Бээжин хотноо өнөөдөр өглөө /2018.03.05/ эхэлсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их хурлын анхдугаар чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй тус улсын нам төрийн төлөөлөгчид оролцсон. ХКН-ын XIX их хурлаас хойш болсон анхны томоохон хуралд БХБТИХ-ын 2980 төлөөлөгч оролцож байна. Энэ үеэр тус улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчян “Засгийн газрын ажлын тайлан”-гаа тавьж 2018 онд дэвшүүлсэн хөгжлийн зорилтоо тогтоов.
Үүнд ДНБ-ний хэмжээг 6.5 орчим хувиар өсгөнө. Оршин суугчдын хэрэглээний үнийн үзүүлэлтийг гурав орчим хувиар өсгөнө. Хот суурин газрын нийт 11 сая гаруй хүнийг ажлын байртай болгоно. Хүн амын орлогын өсөлт, эдийн засгийн өсөлтийг үндсэнд нь тэгшитгэхийн төлөө байна. Экспорт, импортыг тогтвортой хөгжүүлж, олон улсын орлого, зарлагыг тэнцвэртэй байлгана. Дотоодын үйлдвэрлэлийн эрчим хүчний хорогдлыг багасгаж, агаар, хөрсний бохирдлыг бууруулна гэхчлэн зорилтоо тодорхойлжээ.
Мөн ‘Нэг бүс нэг зам” -ын олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Олон улсын хонгилын бүтээн байгуулалтыг ахиулан, зам дагуух боомтын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Олон улсын үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлж, Хятадын боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг гадаадад хүрэхийг дайчилна. Гадаад дахь хөрөнгө оруулалтын бүтцээ сайжруулна. Эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ орон зайг нэмэгдүүлж гадаадын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалтыг тогтвортой нэмэх, гадаад худалдааны тогтвортой хөгжлийг баталгаажуулна гэдгээ БХБТИХ дээр Засгийн газрын ажлаа тайлагнах үеэр мэдэгдлээ.
Түүнчлэн гадаад харилцааны хувьд, “Хятад улс эдийн засгийн даяаршлыг хүчтэй дэмжиж, чөлөөт худалдааг хамгаалан, холбогдох талуудтай олон талт худалдааны хэлэлцээрийг амжилтад хүргэж, бүс нутгийн иж бүрэн эдийн засгийн түншийн харилцаа тогтоох хэлэлцээрийг яаравчлан дуусгана. Ази, Номхон далайн чөлөөт худалдааны бүс, Зүүн Азийн эдийн засгийн хамтын цогц бүтээн байгуулалтаа түргэсгэхэд Хятад улс бэлэн байна. Хятад улс худалдааны маргааныг зөвшилцлөөр шийдвэрлэж, худалдааны ивээх үзлийг эсэргүүцэн, өөрийн хууль ёсны эрх ашгаа тууштай хамгаална” хэмээн онцоллоо.
Дашрамд сануулахад ноднин өдийд буюу 2017 оны гуравдугаар сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч асан, Харвардын их сургуулийн эдийн засгийн профессор Ричард Күүпер хэлэхдээ, “Дэлхийн эдийн засгийн өсөлт урт хугацаагаар зогсонги байдалд орсны дараа сайжирч байгаа ч эмзэг буурай хэвээр байсаар байна. Ийм нөхцөлд худалдааны ивээх үзлийн ямарваа арга барил бүгд дэлхийн эдийн засгийн сэргэлтэд маш хүнд цохилт болох болно” хэмээн мэдэгдэж байсан юм.