Улаан асрын зүүд (71-р бүлэг) | News.MN

Улаан асрын зүүд (71-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.03.05-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (71-р бүлэг)

Улаан асрын зүүд (71-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Далан нэгдүгээр бүлэг

СЭЖИГ ИХТ ХҮН, САНААТАЙГААР СЭЖИГТЭЙ ХЭРГИЙГ ҮҮСГЭЖ, УРАН ХАЖИН ХҮҮХЭН САНААНДГҮЙГЭЭР УРАН ҮЙЛЭНД УЧРАВ

Өгүүлэх нь: хоёр шивэгчин санд мэнд гүйн ирж Бао Юйд “Одоо манайд түргэн оч. Лаое эргэж ирсэн” гэсэнд баяр, зовнил хосолж арга буюу дээл хувцсаа өмсөөд эцгийн амрыг эрэхээр гарав. Жя Жөн хувцас хунараа ч солиогүй Жя Мүгийнд очоод байж байлаа. Бао Юй оруут амар эрж мэхэсхийсэнд, их баярласан, бас уярсан дүр илрэв. Жя Жөн, ажлынхаа тухай баахан ярьсанд Жя Мү “Чи ядарсан учир харьж амар даа” гэв. Хүү нь яаран босоод “За” гэснээ, явдал дундаа хэдэн үг хэлээд ухран гарав. Бао Юй түүнийг дагаж гарсанд, бичиг номын нь тухай л асуув.

Түүнийг Жя Жэнь, Жя Лянь нар нэг өртөөн дээр угтаж авсан ажээ. Тэрбээр нийслэлд зарлигаар ирсэн учир орон гэртээ очилгүй шууд албаны газарт очих ёстой тул угтагсдад “Албаны ажлаа дуусгаад, хамгийн түрүүнд Жя Мүгийн амрыг эрэх учир та нар хариад гэр гэртээ хүлээж бай. Би хаанд бараалхаж, албан явдлаа дуусгаад гэртээ харина” гэсэн ажээ. Богд хаан түүнд өршөөл үзүүлж нэг сарын чөлөө хайрлажээ. Бас нас нь ахиж, албаны хүнд ажилд алжааж байхаас гадна сүүлийн хэдэн жил ямагт гадагш явж эхнэр хүүхэд, ээжээсээ хол байж байгаад ирсэн учир сая л хуран цугласан тэдэнд ихэд баярлан, гадна дотнын ажил хэргийг хойш нь тавиад зөвхөн ном бичиг, уншиж хааяа уйдвал зочин урьж шатар тоглож балга тагш юм оочиж эсвэл гэргий хүүхэдтэйгээ амихнаараа байж ярьж хөөрч өдрийг өнгөрөөж байлаа.

Энэ жилийн найман сарын шинийн гурванд Жя Мүгийн наян насны ой болоход төрөл садан цөм ирвэл найрын ширээ хүрэлцэхгүй болов уу гэж Жя Шө, Жя Лянь нартай зөвлөн долоон сарын хорин наймнаас эхлэн гарах сарын шинийн таван хүртэл Нин, Рун хоёр ордонд найр бэлтгэхээр шийдэв. Нин Гуофүд тусгайлан ноёдыг залж Рун Гуофүд хатдыг залахаар тогтов. Да Гуань Юань хүрээлэнд их цэвэрлэгээ хийж, амарч зугаацах газар болгохоор тогтов. Хорин наймны өдөр хааны ураг, төрлийн хүргэн, ван, гүн, Жюаний түшмэл, гүнж, хатад, төрийн настан өтгөс зэрэг хүмүүсийг залахаар болов. Хорин есөнд дотоод засгийн эрхэм сайд, гадаад захиргааны нэрт жанжнуудыг залахаас гадна гучинд ноёд, зарлигийн сайд, жич ойр төрлийн худ ураг, янаг нөхөд, сэтгэлийн найз нараа залав. Шинийн нэгний өдөр Жя Шөгийн гэрийн найр, шинийн хоёрт Жя Жөнгийн гэрийн найр, шинийн гурванд Жя Жэнь, Жя Ляний, шинийн дөрвөнд Жя овогтны ураг төрлийнхний найр болно. Шинийн таванд Лай Да, Линь Жышяо зэрэг гэрийн мэдээчин нар найр базаахаар болжээ. Долоон сар гармагц насны бэлэг барих хүмүүс тасрахаа болив. Богд эзэн бас ёслолын зурганд зарлиг буулгаж, алтан хашийн чандмань нэг, өнгөт торго дөрвөн толгой, хаш хундага, алтан цөгц, тус бүр дөрөв, цагаан мөнгө таван зуун лан шагнажээ. Юань Цүнь бас тайган илгээж насны баасан нэг, агар таяг нэг, нарийн агар эрхи нэг, өлзий хутгийн хүж нэг хайрцаг, алтан тойг хоёр, мөнгөн тойг найм, өнгөт дурдан арван хоёр толгой, хаш цөгц дөрвийг өгөх болжээ. Бусад хошой тавнангаас эхлэн бичиг цэргийн их бага сайд түшмэд, цөм бэлэг сэлэг хүргэж ирсэн нь тоймгүй. Их танхим дотор том ширээ засаж, улаан эсгий дэвсээд бэлгээр ирсэн уран чамин эдлэлийг дэлгэж Жя Мүд үзүүлэв. Эхний хоёр өдөр ирж үзэж байсан боловч сүүлдээ залхуураад “Фөн охинд өг. Дараа үзье” гэдэг болов. Хорин наймны өдөр хоёр ордонд дэнлүү өлгөж, цацаг зангидаад чимэгт хөшиг татаж, цэцэгт дэвсгэр дэлгэн, бялар бишгүүрийн дууд дуурсаж байв. Нин Гуофүд умард Жюань ван, Өмнөд Жюань ван, өнө бадралт тавнан, эв тэгш цэнгэлт Жюань ван болон үе улиран найртай сайхан явж ирсэн олон гүнгийн хатад байлаа. Жя Мү нар өөр өөрийн өргөмжлөлийн ёсоор хувцаслан тэднийг угтаад учран золгосны дараа их хүрээлэнд орж ивгээлт танхимд сууцгаан цай уугаад дараа нь бадралт танхимд очиж насны баярт мөргөөд сууцгаав. Тэд бүгдээр найрсаг дотно байдлаа илэрхийлж, удаан сууцгаав. Дээд талд тавьсан хоёр суудалд өмнө, умрын хоёр вангийн хатан сууж, тэдний дараа олон сайд түшмэдийн хатад сууцгаав. Зүүн этгээдийн суудлуудад Жин Шянхөү, Линь Чанбогийн хатад сууж, баруун этгээдийн суудалд Жя Мү голлон суув. Шин, Ван хоёр Фүрэнь, Ёу хатан, Фөн Же нар ойр төрлийн бэрүүдийг дагуулан Жя Мүгийн араар хоёр эгнээ болон зогсжээ. Линь Жышяогийн эхнэр, Лай Дагийн эхнэр хулсан орхиулын гадаа охид бэрүүдтэй архи дарс халаалган, ногоо зууш зөөнө. Жөү Рүйн эхнэр хэдэн охины хамт тогооны гэрт хүлээнэ. Зочдын бараа бологсдыг хэдийн өөр газар аваачин дайлжээ. Энэ үе шийний тайзан дээр баяр хүргэхээр гэзэг тавиагүй арван хоёр бяцхан охин, хөвгүүний маягаар хувцаслаад гараа унжуулан зогсож байна. Төдөлгүй нэг хүн ирж шийний нэрсийг хэрэг уламжлах эхнэрт барьсанд, түүнийг Линь Жышяогийн эхнэрт өгсөнд тэрбээр нэрсийг бяцхан тавагт тавин орж ирээд Ёу хатны инж Пэй Фөнд өгөв. Цаадах нь авуут Ёу хатанд өгөв. Хатан хоёр гараар дээр өргөж тэргүүн суудалд очоод өмнөд Жюань вангийн хатанд гардуулсанд талархаад, өлзий бэлэгтэйг эрж нэгийг заав. Дараа нь умарт Жюань вангийн хатанд барьсанд бас нэгийг сонгов. Дараалан найр тавьж барьсанд хэн нэг нь “Сайныг нь л олоод дуулуулбал болно” гэж хэлэв.

Энэ бүхний дараа зоог барьж, ногоо шөл хэдэнтээ авчрав. Тэгээд цай ууцгааж байтал өмнөд Жюань вангийн хатан, Бао Юйг асуусанд Жя Мү инээн: “Өнөөдөр хэдэн сүмд “Өлзий хутаг найман гэгээн” ном хуруулж байгаа тул тэр мөргөхөөр явсан” гэсэнд, цаадах нь авхай нар чинь хаана байна вэ гэж асуув. Жя Мү инээж: “Тэр эгч дүү нарын зарим нь дорой биетэй юм. Өнөөдөр бол өвдөх нь өвдөөд, зарим нь бүр олон хүнээс гэрэвшдэг болохоор нь гэр сахиулахаар орхисон. Зарим нь бас тэр танхимд ший үзэж байгаа байх” гэсэнд мөнөөх вангийн хатан: “Тийм бол дуудуулж ирүүлтүгэй” гэсэнд Жя Мү, Фөн Жед: “Шы, Шюэ, Линь авхай, гуравдугаар охин дүүгээ дуудаад ир” гэв. Тэднийг дуудахаар очвол жимс идээд ши үзэж суув. Бао Юй сүмээс ирчихсэн байв. Фөн Же тэдэнд учрыг хэлбэл, Бао Чай эгч дүү хоёр, Шян Юнь, Дай Юй нар ирж олон зочны амрыг эрэв. Тэр олны дотор тэдний таних ч хүн байв, танихгүй ч хүн зөндөө байв. Зочид тэднийг хараад баясан сайшаав. Өмнөд Жюань вангийн хатан урьд нь таних учраас Шян Юнийг танимгайрхан инээж:

-Энд байсан мөртөө чи, надтай уулзахгүй, бас дуудуулахыг хүлээж байсан байх нь ээ. Маргааш би авгатай чинь ярина шүү гээд Тань Чүнь, Бао Чай хоёрын гараас барьж: “Арван хэдтэй болов” гэж асуугаад магтсанаа Дай Юй, Бао Чинь хоёрын гарыг барив. Тэгээд ажиглан шинжээд “Цөм сайхан охид байна. Хэнийг нь илүү магтахаа мэдэхгүй байна” гээд инээв. Энэ зуур, хүн яваад бэлэг аваад иржээ. Алтан хашийн бөлзөг, сувдан бугуйвч тус бүр тав харагдана. Жюань вангийн хатан инээж:

-Бэлгийг битгий чамлаарай. Хожим шивэгчин охиддоо өгнө биз гэсэнд тэд яаран хишигт мөргөөд бэлгийг хүлээн авав. Умарт Жюань вангийн хатан бас таван зүйлийн бэлэг өгчээ. Зочид цай уугаад, хүрээлэнгээр баахан зугаалцгаав. Дараа нь Жя Мү тэднийг найрт залав. Өмнөд Жюань вангийн хатан

-Бие сайнгүй байна. Өнөөдөр энд ахайтны баярт ирэхгүй байж болохгүй учраас ирсэн юмаа. Ингээд намайг бусдаас түрүүнд буцахыг ахайтан өршөөх болов уу гэсэнд Жя Мү хүчлэн шаардаж чадсангүй. Нэгэн зэрэг талархал хүргээд хүрээлэнгийн үүд хүртэл үдээд сүйхэнд нь суулгав. Умарт Жюань вангийн хатан бас төдий л удалгүй явав.

Жя Мү ийнхүү бүтэн өдөр энд байж ядраад дараачийн өдрийн үйл явдлыг Шин Фүрэньд хариуцуулав. Сурвалжит айлын хүүхдүүд, ач зээ нар ирж баярт мөргөвөөс тэднийг Жя Шө, Жя Жөн, Жя Жэнь нар угтан авч ёсыг гүйцэтгэн хариулаад Нин Гуофүд аваачин найрлаж хүндэтгэл үзүүлснийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ хэд хоногийн туршид Ёу хатан зочин дайлж дараа нь Жя Мүгийнд очиж Фөн Жетэй бэлэг сэлтийн зүйлсийг хураан алт мөнгөн хундага, савх, пял таваг мэтийг бүртгэлцэж хариу бэлэг төхөөрч шөнөдөө Ли Ванийд хонодог болов. Өнөөдрийн оройн хоолны дараа Жя Мү “Бид цөмөөрөө ядарчээ. Бага сага юм олж идээд эртхэн амарцгаа. Маргааш бас л эрт босно шүү” гэв. Ёу хатан “за” гэж гараад Фөн Жегийн тэнд очвол, тэрбээр бэлэгт ирсэн халхавч хөшгийг хураалгаад, Пин Эр, найнайгийнхаа хувцсыг эвхэж байв. Пин Эрийн Ёу Эр Жег анхааран тусалж байсныг санаад толгой дохиж: “Чи үнэхээр сайн охин. Чиний мэтийн ийм сайн хүн, хэзээд ийнхүү явна уу” гэсэнд цаадахын нь нүдэнд нулимс хурж яаран өөр үгээр дүйвүүлэв. Ёу хатан инээж: “Найнай чинь хоолоо идсэн үү” гэж асуусанд Пин Эр инээж: “Хоол идэхэд найнайг яаж дуудахгүй байхав” гэв. Ёу хатан: “Тийм бол би өөр газраас хоол олж идье. Өлбөрөх гэж байна” гэсээр яван завдтал Пин Эр: “Найнайг түр хүлээ. Энд бэлэн боовоор амны заваа гаргаж байгаад хоолонд явахгүй юү” гэв. Ёу хатан:

-Та нар их ажилтай байх шиг байна. Би хүрээлэнд очиж тэр эгч дүүсийг үймүүлье гэсээр явсанд Пин Эр гэр рүүгээ оров.

Тэндээс Ёу хатан яваад хүрээлэнд очвол гол болон хажуугийн хаалгануудыг хаалгүй, өнгө өнгийн чимэгт дэнлүү өлгөсөн харагдана. Бяцхан шивэгчнээр жасааны эхнэрийг дуудуулсанд, тэнд хүн байсангүй. Тэгэхээр нь мэдээчин эхнэрийг дуудуулав. Шивэгчин охин яваад, хоёрдугаар хаалганы гаднах мэдээчин эхнэрүүдийн цугладаг гэрт орвол хоёр эхнэр ногоо, жимс идэж суув. Охин:

-Энд мэдээчин найнай байна уу. Тэртээх хүрээний найнай ирээд эндэхийн найнайг дуудаж байна гэсэнд, тэр хоёр эхнэр жимс ногоо хувааж, ажилтай байхын хамт зүүн ордны найнай гэхээр үл ойшоон: “Мэдээчин найнай нар явсан” гэв. Шивэгчин охин: “Тийм бол тэднийгээ дууд” гэв.

Хоёр эхнэр “Бид гэр сахидаг болохоос хүн дууддаг улс биш. Охин чи хүн дууддагийг нь олоод дуудуул” гэв. Охин мөчөөгөө өгөлгүй:

-Яаж байгаа юм бэ, та нар! Яагаад хүн дуудах нь та нарт хамаагүй болчихов. Та нар шинэ хүүхдийг хуурч чаддаг боловч намайг арай үгүй байлгүй. Та нар хүн дуудахгүй юм бол хэн дуудах юм бэ? Олз омогтой юм таарах буюу аль нэг мэдээчин найнайд шан буусан бол нохой яс булаалдах мэт тэмцэлцэн очно биз. Лянь эр найнайгийн захиа байсан бол та нар ингээд хэгжүүрхэн сууж чадах уу гэж асуув. Тэр хоёр эмгэн архи ууж халамцсаны дээр энэ шивэгчнээр эмзэг газраа тоншуулсан тул хилэгнэж,

-Чи битгий унгас алд! Хүн дуудах уу, дуудахгүй юү гэдэг чамд огт хамаагүй. Чи бидэнтэй хэрэлдэхдээ, эцэг эхийгээ бас бодоорой. Тэндхийн мэдээчин нарын өмнө долдойлж байна уу. Гал голомтондоо шүү. Чи чадалтай юм бол явж тэндхийн хүмүүсийг очиж захиртугай. Энд бол чи хэрээн мэдэх хэрэгтэй шүү гэв. Шивэгчин охин, царай хажийлгоод “Уухайс, унатал тустал хэлж байх шив” гээд гарав.

Энэ үед И Хун Юань хүрээлэнд Ши Рэнь, Бао Чинь, Шян Юнь гурав бодисадвагийн сүмийн хоёр чавганцтай үлгэр ярьж байхад нь Ёу хатан орж очив. Тэрбээр оруутаа: “Өлсөж байна” гэсэнд Ши Рэнь боов боорцог авчирч хатанд өгөв. Тэгтэл өнөөх бяцхан шивэгчин Ёу хатныг эрсээр олоод иржээ. Тэгээд хоёр эмгэний хэлсэн үгийг хэлэв. Ёу хатан хүйтнээр инээгээд: “Тэр чинь ямар гээч улс вэ” гэж асуусанд, үлгэр ярьж байсан хоёр чавганц охиныг нударч: “Чи тэр мангуу эмгэний үгийг энд мэдүүлэх хэрэггүй байсан юм. Чиний уур их хүрчээ дээ. Найнайгийн эрдэнийн бие хэдэн өдөр чилээрхсэний дээр шөл ус ч олж уугаагүй яваа юм байна шүү. Бид энэ хүнийг аргадан баярлуулбал зохих байтал чи ийм юм ярьж яана вэ” гэсэнд Ши Рэнь:

-Дүү минь чи явж амар даа. Би хүн явуулаад тэднийг дуудуулъя гэсэнд Ёу хатан:

-Хүн дуудаад юү хийхэв. Чи очоод тэр хоёр эмгэнийг дуудахын хамт Фөн Жег бас дуудаад ир гэв. Ши Рэнь инээж

-Тэгье тэгье, би дуудаад ирье гэсэнд Ёу хатан инээж:

-Чамайг явуулахгүй гэсэнд хоёр чавганц яаран босоод:

-Найнай уудам өршөөлтэй хүн байтлаа өнөөдөр тэр хүндэт настны ойн баярын өдөр ундууцвал, хүмүүс илүү үг хэлэх болуузай гэв. Бао Чинь, Шян Юнь хоёр бас инээн хориглов. Ёу хатан:

-За яахав. Лао тайтайгийн насны баяр таараагүй бол би тэднийг хэрхэвч хэлтрүүлэхгүй. Тэгж л бай гэв.

Ийн ярилцаж байх зуур, Ши Рэнь нэг охин явуулаад хүрээлэнгийн гаднаас хүн ирүүлэв. Өнөөх охин Жөү Рүйн эхнэртэй таараад болсон явдлыг нэгд нэгэнгүй ярьжээ. Тэр эхнэр гэрийн мэдээчин биш боловч Ван Фүрэний гарын инж болох тул нэр нүүртэй бөгөөд зальтай сэргэлэн бялдуучлахдаа ч гаргууд хүн юм. Тиймдээ энэ айлынхан цөм түүнийг таашаана. Сая ийм юм болсныг сонсоод сандран И Хун Юаний зүг гүйж хүрээд “Тэр яаж болох вэ. Найнайг зориуд тачаадуулсан байна. Би даанч тэнд байсангүй. Байсан бол хэд алхаад, яриа болгоно” гэв. Ёу хатан инээж:

-Жөү эгчээ би чамд нэг юм хэлье. Өдий болтол энэ хүрээлэнгийн үүдийг хаахгүй, дэн зул шатаасаар орхижээ. Орж гарах хүн өчнөөн олон байтал сэрэмжлэхгүй байж яаж болох вэ. Чухамдаа жасаанд суугаа хүмүүсийг дэнгээ унтрааж үүдээ хаа гэж хэлэх ёстой. Одоо бол хүний бараа ч алга гэсэнд Жөү Рүйн эхнэр

-Энэ үнэхээр хайхарсангүй. Ингэж болохгүй. Саяхан найнай бас хэлж л байсан. Одоо тэгтэл тэнд хүн алга. Тэднээс нэг хэдийг занчин залхаагүй бол болохгүй нь ээ гэхэд нь Ёу хатан, шивэгчнийг очиход харааж зүхсэнийг нь бас хэлэв. Мөнөөх эхнэр,

-Найнай битгий нэг их ундууц. Би мэдээчинд хэлж тэднийг үхтэл нь занчуулаад хэн нь “Гал голомт өөр учир хамаагүй” гэснийг ч мэдэж авна. Би бол тэдэнд дэнгээ унтраа гэж хэлсэн юм шүү. Найнай битгий уурлаарай гэж хэлтэл Фөн Жегийн тэндээс хүн ирж Ёу хатныг хоолонд залав. Түүнийг явахаас урьд Жөү Рүйн эхнэр гарч гүйгээд Фөн Жегийнд очиж болсон явдлыг хэлсэнд цаадах нь: “Тэр хоёр эмгэнийг олоод хүлээд тэртээх хүрээнд хүргэж Да найнайгаар шийтгүүл. Жанчиж залхаах буюу өршөөж уучлахаа өөрөө мэд гэж хэл. Энэ бол их хэрэг шүү” гэв. Гай болж өнөө хоёр эмгэн нь Жөү Рүйн эхнэртэй таардаггүй улс байсанд ихэд баярлаж гарч ирээд нэг зарцыг явуулж Линь Жышяогийн эхнэртэй Фөн Жегийн хэлснийг хэлүүлээд түргэн ирж найнайтай уулз гэхийн хамт мөнөөх хоёр эхнэрийг барьж хүлүүлэн морины хашаанд оруулаад хүнээр сахиулав. Линь Жышяогийн эхнэр ямар хэрэг гарсныг мэдээгүй тул сандарч унаа хөлөглөн явсаар Фөн Жетэй уулзахаар ирэв. Дотоод хаалганд очоод цааш мэдүүлтэл охид гарч ирж “Найнай сая хэвтсээн. Их найнай хүрээлэнд байгаа тул тийш очтугай” гэв. Мөнөөх эхнэр тийш яарч Дао Шян Цүньд очив. Шивэгчид цааш мэдүүлсэнд, Ёу хатан эвгүйцэж, дуудаж оруулаад инээж:

-Би нэг хүн эрээд ололгүй, чамайг сурагласан юм. Чамайг харьсаныг сонсоод больсон. Тийм сүрхий юм бишээ. Тэгтэл чамайг хэн дуудчихав аа. Чамайг дэмий нааш ирүүлжээ. Хэрэг нэгэнт дууссан гэв. Линь Жышяогийн эхнэр инээж: “Эр найнай над руу хүн явуулж таны захиас бий гэж хэлүүлжээ” гэв. Ёу хатан: “Түүнийг ч бараг Жөү эгч хэлсэн байхаа даа. Гойд юм бишээ” гэтэл Ли Вань, түрүүчийн явдлыг хэлэн завдтал хатан дохиогоор болиулчихав.

Тэгээд Линь Жышяогийн эхнэр хүрээлэнгээс гартал яг Жао бага эхнэртэй таарав. Бага эхнэр “Эвий бэргэн минь өдий болтол харихгүй яаж яваа юм бэ дээ” гэсэнд цаадах нь инээгээд, энд ирээд буцаж буй учраа тоочив. Бага эхнэр “Үүнийг ямар ажил гэх юм бэ. Энэ чинь, хэрэгсэхгүй өршөөж ч болох, эсвэл хэдэн ташуур өгөөд болох л төдий юм шүү дээ. Бас тэгээд чамайг дуудаж авчирна. Одоо харьж амар, амар. Би ч чамайг цай уулгаж саатуулахаа болилоо гэв. Линь Жышяогийн эхнэрийг хаалгаар гарах гэж явтал өнөөх хэгжүүн хоёр эхнэрийн охид ирж уйлан гуйв. Линь овогт эхнэр инээж

-Энэ хүүхдүүдийн тэнэгтэй байгааг хараач. Хэн тэднийг архи дарс ууж, дэмий чалч гэсэн юм бэ. Нэгэнт хэрэг гарсаныг би мэдээгүй байхад Эр найнай тэднийг хүлүүлээд нэгэнт шийдсэн юмыг чинь, би өөрөө бас буруутай мөртөө одоо хэнээс гуйх юм бэ гэсэнд арваад насны хоёр охин яах учраа олохгүй дэмий л уйлна. Линь эхнэр эднээс яаж салах аргаа олохгүй гайхсанаа “Эргүү амьтад, гуйх хүнээсээ гуйхгүй. Зүгээр байгаа хүнтэй зууралдаад байх юм. Чамд үг зааж өгье. Чиний эгч, тэртээх ордны их Тайтайгийн гарын инж Фэй Данянгийн хүүгийн гэргий болсон тул эгчдээ хэлж худгуй ижийгээрээ их Тайтайгаас гуйлгавал тэрүүхнийг бүтээж чадахгүй гэж үү” гэв. Хоёр охины нэг нь ойлгосон ч нөгөөх нь уйлсаар байлаа. Линь эхнэр уурлаж

-Чи яасан эргүү амьтан бэ. Тийш нь очиход л болчихно гээд байхад, үг авахгүй юм. Нэгийг нь тавиад нөгөөг нь шийтгэх гэж байхгүй. Шийтгэвэл ч адилхан, тавивал ч адилхан гэж хэлээд тэргэнд суугаад явчихав. Охид түүний хэлснээр явав. Нэг охин нь эгчдээ хэлэв. Тэр нь Фэй эмгэнээс гуйсанд, тэр нь их авиргүй хүн тул, хэрмийн цаанаас харааж хашгиран ирж Шин Фүрэньд гомдол гаргав. Тэрбээр

-Манай худгуй Да найнайгийн шивэгчинтэй хэдэн үг булаалдсанаар Жөү Рүйн эхнэр, Эр найнайг өдөөж, хүлүүлээд морины хашаанд орхижээ. Хэд хоногоос занчин шийтгэнэ гэнээ. Тайтай, хоёрдугаар найнайд хэлж энэ нэг удаагийн явдлыг хэлтрүүлнэ үү гэж гуйв.

Шин Фүрэнь, Юань Янгаас болж нэр нүүрээ бараад Жя Мүгаас хөндийрсөн бөгөөд өчигдөр өмнөд Жюань вангийн хатан ирсэнд эгч дүүсээс Тань Чүнийг сонгож олны өмнө гаргасанд дургүйцжээ. Түүнээс гадна бас хэсэг хүн Фөн Жед атаархан хорсож Шин Фүрэнийг өдөөсөнд тэрбээр түүнийг үнэхээр жигшжээ. Энэ өдөр бас ийм юм болсонд огт дуугарсангүй.

Маргааш өглөө нь бүгд цуглаж, Жя Мүгийн амрыг эрсний дараа гэнэт гарав. Энэ өдөр цугласан хүмүүсийн гол нь ойр төрлийнхний хөвгүүд ач зээ нар байв. Жя Мү ч баясаж, төв танхимд ороод олны ёслохыг хүлээж байв. Танхимын голд нэг ор тавьж түшлэг тэргүүтнийг бэлтгэж Жя Мүг суулгав. Орны эргэн тойронд жижиг сандал тавьжээ. Бао Чай, Бао Чинь, Дай Юй Шян Юнь, Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь нар тойрон сууна. Жя Бияний эх, охин Ши Ингээ дагуулж, Жя Чюнгийн эх, Сы Жегээ авчирснаас гадна хориод хүн иржээ. Жя Мү үзэсгэлэнт охид Ши Ин, Сы Же хоёрыг ихэд Шохоорхон тэднийг орныхоо дэргэд, суулгав. Харин Бао Юй ор дээр суугаад Жя Мүгийн хөл нурууг базаж дарж өгч байв. Тэргүүн суудалд Шюэ Има сууж түүнээс доош үе зэргийн дэс дарааллаар суужээ. Урьдаар бүсгүйчүүл, дараа нь бүстэйчүүл хэсэг хэсгээр ёсолсонд Жя Мү ор дээр хажуулан талархана. Дараа нь Лай Да нар гэрийн боол зарц нарыг дагуулан ёслолын хаалганаас эхлэн танхим хүртэл жагсан сөгдөж мөргөв. Зарц эхнэр, шивэгчин охид цөм мөргөв. Тэднийг ийн үйлдэж байтал болжморуудтай чингэлэг авчирч хүрээний дунд тавиад, хаалгыг нээж буян үйлдэж байна хэмээн бэлгэдэв. Жя Шө нар насан хутгийн цаас шатаан тэнгэр газарт өргөсний дараа сая найр эхэлж, ший дуулав.

Үдээс хойш Жя Мү, Фөн Жег дуудан Ши Ин, Сы Же хоёрыг үлдээн энд хэдэн өдөр тоглож наадуулаад явуул гэж хэлэв. Фөн Же ч эхэд нь дуулгавал тэд дуртай байв. Угаас тэд бол Фөн Жегийн анхааралд байдаг бөгөөд тоглож наадах дуртай улс болохоор орой болсон хойно ч буцсангүй. Тэр орой найр тарахын алдад Шин Фүрэнь олны өмнө Фөн Жег царайчлан инээж:

-Өчигдөр үдэш хоёрдугаар найнай хилэгнэж, Жөү Рүйн эхнэрээр хоёр эмгэнийг хүлүүлэв хэмээн сонсов. Ямар ял үйлдсэнийг мэдэхгүй. Чухамдаа би, гуйх ёсгүй. Гагцхүү Лао тайтайгийн өлзийт өдөр амуу, зоос түгээн ядуу доордыг тэтгэж байх байтал бид харин хөгшин боолоо зовоон тарчлаах гэж үү? Хэдий миний нүүрийг бодохгүй боловч Лао тайтайгийн нүүрийг бодож тэднийг тавьтугай гэж хэлээд тэргэнд суугаад явж одов.

Олон хүний дунд Фөн Же ийм үг сонсоод ичих, уурлах хосолж, хэлэх үгээ олохгүй байгаа бололтой нүүр нь час улайж Лай Дагийн эхнэр ийн зүг ширвэж хараад, хүйтнээр инээн:

-Энэ юу болж байна вэ. Өчигдөр манай эндэхийн хүн, тэртээ хүрээний их найнайд эвгүй хандсанаар би их найнайг юм сануузай хэмээн тэднийг түүгээр тавиулах гэж бодсоноос биш, миний хийсэн буруу ажил бишээ. Бас ямар гэгч тийрэн савдаг нь юун ч түргэн очоод хэлчихдэг юм бэ дээ гэсэнд Ван Фүрэнь: “Ямар юм болоов” гэж асуув. Фөн Же инээж, өчигдрийн явдлыг тодорхой ярив. Ёу хатан: “Би ч түүнийг чинь мэдээгүй шүү. Чи үнэхээр хэрэгт дуртай юмаа” гэсэнд Фөн Же:

-Би чамайг бодоод л, тэрүүгээрээ шийдчихэг гэсэн юм. Энэ чинь ёс төдий л юм шүү дээ. Үнэндээ, танай тэндхийн хүн манай энд ёс бус юм хийвэл чи ийм бодно шүү дээ. Ямар итгэлтэй сайн боол байсан ч энэ ёсноос хэлтэрч болохгүй. Ямар долдойлох юмаа олж ядсан амьтан, тэнд очиж, нэг их юм болгож хэлээд байгаа юм мэдэхгүй байна гэсэнд Ван ФүРэнь: “Тайтайгийн чинь хэлж байгаа Жэнь бэргэн чинь бас гадны хүн биш байтлаа ийм хоосон ёсоор юугаа хийнэ. Лао тайтайгийн насны баяр онцгой явдал тул шалавхан очоод тэднийг явуулчих” гэв. Ингэж хоёр эмгэн суллагдав.

Фөн Же энэ мэтийн юманд гомдон тачаадаж, гутран нулимс унагасаар хариад байж байтал Жя Мүгийн тэндээс Ху По очиж: “Түргэн ир гэж байна. Зүв зүгээр байснаа, юу болсныг мэдэхгүй. Тэнд чамайг зогсоогоор хүлээж байна” гэв. Фөн Же нулимсаа арчин нүүр царай, үс гэзгээ янзлаад Ху Погийн хамт очвол Жя Мү: “Ирсэн бэлэг дотор халхавч хөшиг хэд байна вэ” гэж асуув. Цаадах нь:

-Бүгд арван зургаа байна лээ. Их халхавч арван хоёр, ханзны халхавч дөрөв. Жэнь овогтны ирүүлсэн “Ор дүүрэн утаа” хэмээх хатгамалтай арван хоёр ханат улаан дурдан халхавч, “Урт насны зураг” хэмээх алтадсан халхавч бол тэргүүн зэрэгт орно. Ү овогт өмнөд далайн жанжны ирүүлсэн шилэн халхавч бас байна лээ гэсэнд Жя Мү: “Тийм бол энэ хоёрыг хөдөлгөхгүй сайхан тавьж бай. Хожим хүнд өгнө” гэв. Юань Ян урагш дөхөж, Фөн Жегийн царайг харсанд Жя Мү “Чи наадахаа танихгүй юү. Юуг нь хараад байгаа юм бэ” гэсэнд “Үүний нүд яагаад улайж хавдсан юм бол гэж гайхсан юмаа” гэв. Жя Мү “Нааш ир” гээд ажиглав. Фөн Же: “Загатнаад байхаар нь нухалчихсан юмаа” гэв. Юань Ян:

-Бас хэн нь тачаадуулсан юм бол гэж бодсон юмаа гээд инээв. Фөн Же:

-Хэн намайг тачаадуулж чадах вэ. Хэдий баахан халдаж яддаг боловч Лао тайтайгийн насны баяр болж байхад уйлах ёс байна уу гэсэнд Жя Мү:

-Зүйн хэргээ! Би одоо хоол идэх гэж байна. Чи Жэнь бэртэй цуг энд хоол идээрэй. Та хоёр энд чавганц нартай хамтран бурханы хишгийг хүртэж насан хутаг гуйтугай. Авхай нар, Бао Юй цөм хоол идсэн тул одоо та хоёрт хүртээе. Намайг алаг үздэг хүн гэж битгий бодоорой доо гэв.

Тэгээд цагаан хоол оруулж хоёр чавганцад идүүлээд бор хоолыг Жя Мүд идүүлэв. Фөн Же, Ёу хатан хоёрыг хоол идэж байтал Ши Ин, Сы Же хоёрыг ирүүлж тэдэнтэй цуг хоол идүүлэв. Тэд хоол идэж дуусаад гараа угааж, хүж шатаан, хэсэг буурцаг дээш өргөв. Хоёр чавганц тарни уншив. Дараа нь буурцгийг түүж саванд хийсний дараа: “Маргааш чанаад тоонолжин зам дээр аваачиж өглөг өгтүгэй” гэв. Жя Мү ор дээр хажуулаад чавганц нарын үйлийн үр номлохыг чагнаж байв. Фөн Же нүдээ нухаагүй уйлсныг Юань Ян, Ху Погаас сонсоод дараа нь Пин Эрээс лавлаад, үдэш хүний хөл татарсан хойно Жя Мүд: “Найнайгийн уйлсан нь үнэн байна. Тэртээх ордны их Тайтай олны өмнө Эр найнайг загнасан гэнээ” гэж хэлэв. Жя Мү: “Юунаас болж” гэж асуусанд Юань Ян, хоёр согтуу эмгэнээс болсон явдлыг тодорхой хэлжээ. Жя Мү,

-Энэ бол Фэн охины эмзэг газар. Миний насны баяр гээд боол зарцыг дураар нь тавьж ураг төрлийн эздийг муудалцуулна уу. Энэ бол их Тайтай чинь баахан дургүй байснаа гаргаж чадахгүй явсаар, энүүгээр далимдуулан гаргаж цаадахын чинь нэрийг хугалж байгаа нь тэр… гэтэл Бао Чинь орж ирээд дуугүй болов. Жя Мү гэнэт Ши Ин, Сы Же хоёрыг авч хоцорсноо санаад

-Тэднийг авхай, охидуудтай адил харгалзаж байгаарай. Тэгэхгүй бол би хүлээхгүй шүү гээд хүрээлэн рүү хүн явуулж тэдэнд сайн захисугай гэв. Эмгэдийг явъя гэсэнд Юань Ян, тэд эдний үгийг юү гэж сонсох вэ гэж бодоод: “Би өөрөө очиж хэлнээ” гээд гарав. Тэрбээр урьдаар Дао Шян Цүньд орвол, Ли Вань, Ёу хатан нар байсангүй учир сураглавал, “Цөм гуравдугаар авхайнд байгаа” гэж дуулдав. Тэгээд тэнд очвол тэд шуугилдаж байв. Түүнийг хараад: “Чи ийм орой юугаа хийж явна вэ” гэсээр найр тавин суулгав. Юань Ян “Би үүгээр явж болохгүй юү” гээд Жя Мүгийн хэлж захисныг дамжуулав. Ли Вань, гэрийн мэдээчдийг дуудан ирүүлж Жя Мүгийн үгийг уламжилсны дараа Ёу хатан инээж:

-Лао тайтай завдаатай боддог хүн шүү. Мань мэтийн идэр залуу арван хүн нийлээд ч Тайтайд хүрэхгүй гэсэнд Ли Вань:

-Бид ч горьгүй ээ. Харин Фөн охины ааш, ов мэх ойртож магадгүй гэв. Юань Ян:

-Больж үзээ. Юун Фөн охин, энэ тэр вэ! Тэр бас ч үнэхээр хөөрхий байгаа шүү. Хэдийгээр энэ хэдэн жил Лао тайтай, бусад Тайтай нарын өмнө алдаа дутагдалгүй явж ирсэн боловч хичнээн олон хүнтэй битүү өшөө зангидсаныг бүү мэд. Ганцхан үгээр хэлбэл, хүн болж явна гэгч үнэхээр амаргүй юмаа. Номхон, арга бодлогогүй байх юм бол хадам эх нь голж, боол зарц ч айж эмээхгүй болдог юм байна. Харин баахан арга ухаантай байх юм бол “Нэгийг олоод нөгөөг алдана” гэгч болдог юм байна. Одоо манай энд улам ч тодорхой болж байна. Шинэ найнай нарын ая тавд нийлүүлнэ гэвэл үнэхээр бэрх бололтой юм. Өчүүхэн төдий эвгүй явдал гарахад л даруй ар хойгуур нь элдвийг хэлж, ам хэлээ билүүдэж, хатгаж шөтгөн холдуулдаг юм байна. Би Лао тайтайг ундууцах вэ гээд болгоомжлон хэлэхгүй байгаа юм. Тэр бүхнийг хэлээд тайван байх аргагүй болно. Наад зах нь, Лао тайтай, Бао Юйг илүү хайрлахад л ялгаварлалаа гээд гомдоно. Одоо Лао тайтай, гуравдугаар авхайг жаахан илүү санахад зарим хүн таагүй л байгаа гэнэлээ. Үнэндээ инээдтэй юмаа. Би энэ үгийг гуравдугаар авхайн нүүрэн дээр зориуд хэлж байгаа юм биш шүү гэсэнд Тань Чүнь инээж:

-Мунхаг хүн олон байгаа. Яаж тэр бүхнийг ярьж чадах вэ. Миний бодоход, өчүүхэн доорд айлд илүү дээр юм их байна. Тэд ядуу боловч эмс охид нь үргэлж баяр хөөртэй явдаг. Бүгд сэтгэл амар аж төрнө. Манай мэтийн айлынхан бол авдар дүүрэн алт мөнгөтэй болохоор амар жимэр амьдарна гэж санах боловч цаана нь хэлж болшгүй хэцүү төвөг нуугдаж байхыг яаж мэднэ вэ гэв. Бао Юй,

-Хэн, гуравдугаар охин дүүгийн адил тэр их олон юмыг санаж, тэр их юмыг хамаарч яаж завдах вэ. Тэр олон дэмий хэрэг, тэр дэмий үгийг битгий сонс гэж би чамд үргэлж хэлдэг. Баян эрхмийг түшиж, баярлан цэнгэлдвэл барав. Манай мэтийнхийг ийм ариун буянгүй хүмүүсийн дэмий л аашлахтай яаж адилтгаж болох вэ гэсэнд Ёу хатан

-Чамтай адил ийм сэтгэл амар явах хүн хаа байхав. Өдөржин эгч дүүстэйгээ наадаж, өлсвөл идэж, ядарвал унтаж, хожмын явдлыг огт бодохгүй байж яаж болно вэ гэсэнд Бао Юй инээж:

-Би эгч дүү нартайгаа өдөр хамт байвал тэр өдрийн жаргал болдог. Үхвэл бүх юм дуусах тул бас юуны хожмын явдлыг бодно вэ гэв. Ли Вань нар цөм хөхөрч,

-За чалчаад эхэллээ. Өөдгүй чи, хэзээд энд суухаар бодсон ч эгч дүү нар чинь бүгдээр харь газар явахгүй гэж үү гэсэнд Ё хатан инээж:

-Чамайг хоосон нэг сайхан өнгө зүстэй төржээ гэдэг нь зөв байх нуу. Үнэхээр мунхаглах юмаа чи гэв. Цаадах нь инээж:

-Орчлонгийн явдал оосоргүй гэдэг. Хэн үхэж, хэн сэхэхийг яаж мэдэж байгаа юм бэ. Би хэрэв өнөө маргааш ч юм уу эсвэл энэ жил, за яахав хойт жил ч болог, үхэж дуусвал бас ч нэг насны жаргал гэж болно гэж хэлтэл цаадуул нь “За бүр чалчиж гарлаа. Үүнтэй ярих хэрэг алга. Энүүнтэй яриад байвал эргүү солиотой ч болж магадгүй” гэцгээн дооглов. Ши Ин инээж:

-Хоёрдугаар ах битгий юм ярь. Эндэх олон эгч дүү цөм харьд мордоод явчихвал Лао тайтай, бусад Тайтай нар уйдах тул би ирж чамд хань болъё гэсэнд Ли Вань Ёу хатан хоёр бараг зэрэг:

-Охин минь, тэнэг юм битгий ярь. Чи харьд очихгүй хүн үү гэсэнд Ши Ин ичингүйрч тонгойн суув. Тэр хэр нэгэнт орой болсон тул тарцгаасныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Юань Ян явсаар хүрээлэнгийн үүдэнд очтол, хаалга сул байв. Энэ үед хүрээлэнгийн дотор хөл татарч, ганцхан жасааны гэрт зул гэрэлтэн тунгалаг саран огторгуйд мандаж харагдана. Юань Ян хүн дагуулсан ч үгүй, дэнлүү барьсан ч үгүй, хөнгөн шингэн алхалсаар очиход нь жасааны эхнэрүүд мэдсэнгүй. Аятайхан газар олоод шингэн мөр үзье гэж бодоод зөргөөр уруудан хиймэл уулын арын гавирын модны дэргэдүүр өнгөрсөн том чулууны дэргэд очвол, хувцас хунарын чимээ гарах шиг болов. Цочисхийн харвал, хоёр хүн, түүний бараанаар, сөөг дотор шурган нуугдах гэж байв. Юань Янгийн нүд хурцаас гадна сар саруулхан тул улаан хүрэмтэй, өрөвгөр гэзэгтэй, махлаг биетэй нь Ин Чүний гэрийн Сы Чи болохыг танив. Юань Ян түүнийг бусад охидын хамт бие засахаар явж байгаад, өөрийг нь айлгах гэж байна хэмээн санаад “Сы Чи, гарч ирэхгүй байж байгаад намайг айлгах санаатай байгаа бол би хулгайч байна, бариарай гэж хашгирч хүн дуудна шүү. Ийм том болчихоод хүүхэд шиг бас л өдөр шөнөгүй тоглож наадаж байна уу” гэж хэлэв.

Энэ нь түүнийг дуудаж байгаа Юань Янгийн тоглоомын үг боловч “Сэвтэй хүн сэжиг ихтэй” гэгчээр охин өөрийн нь явдлыг мэдчихлээ гэж бодоод, бүр ч хашгирч олонд мэдүүлбэл бүр ч муухай гэж айгаад, бас ч гэж Юань Ян өөрт нь сайн байдаг болохоор сөөг дотроос гүйн гарч ирээд газарт сөгдөж “Эгч минь, битгий хүн дуудаарай” гэж гуйв. Юань Ян учрыг нь ололгүй, татан босгоод “Юу болоов” гэж асуув. Сы Чи үг дуугүй, чичрэн зогсоно. Юань Ян гайхан цааш нь харвал нэг хүн сүүтэгнэж бүдэг бадаг үзэгдэх нь нэг бүстэй боол шиг санагдсанд байдлыг гадарлаад өөрөө эвгүй байдалд оров. Ичиж улайн зүрх нь түгшиж сандрав. Гэвч төдөлгүй тайтгараад Юань Ян “Тэр юүн хүн бэ” гэсэнд охин дахин сөгдөөд “Миний бүл ах юмаа” гэв. Энэ үгийг дуулаад Юань Ян хэлэх үгээ олохгүй ичингүйрч хэлэх үггүй болоод дэмий л газарт хий нулимав. Сы Чи ч тайвширч эргэж хараад

-Чи нуугдах хэрэггүй. Энэ эгч хэдийн харчихжээ гэсэнд мөнөөх боол гүйж ирээд сөгдөн, тахиа будаа түүж байгаа юм шиг тонголзон мөргөл хийнэ.

Юань Ян эргээд явах гэтэл охин сөгдөж уйлан

-Бидний амь нас эгч таны гарт байна. Эгч минь амь авраач гэж гуйв. Юань Ян,

-За чи дэмий олон юм битгий үглээд бай. Түүнийгээ түргэн явуул. Би хэнд ч хэлэхгүй гэж хэлэв.

Энэ үед жижиг хаалганы тэнд “Жин охин гадагш гарсан тул хажуугийн хаалгыг оньсолтугай” гэх дуун гарав. Юань Ян, Сы Чигээс салж чадахгүй байсан тул яаран “Би энд байна. Түр хүлээж байгаад намайг гарсан хойно хаагаарай” гэж хэлсэнд цаадах нь арга буюу түүнээс зуурахаа больж тавив. Дараа нь юу болсныг мэдсүгэй хэмээвээс хойших бүлэгт үзэгтүн!

 

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж