусмаа бага насны хүүхэд хатгалгаа тусвал заавал эмнэлэгт хэвтэж байж л зүгээр болдог. Одоо вакцинаа хийлгэчихвэл өвөл өвдөх нь бага байдаг юм болов уу.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж