Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ

Ши Жиньпин Хятад мөрөөдлөө биелүүлнэ

Хятадын парламент буюу Бүх Хятадын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн XIII хурлын анхдугаар чуулган энэ сарын 3-нд нээлтээ хийн үргэлжилж байна. Жилд нэг удаа болдог уг хурал энэ гуравдугаар сарын 20 хүртэл үргэлжилнэ.


ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

Энэ удаагийн чуулганаар Хятадын дарга Ши Жиньпинд бүх насаараа төрийн эрх барих мандатыг олгох хууль, эрх зүйн өөрчлөлтийг хэлэлцэхээрээ урьд жилүүдийнхээс илүү олны анхаарлыг татаж байна. Хятадын олон мянган хууль тогтоогчид Ши Жиньпинийг ирэх 2023 онд улиран сонгогдоход саад болж буй Үндсэн хуулийн заалтыг халж, өөрчлөхийг хэлэлцэнэ. Ингэснээр тэрбээр Мао Зедунаас хойш цэргийн хүчийг нэмэгдүүлж, эдийн засгийн хүчирхэгжүүлэн, бүх Хятадыг нэг гарын дор зангидаж чадсан хүчирхэг удирдагч болж байна.

Өдгөө 64 настай Ши Жинпиний эрх мэдэл таван жилийн хугацаатай хоёр удаагийн бүрэн эрхээр хязгаарлагдахгүй болсноор тэрбээр насан туршдаа Коммунист намын дарга, зэвсэгт хүчний коммандлагч байх нөхцөл бүрдэнэ. Чуулганы хуралдаанд оролцогчид Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаарх аливаа асуултад хариулахаас зайлсхийж, “Ши Жиньпин бол аугаа хүн” гэцгээх аж. Гэхдээ Коммунист намын сая гаруй албан тушаалтныг шийтгэсэн авлигын эсрэг кампанит ажлаа үргэлжлүүлж, эхлүүлсэн бусад ажлаа дуусгахад Ши Жиньпинд дахиад таван жил хэрэгтэй гэж улстөрчид үзжээ.

БАТЛАН ХАМГААЛАХЫН ЗАРДАЛ

Хар хослолоор жигдэрсэн, эрэгтэйчүүд голдуу зөвлөлийн гишүүдийн өмнө Ши Жиньпинийг үг хэлсний дараа төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Хятад улс санхүүгийн эрсдэл, ядуурал, байгаль орчны бохирдол зэрэг “гурван хямралын” эсрэг тэмцэж байгааг дуулгав.

Хятадын Засгийн газар эдийн засгийн өсөлтийг энэ онд 6.5 хувьд хүргэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна. Үүний зэрэгцээ Хятад улс батлан хамгаалахын зардлаа энэ онд 8.1 хувиар нэмэгдүүлж, 1.11 их наяд юань буюу ойролцоогоор 175 тэрбум ам.долларт хүргэхээр төсөвлөжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын батлан хамгаалахын зардал тогтвортой байв. Гэвч Бээжингийн парламентын чуулганы өмнө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдэл олон улсын анхаарлыг татсан билээ. Владимир Путин “ОХУ шинэ төрлийн стратегийн цөмийн зэвсэг туршиж, олон улсын түвшинд байр сууриа тодорхойлж, цэрэг зэвсгийн хүчин чадлаа эрс нэмэгдүүлэх технологийн амжилтад хүрсэн” гэж мэдэгджээ.

Хятад улс энэ онд цэрэг, армийн хүчин чадлаа сөнөөгч онгоц тээвэрлэх хөлөг, хиймэл дагуул сөнөөх пуужин зэрэг шинэ зэвсгээр шинэчлэхээр төлөвлөжээ. Улс орны ашиг сонирхлоо хамгаалж, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа бэхжүүлэхийн тулд цэрэг, дайчдыг байлдааны бэлтгэлд дадлагажуулж, олон удаагийн цэргийн сургуулилт зохион байгуулах аж. Хятад улс нь зэвсэгт хүчний хүчин чадлыг 300 мянган бэлтгэл цэргээр нэмэгдүүлэх зорилтоо гурван жилийн дотор биелүүлж чаджээ. Хятад улс өнгөрсөн онд батлан хамгаалын зардлаа долоон хувиар нэмэгдүүлж 1.044 их наяд юаньд хүргэсэн нь АНУ-ын дөрөвний нэгтэй тэнцэж байв. АНУ-ын батлан хамгаалахын зардал 2016-2017 онд 7.6 хувиар нэмэгджээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 617 тэрбум ам.долларыг Пентагонд төсөвлөж, нэмэлт 69 тэрбум ам.долларыг одоо үргэлжилж буй дайн тулаанд зарцуулахаар засгийн газарт төсвийн санал хүргүүлжээ.

АШИГ СОНИРХЛОО ХАМГААЛНА

Чуулганы хуралдааны эхэнд хэлсэн үгэндээ Ли Көцян Тайвань бол Хятадаас хэзээ ч салшгүй бүс нутаг бөгөөд ямарваа салан тусгаарлах далд явуулгыг хүлцэхгүй гэдгийг анхааруулав. Энэ нь Хятад улс Тайвань гэлтгүй Шинжаан-Уйгур, Түвд, Хонгконг зэрэг бусад харьяа бүс нутагт ямар нэгэн салан тусгаарлах үзэл санааг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн санаа аж.

Мэдээж чухал хурал, чуулганы үеэр Хятадын хууль хяналтынхан цахим ертөнцөд тавих хараа хяналтаа нэмэгдүүлжээ. Тухайлбал, Хятадын Твиттер гэгддэг Weibo сүлжээнд “санал нийлэхгүй”, “ эзэн хаан” гэх үгсийг хориглосон байна. Түүнчлэн нэг хэрэглэгч “Бид эзэн хаан түм бум насал! гэж хэлэх ёстой юу эсвэл “түүх түүнийг залхаан цээрлүүлэх үү” хэмээн бичсэн сэтгэгдлийг устгасан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж